О.Баасанхүү: АТГ ”Петро Чайна Дачин Тамсаг” компанийг хамгаалж байна
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.06.09

О.Баасанхүү: АТГ ”Петро Чайна Дачин Тамсаг” компанийг хамгаалж байна

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр Дорнодын талд газрын тосны олборлолт явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн талаарх ноцтой баримтыг энэ үеэр дэлгэв. 

Уг компани нь Монголын газар нутагт 23 жил үйл ажиллагаагаа явуулахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй байна. Тухайлбал, бүтээгдэхүүн хуваахгэрээний дагуу 200 км засмал замыг Дорнод аймгийн газар нутагт тавих үүрэгтэй ч өнөөдрийг хүртэл тавиагүй аж. Мөн монгол ажилчдыг ажиллуулах ёстой ч ажиллуулалгүй өдийг хүрсэн байна.

Сүүлийн үед тус компанийн зөрчил хэрээс хэтэрч байгаа учраас МХЕГ-аас 560 сая төгрөгийн торгуулийг тавьжээ. Мөн Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас 1 тэрбум 400 сая төгрөгөөр тус компанийг торгосон байна. Ер нь энэ компанитай холбоотой иргэдийн гомдол, санал Өргөдлийн байнгын хороонд ихээр ирж байгаа аж. Тиймээс тус байнгын хорооноос ажлын хэсэг гарч “Петро Чайна Дачин Тамсаг” компанийг шалгаж эхэлсэн байна.

Уг ажлынхаа хүрээнд ирэх пүрэв гаригт Дорнод аймагт ажиллаж газрын тосны олборлолт хийж буй газарт өөрсдийн биеэр хяналт шалгалт хийхээр болжээ. Тус ажлыг хэсэг “Петро Чайна Дачин Тамсаг” компаниас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах аж.

Уг компанийг шалгах явцад нэг зүйл тод ажиглагдаж буй талаар Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэллээ. Тэрбээр “Дачин Тамсаг компанитай холбоотой мэдээллийг төрийн зарим байгууллагаас авах гэтэл өгөхгүй байна. 

Уг нь туслалцаа, дэмжлэг үзүүлэх ёстой биз дээ. Энэ компанитай холбоотой улс төрчдийн лобби байгаа гэж хардаж байна. Ялангуяа АТГ тус компанитай холбоотой материалыг ирүүлэхгүй хаацайлж, хамгаалж байгаа. АТГ-т ингэх ямар шалтгаан байна вэ” гэж хэлсэн юм.