Байнгын хорооны дарга Ж.Батсуурь ИНЕГ болон “МИАТ” ХК-ийн удирдлагуудтай уулзав
2015.06.11

Байнгын хорооны дарга Ж.Батсуурь ИНЕГ болон “МИАТ” ХК-ийн удирдлагуудтай уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь өнөөдөр /2015.06.10/ Иргэний нисэхийн ерөнхий газар болон Монголын иргэний агаарын тээврийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбилэг уулзалтын эхэнд иргэний нисэхийн салбарын шинэчлэл, өөрчлөлтийн тухай танилцуулаад, Ази Европын АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэв. Тэрээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал одоогийн хүчин чадлаараа 25 агаарын хөлөг, нэмэлтээр 9 агаарын хөлөг хүлээн  авах боломжтойг дуулгаад, “Хөшигийн хөндий” шинэ нисэх онгоцны буудлын перрон, яваглах зам дээр 20 агаарын хөлөг зогсоох боломжтойг хэлсэн юм. Мөн транзит нислэгийн төслийг танилцуулав.

Төсөл хэрэгжсэнээр хөрш орнуудын хил орчмын хотууд хоорондын агаарын тээврийн үйлчилгээг дэмжих, хөрш зэргэлдээ ОХУ болон БНХАУ-тай агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсыг энэ хоёр улсын хооронд агаарын тээврийн транзит үйлчилгээний төв болох чиглэлийг баримтах, байршлын давуу талаа ашиглан даяаршлагдсан иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болж, Монгол Улсад олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа бий болно үзэж байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн сумдын тогтмол нислэгийг сэргээх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа тухай мэдэгдсэн.

Төслөөр дотоодын агаарын тээврийн үйлчилгээг алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд хүргэхэд чиглүүлэх, төрөөс алслагдсан бүс нутагт агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэх юм байна. Мөн орон нутгийн алслагдсан бүс нутгуудыг холбох, зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээг бүх иргэнд хүргэх зорилгоор алслагдсан бүс нутагт болон сумдад агаарын тээврийн хуваарьт нислэгийн үйлчилгээг татвараас хөнгөлөх, чөлөөлөх болон нөхөн олговорын бодлогоор дэмжинэ гэж үзэж байгаа аж.

Байнгын хорооны дарга Ж.Батсуурь монголын иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт хийх, цаашид тус салбарын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийг миний бие ахалж, ажлын хэсгийн гишүүдэд УИХ-ын гишүүн Г.Батхүү, С.Дэмбэрэл, Д.Зоригт, Ө.Энхтүвшин нар багтаж байгаа гэлээ. Мөн тэрээр иргэний нисэхийн салбарт ямар үйлчилгээ нэвтрүүлэх, ямар шинэ технологийг нутагшуулах тал дээр байнга санаж, гадны орнуудын тэргүүн туршлагыг тогтмол судалж байх хэрэгтэйг сануулсан юм.

Түүнчлэн стандартад нийцсэн, өрсөлдөх чадвартай, зах зээлийн орон зайгаа үргэлж хадгалж ажиллахыг захилаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг энэ салбарт ямар хүндрэл бэрхшээл байна, түүнийг төр засгийн зүгээс хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр санал гаргаж, шийдвэр гаргагчдад зөв ойлголт өгөх зорилготой гэдгийг онцолсон юм.

Дараа нь “МИАТ” ХК-ын дэд дарга Н.Ганболд байгууллагынхаа үйл ажиллагааны талаар Байнгын хорооны дарга болон ажлын албаны ажилтнуудад мэдээлэл өглөө.

МИАТ-ийн агаарын хөлгийн паркд Боинг 767-300 маркийн онгоц 2 ширхэг, Боинг 737-800 маркийн 3 ширхэг онгоц нислэг үйлдэж байгаа аж. “МИАТ” ХК нь 2014 онд ХБНГУ-ын Франкфурт Майн, Япон Улсын Токио хотын Ханеда, Сингапур, Хамбумбат зэрэг 4 чиглэлд шинээр нислэг үйлдэж эхэлжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.