Дэлхийн байгаль орчны өдөрт – Уриалга
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2015.06.05

Дэлхийн байгаль орчны өдөрт – Уриалга

Жил бүрийн зургадугаар сарын 5-нд тохиодог Дэлхийн байгаль орчны өдрийг НҮБ-аас“Долоон тэрбум хүсэл, Нэг дэлхий, Хэмнэлттэй хэрэглээ”  уриан дор тэмдэглэж байна.

Дэлхийн байгаль орчны өдрийг анх 1972 онд тэмдэглэж эхэлсэн бөгөөд байгаль орчинд ээлтэй үйлс хийхэд дэлхий нийтийг чиглүүлдэг хамгийн олон хүнийг хамарсан онцгой өдөр юм. Энэ өдрийг тохиолдуулан Нэгдсэн үндэсний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн газраас байгаль орчны асуудал бол  иргэн бүрт хамаатай асуудал гэдгийг ойлгуулж,     улс орон бүхний  иргэн бүрийн зөв хэрэглээнээс эх дэлхийн оршин тогтнохуйн асуудал хамаарна гэдгийг ухамсарлуулан ойлгуулах ажлыг хийдэг билээ. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги  Мүн   2015 оны Дэлхийн байгаль орчны өдөрт зориулсан илгээлтдээ  “Тогтвортой хөгжлийн зорилт нь хүрээлэн буй орчны доройтлыг одоо байгаагаас ихэсгэхгүйгээр дэлхийн бүхий л хүн ардын амьдралын чанарыг  сайжруулахад чиглэж байна. Ингэхдээ  ирээдүй хойч үедээ өвлүүлэх байгалийн баялаг нөөцийг бууруулахгүй байлгахад оршиж байгаа юм.

Бид хамтдаа эрчим хүч, ус, бусад байгалийн нөөцийг  бага зарцуулдаг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хоол хүнсний хаягдал бага гаргах гэх мэт хэрэглээндээ  өөрчлөлт  хийж   чадна” хэмээн өгүүлжээ. Мөн дэлхий нийтийн хүн ардад хандан өөрсдийнх нь хийж буй сонголт    хүрээлэн буй орчинд ямар үр дагавар учруулж буйг бодож үзэхийг уриалсан байна.

Энэ уриалга дэлхийн долоон тэрбум хүний нэг хэсэг болсон гурван сая монголчууд бидэнд бусдын адил хамаатай юм. Монгол орны үзэсгэлэнт байгаль харьцангуй онгон дагшин хэвээр байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөллөөс тулгамдсан асуудлууд хуримтлагдаж, байгаль  эх дэлхийдээ ээлтэй хөгжлийн алхаанд хөл нийлүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Үнэхээр долоон тэрбум хүний хүсэл эх дэлхийдээ эрүүл, аюулгүй, аз жаргалтай амьдрах билээ. Хүн бүр байгаль орчиндоо ээлтэй, хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлж чадвал сая тэр хүсэл биелнэ.

Бидний өдөр тутмын амьдралд ус, эрчим хүч, цаасаа хэмнэх, гялгар уутны хэрэглээгээ багасгах, орчин тойрноо цэвэрлэж, хоол хүнсний хаягдлаа багасгах, ажил руугаа алхаж очих, дугуй унах, хог хаягдлаа ангилан ялгах гэх мэтээр өнөөдрөөс эхлэн хийж, хэвшүүлэх энгийн атлаа эх дэлхийдээ оруулах том хувь нэмэртэй олон ажил бий.

Тийм учраас хүн бүрийг өөрөөсөө эхлэн өөрчлөгдөж, байгаль эх дэлхийнхээ төлөө хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлж, долоон тэрбум хүслийг биелүүлэхийн төлөө өдөр бүр хичээхийг уриалж байна.

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол