УИХ-ын даргаас болж 124 хуулийн эцсийн шийдвэр гарахгүй хүлээгдэж байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.06.10

УИХ-ын даргаас болж 124 хуулийн эцсийн шийдвэр гарахгүй хүлээгдэж байна

УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг “Морин цаг” мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцлоо.

Тэрбээр, “Энэ оны гуравдугаар сарын 30-нд УИХ-ын дарга захирамж гаргаж, хаврын ээлжит чуулганаар 33 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх дараалал тогтоосон. Хаврын чуулган завсарлахад 20 хоног үлдсэн. Хуулийн дагуу долоодугаар сарын 01-нд хаврын чуулган завсарлах ёстой. Одоогоор хаврын чуулганы хугацаанд 3 хууль баталж, 21 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Мөн өргөн мэдүүлээд хэлэлцэж байгаа 3, өргөн мэдүүлээгүй 6 хуулийн төсөл байна.

Сүүлийн үед дараалалд ороогүй хууль, тогтоолын төслүүд их хэлэлцэж байгаа. Тухайлбал, Засгийн газраас нэн яаралтай хэлэлцэх горимоор өргөн мэдүүлсэн “Засгийн газрын тусгай сангийн тухай” хуулийн төсөл, “Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлзэрэг жагсаалтад ороогүй 16 хууль, тогтоолын төслийг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-д өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэхдээ хойрго хандах асуудал гарч байна гэж болно” гэлээ.

Түүнчлэн, “УИХ-д өргөн мэдүүлсэн нийт 124 хуулийн төсөл байгааҮүнээс хэлэлцэж эхлээгүй 68, эцсийн хэлэлцүүлэгт байгаа нэг, Байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үед гацаанд орсон 55 хуулийн төсөл байна. Нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор УИХ-ын гишүүд хууль санаачилдаг. Тийм учраас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийг хуулийн дагуу хэлэлцэх асуудлын дараалалд оруулах шаардлагатай гэж үзэж байна.

МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцүүлэгт орохгүй байна. Хаврын чуулганд манай бүлгээс 28 хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Эдгээрээс 20 хуулийн төслийн хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн малчдын тэтгэвэрт гарах хугацааг богиносгох, ажилласан жилийг 1.5 жилээр тооцох, тэтгэврийн шимтгэлийг хавар, намар төлүүлдэг байх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн.

Гэхдээ анхны хэлэлцүүлэгт орохгүй гацаанд орсон байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан.

Эдгээр нь ард иргэдийн дунд хүлээлттэй байгаа хуулийн төслүүд. Тиймээс Нийгмийн бодлого, соёл боловсролын Байнгын хороон дээр энэ асуудлуудыг байнга хөндөж, тодорхой эсэргүүцэл үзүүлж байгаа. Аж ахуйн нэгжүүдийн албан татварын  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу аж ахуйн нэгжүүдийн жилийн борлуулалтын орлогыг нэг хувьд хүргэх хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн боловч одоог хүртэл хэлэлцэхгүй байгаа. Төрийн албаны тухай хууль 2012 оноос хойш хэрэгжихгүй байгаа гэж хэлж болно. Тус хуулийн  шинэчилсэн найруулгыг Су.Батболд нарын гишүүд өргөн барьсан боловч мөн л одоог хүртэл орж ирэхгүй байгаа гэв. 

АН тэтгэврийн насыг уртасгаж эрэгтэй 62, эмэгтэй 60 болгох санал тавьсан. Манай намаас энэ асуудлыг судалж үзэх гэсэн байр суурьтай байсан. Мөн НД-ын хувь хэмжээг нэмэгдүүлье гэсэн санал оруулж ирсэн. Өнөөдөр 14 хувь байгаа. Үүнийг 50 хувийг хувь хүн, хагасыг нь байгууллага төлдөг. Үүнийг нэмж 19 хувь болгож хүн хүн ес, байгууллага 10 хувийг төлдөг болгоё гэсэн санал оруулж ирсэн. Үүнийг МАН хэвээр нь үлдээх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Эдгээр асуудлаас бол МАН-ын бүлэг завсарлага авсан. 

УИХ-ын даргын үзэмжээр хэлэлцэх асуудлын дараалал тогтоогдож байна. Үүнээс болж хууль санаачлагчдын өргөн барьсан олон хууль хэлэлцүүлгийн шатандаа байна. Нийт 124 хуулийн эцсийн шийдвэр гарахгүй хүлээгдэж байна” гэлээ.