УИХ-ын гишүүн Г.Батхүүг “Алтан од” одонгоор шагналаа
УИХ-ын гишүүн Г.Батхүүг Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор шагнав.
2015.04.02

УИХ-ын гишүүн Г.Батхүүг “Алтан од” одонгоор шагналаа

"Монголын авто машин, мотоциклын холбоо"-ны 50 жилийн ойн хүрээнд тус холбооны удирдах албанд үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монголын үндэсний олимпын хорооны шагналуудаар шагнах ёслолын ажиллагаа боллоо. 

Монголын үндэсний олимпын хорооны нэрэмжит шагналын шийдвэрийг тус хорооны удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг бөгөөд "Монголын авто машин, мотоциклын холбоо"-ны Ерөнхийлөгчөөр 1997 оноос хойш ажиллаж буй УИХ-ын гишүүн Г.Батхүүг Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор шагнав. 

Мөн   Дэд Ерөнхийлөгч Ч.Энхбат, С.Нацагдорж   нарыг “Олимпын алдар” одонгоор, С.Лхагвасүрэнг “Олимпын алтан медаль”-аар, Монгол Улсын заан, Олон улсын хэмжээний мастер Ч.Гочоосүрэнг “Алтан очир” одонгоор  тус тус шагнасныг Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн гардуулан өглөө. Энэ үеэр МҮОХ-ны “Алтан Од” шагналаар шагнагдсан, УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн баярын сэтгэгдлийг хуваалцлаа.  Тэрбээр: “Монгол Улсад автомашин, мотоцикл хөгжсөн түүхэн урт хугацаа Монголчуудын хувьд эр зориг, техникийн спортыг хөгжүүлэхэд ололт, амжилтыг хуримтлуулсан он жилүүд байсан.

Мотоциклын спорт хөгжөөд 50 жил болж байна. Энэ хугацаанд Монголчууд тив, дэлхийд нэрээ цуурайтуулсан олон тамирчдыг төрүүлж, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Манай улс Азийн аварга шалгаруулах тэмцээнийг улсдаа хоёр удаа зохион байгуулсан. Цаашдаа дэлхийн мотоциклын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулахаар ажиллаж байна. Мотоцикл гэдэг бидний хувьд хөдөөгийн малчид, бүр бүсгүйчүүд ахуй хэрэгцээндээ хэрэглэж байгаа улмаар спорт болон хөгжиж байгаа сайхан спорт билээ.

Эр зоригийн энэ спортоор хичээллэдэг үе үеийн тамирчдадаа мотоциклын спорт хөгжсөний 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монголчууд зөвхөн мориор биш техникээр олон улсад амжилт гаргаж байгаа амжилтаа улам бататгахын төлөө манай холбоо ажиллана. Манай багийнхан өнгөрсөн 50 жилийн талд нь шахуу энэ багаараа ажилласан. Тиймээс багийнхаа хамт олонд бас баярын мэнд хүргэе ” гэлээ.