Сонгуулийн хууль өмнөх хуулиудаас долоон дор болж байна
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2015.06.09

Сонгуулийн хууль өмнөх хуулиудаас долоон дор болж байна

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг УИХ-аас Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллан хууль тогтоох байгууллагад өргөн барихад хэдийнэ бэлэн болоод буй. Уг хуулийн төсөлтэй УИХ дахь МАН-ын бүлэг санал нийлэхгүй байгаа учир гацаад байгаа гэх. Тэгвэл хуулийн төсөлд ямар зүйл заалт тусгахаа хоёр нам тохиролцож, УИХ-д өргөн барихад бэлэн болоод буй аж. Энэ талаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан Х.Болорчулуун хэлсэн. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сонгуулийн нэгдсэн хуульд ямар зүйл заалт орсон бэ?

Сонгуулийн тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Хуульд Монгол Улсыг таван бүс болгож жагсаалтаар оруулж ирэхээр хуульчилж өгсөн байна. Энэ нь УИХ-д олон жил суусан хүмүүс өөрсдийн нэрээрээ гарч ирэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Таван бүсэд нэр дэвшигчдийн нэрийг зоогоод ард нь намыг нь тавина. Ингэхээр ард иргэд өмнө нь сонсогдож байсан хүнийг нэрийг дугуйлахаас биш шинэ гарч ирсэн хүнийг сонгохгүй. УИХ-д шинэ хүн орж ирэхийг хаасан хууль болж байгаа учраас дэмжихгүй байгаа.

-Дөрвөн жил тутамд ялангуяа сонгуулийн өмнөх жил Сонгуулийн нэгдсэн хуульд гар хүрдэг жишиг тогтлоо. Сайн хууль батлаад түүнийгээ ядаж хоёр парламент дамнан мөрдөөд явж болдоггүй юм уу?

2012 оны сонгууль явуулсан хууль тийм ч тааруу байгаагүй. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд дөрвөн жил тутамд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж ирсэн. Ингэхдээ эрх барьж байгаа нам өөрсдийн эрх ашигт нийцүүлэн хуулийг өөрчилж байна гэв.

Дашрамд, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд сонгуулийн санхүүжилтийн талаар нэлээд нарийвчилсан тусгаж өгөөд буй. Тухайлбал, хандивлагч хувь хүн болон хуулийн этгээдийн өгөх хандивын хэмжээ, нэр хаяг, тэнд тавих хяналтыг тодорхой заажээ. Өмнө нь Сонгуулийн ерөнхий хороо хяналт тавьдаг байсан ч нэр төдий явагддаг байсан бол одоо аудитын байгууллага  хяналт тавихаар тусгаад буйг ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа хэлж байсан.

Өөрөөр хэлбэл, нэг хүн, нэг нам, эвслээс дээд тал нь ийм хэмжээний мөнгө гарна, энэ хүрээндээ санхүүжилтээ гаргана гэдгийг зааж өгнө. Түүнчлэн өмнө нь өөрийн хөрөнгөөсөө гаргасан бол тэрийг тайлагнах шаардлагагүй байсан. Тэгвэл одоо тайлагнана. Хувиасаа мөнгөн болон мөнгөн бусаар хөрөнгө гаргаж, сурталчилгаа хийсэн бол заавал тайлагнах юм.

Нэг ёсондоо сонгуулийн санхүүжилт болон хандивын үйл ажиллагаа шилэн дансны зохицуулалтаар явах гэх мэт зүйл заалт орж байгаа ч яг нэр дэвшигчдийг тодруулах тал дээр дээр дурьдсан заалтуудтай УИХ-аар хэлэлцүүлэхээр яригдаж буй юм байна.