Учиртай дөрвийн ээлжит мэдэгдлүүд
УИХ дахь нам эвслийн бүлгүүд мэдээлэл хийв
2015.06.08

Учиртай дөрвийн ээлжит мэдэгдлүүд

Уламжлалт ёсоор нам, эвслийн бүлгүүд долоо хоногийн эхний өдөр хуралдаж цаг үеийн асуудалд өөрсдийн нэгдсэн байр суурийг

Бие даагчид гэдэг нэртэй Оюутолгой үргэлж дагалддаг

Засагт хамтраагүй бүлэг хүмүүс бол УИХ дах бие даагчдид. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа талаарх мэдээлэл цахим мэдээллийн хэрэгслээр хүчтэй тарсан.

Харин энэ тухай тэд “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан нь улс  орны эрх ашигтай харшилж байна” гэж  нэр бүхий гишүүд мэдээлэх болсон. Уг төлөвлөгөөг үзэглэсэн асуудлаар Г.Уянга тэргүүтэй 19 гишүүний гарын үсэг цуглуулж, Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолын төсөл өргөн барихаа мэдэгдээд байгаа. Өнгөрөгч  долоо хоногт  уг саналд 17 гишүүн гарын үсэг зурсан гэж байсан ч өнөөдөр УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийх үеэр 10-аад гишүүн гарын үсэг зурсан гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Анх 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж байсан боловч өнөөдөр зургаан тэрбум болсон. Энэ мөнгөний 34 хувийг Монголын Оюутолгой төлнө. Ийм хариуцлагагүй гэрээнд гарын үсэг зурсан Ерөнхий сайдад хариуцлага тооцох хэрэгтэй. Намын бүлгүүд дээр ажлын хэсэг гарсан байна билээ. Намууд ч энэ чухал асуудал дээр хариуцлагатай хандах ёстой" гэсэн юм.

Тэгэхээр 17 гишүүн гарын үсэг зурсан гэдэг  зориудаар тараасан ташаа  мэдээлэл болж таарах нь. 

34 хувийг Үндсэн хууль зөрчинө гэв

Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр хоёр асуудал хэлэлцжээ.

Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй хэмээн үзжээ. Засгийн газар төсөлдөө тус ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34 хүртэл хувь байхаар тусгасан юм.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг дээрх ордод төрийн эзэмшил 34 хувь байх нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Гацууртын орд 100 хувь ард түмний өмч байтал 34 хүртэл хувь ээзэмшинэ хэмээн оруулж ирэх нь Сентерра гоулд компанийн 34 хувийг эзэмших асуудал болж хувирч байгаа тул энэ асуудлаар ажлын хэсэг гаргаж ажиллахаар болжээ.

Бүлгээр хэлэлцсэн дараагийн асуудал нь нийгмийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төсөл аж. Тус төсөлд албан татвар, НДШ төлөөгүй, үл хөдлөх хөрөнгө болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй Хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан далд байгаа хөрөнгө орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа ажил үйлчилгээг хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн, тайлагнасан, бүртгүүлсэн нөхцөлд хүлээх хариуцлагаас чөлөөлөх, албан татвар хүү, торгууль алданги нөхөн ногдуулахгүй байх нэг удаагийн зохицуулалт хийхээр тусгасан юм. Энэхүү зорилтот хэсгийг өөрчлөхгүйгээр төслийг дэмжих боломжгүй гэж үзжээ.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл нь далд байгаа хөрөнгийг ил болгох ёстой, түүн рүү чиглээгүй, Эдийн засгийн өршөөлийн хууль ч юм шиг хоёрдмол утга агуулж байна гэж үзсэн талаар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ хэллээ.

Тэд Гацууртын ордын 34 хувийг дэмжиж байна

Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын хаврын чуулганы хугацаанд батлах шаардлагатай байгаа хуулиудыг эрэмбэлэх асуудал, Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах  тухай хуулийн төслийн талаар  Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд бүлэгтээ мэдээлэл хийсэн байна. 

Энэ талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Энэ асуудлаар бүлэг ярилцаад зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. УИХ өнгөрсөн жил Гацууртын ордыг ашиглах шийдвэрээ гаргасан байдаг. Өнөөдөр эзэмшлийн хувь хэмжээг ярилаа. Засгийн газар тухайн компанитай тохиролцсоны үндсэн дээр 34 хувийг эзэмших гэрээний шийдвэрт хүрсэн байна.

Гэхдээ 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр гэдгээр орлуулж авья гэдэг шийдвэрт хүрсэн тухай тогтоолын төсөлд тусгасан. Ялгаа нь 34 хувийг эзэмших юм бол тухайн аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалтын 34 хувьтай дүйхүйц хэмжээний хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар гаргах шаардлагатай. Үүнийг хийхийн тулд олон ажил хийх ёстой.

Тухайлбал, Гацууртыг эзэмшиж байгаа компанийн хөрөнгө оруулалтын дахин тооллого, үнэлгээ гэх мэт ажил хийх учраас цаг үрсэн олон ажил давхардаж байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, ашигт малтмалын тусгай төлбөр авъя гэсэн шийдлийг Засгийн газар оновчтой шийдэл гэж оруулж ирсэн. Үндсэндээ 34 хувийн эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөс төлж байгаа тогтоолын төсөл юм" гэлээ.

Түүнчлэн тэрээр эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар "Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Эдийн засгийн өршөөлийн хоёр хууль УИХ-д өргөн баригдсан. Одоогоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцээд явж байна. Эрүүгийн багц хуулиуд бүрэн гарсны дараагаар Эдийн засгийн өршөөлийн хууль яригдана" гэв.

Харин тэд сайдаас мэдээлэл авна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Гацууртын ордын хувь эзэмшлийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд тодорхой шийдвэр гаргасан талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “МАН-ын бүлгээс гаргасан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг Тэтгэврийн шинэчлэлийн бодлогод суулгасангүй харин ч  нийгэмд эсрэгээр тайлбарлаж байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, арилжааны банкуудтай тохиролцож тэтгэврийн хүүг бууруулах бололцоотой. Ганц тэтгэврийн зээл гэлтгүй эдийн засгийн хүнд үед цалин, орон сууцны зээлийн хүүг бууруулах боломж бий” гэсэн юм.

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Гацууртын ордыг 100 хувь хувийн өмчлөлд байлгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг манай бүлгээс гаргасан. Гэтэл Засгийн газар өнгөрсөн баасан гаригт гэнэт хурал зарлаж,  нэн яаралтай хэлэлцэх гэсэн горимоор 34 хүртэл хувийг төр эзэмших санал оруулж ирж байна. Тиймээс бүлэг Гацууртын ордын хувь эзэмшлийн талаар салбарын сайдаас мэдээлэл авах нь зүйтэй. Энэ долоо хоногт хэлэлцэх боломжгүй гэж үзсэн” тухай тодотголоо.

Мөн тэрээр "Уул уурхайн том төслүүд дээр Засгийн газар  харилцан адилгүй хандаж байна. Нэгийг нь УИХ дээр уяж, заримыг нь ямар ч хараа хяналтгүй хэлэлцүүлж байна. Орд бүр дээр хувийн байр сууринаас хандаж байна гэв. Гацууртын ордын эдийн засгийн үр өгөөжийг нягтлах ёстой гэнэ. Учир нь 10 жилд 250 сая ам.долларын үр өгөөжийг Монгол Улс хүртэнэ гэсэн тооцоолол байгааг нягтлах шаардлагатай" хэмээн онцоллоо.

Дашрамд хэлэхэд энэ долоо хоногт нилээд олон чухал хуулиудыг хэлэлцэнэ. Түүнд Нийслэл хотын албан татварын тухай болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиуд орж байгаа юм.