Улстөрд эрх ашгаа эрэмбэлж чадахгүй бол, ерөөсөө улстөр хийх хэрэггүй
УИХ-ын гишүүн БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол
2015.06.05

Улстөрд эрх ашгаа эрэмбэлж чадахгүй бол, ерөөсөө улстөр хийх хэрэггүй

УИХ-ын гишүүн БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхоролтой ярилцлаа

-Ойн хээрийн түймрийг унтраахад нэлээд бэрхшээлтэй, улаан гараараа нүдээд тэр болгон бүрэн унтрааж чадахгүй. Бусад улс орнуудын жишгээр онгоцоор унтраах боломж байдаггүй юм уу. Жишээлбэл БОНХАЖЯ юмуу Онцгой байдлын газарт түймэр унтраадаг тусгай нисдэг тэрэг авчих боломж бий юу? 

Ер нь манайх цаашдаа Онцгой байдлын газартай ойн түймэр болон хээрийн янз бүрийн түймрүүд гарахад яаралтай арга хэмжээ авах, хүний гар хүрч чадахгүй байгаа тэр хэсгүүд дээр үнэхээр ийм техник, тоног төхөөрөмж дутагдаж байна. Цаашдаа улс орон маань мөнгө төгрөгтэй болвол ядаж ийм гал түймэр,осол аваарын үед, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед хэрэглэх онгоцтой болох зайлшгүй шаардлагатай. 

-Төрийн ордонд хүртэл гал гарлаа. Тэр юутай холбоотой байсан бэ. Танд ер нь эх сурвалжаас авсан мэдээлэл байна уу. Засгийн газар нь хуралддаг танхим шатчихсан. Одоо Засгийн газар хаана хуралдаж байгаа вэ?

Төрийн ордонд гал гарсныг хэвлэлээс л олж харсан. 

-Та тэр үед ордонд байгаагүй юм уу? 

Ордонд байгаагүй. Гал гарч байна гэдгийг хэвлэлээс л мэдсэн. Ер нь бол гал гарахад бэлэн биш байгаагаа л бид нар харуулсан байх. Нөгөөтэйгүүр шугам нь л гэмтэл авсан гэсэн. Цахилгааны шугамын гэмтлээс болж гал гарсан гэж дүгнэсэн байна лээ. Засвар хийгдэж байгаа. Одоогоор Засгийн газрын хуралдаан “Нутгийн удардлагын танхим”-д болж байгаа. Товчхондоо том л сануулга болсон.

-Хоёр, гурван сайдтай холбоотой асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дээр нээлттэй сонсгол зохион байгуулсан. Төрийн албан хаагчдыг намаар нь ялгаварлан гадуурхаж олноор нь ажлаас халсан талаар гомдол шүүмжлэл, ялангуяа АН-ын зүгээс гарсан. Та АН-ын гишүүдийг халаад өөрийнхөө намын хүмүүсийг яамандаа авчихсан юмуу? 

Сайдын ажил авчихаад надад олон янзын сонин сэтгэгдлүүд төрж байсан. Би анх удаагаа сайд болж үзсэн. Төрийн алба ийм байдалтай байдаг гэж ойлгоогүй. Байгаль орчны чиглэлээр олон хууль батлагдаж гарсан байдаг. Монгол Улсын УИХ-ын шийдвэрүүд бүгд гарсан. Засгийн газраас гарах ёстой шийдвэрүүд нь гарсан. Түүний хэрэгжилт яаман дээр ирээд зогсдог байж. Олон хуулийн дүрэм, журам боловсрогдож гараагүй. Ажлаа хийдэггүй олон хүмүүс эрхэлдэг, хэн нэгэн нам, хэн нэгэн дарга сайдын ивээл дор багтдаг.

Тэрийгээ миний амьдрах орон зай гэж ойлгодог. Тийм байж болохгүй ээ. Тийм учраас мэргэжлийн баг ажиллах ёстой. Чадвартай хүмүүс нь ажиллах ёстой. Чаддаггүй хүмүүс нь зайгаа тавиад өгөхөөс өөр аргагүй. Би тийм л зарчим барьсан. Түүнээс өөр намчирхсан, талцсан, хуваасан юм байхгүй. Өнөөдөр ч энэ яаман дотор мэргэжлээрээ сайн ажиллаж байсан тэр баг, тэр чигээрээ л ажиллаж байгаа. 

-Төрийн алба дөрөв дөрвөн жилээр аль нам ялснаас хамаараад хоноц­­ийн сэтгэлгээгээр солиг­доод байна. Жишээлбэл БОНХАЖЯ дээр шинэ баг бүрдэж байна гэхээр дандаа танай намын хүмүүс гэсэн үг үү? 

Биш ээ. Одоо бол манай 116 хүн, харъяаны дөрвөн агентлагаас солигдсон хүн байхгүй. Манай яаман дотор л 27 хүн өөрчлөгдсөн байх. Тэдгээр хүмүүсийн тухайд төрийн алба, сайдын ажлын алба гээд угаасаа солигдох ёстой албан тушаал байсан. Сайдын ажлын алба гэж ойлгож болно. Жишээлбэл тэр зургаан хүн, намайг дагаж л ажиллах хүмүүс. Нэг туслах, жолооч тэнд хамаарна. Ер нь аливаа асуудлыг яаж, ямар өнцөгөөс харах нь л гол асуудал байдаг юм байна.

Түрүүлж төрийн албанд орсон хүн л ингээд хөдөлгөөнгүй сууж байх ёстой юм шиг үзэж байна. Өмчлөх гэж үзэж байна. Би энэ асуудалд өөр бодолтой. Төрийн алба гэдэг бол орсон нэг өдөр байхад гарах нэг өдөр байдгийг ажил хийж байгаа хүн бүхэн ойлгодог байх хэрэгтэй. Тэгээд солигддог, өөрчлөгддөг тэр жамаараа л яваг. Үнэхээр сайн ажилладаг бол дараагийн ирсэн сайд түүний баг, тэр хүнийг уриад ажиллуулна.

Тийм нөхцөл боломжоор нь ч гэсэн төрийн албаны тухай хуулиар олгоод өгөх ёстой. Энэ салбарын бүхий л асуудлыг Монгол Улсын засгийн газрын өмнөөс та хариуц гээд байх шиг байгаа юм. Гэтэл яг тийм эрх мэдлийг нь өгдөг юмуу гэхээр өгдөггүй юм шиг байгаа юм. Томилгоогоо хийх эрх мэдэлгүй ийм сайд хэнээс, ямар ажил хий гэж шаардах юм. Энэ чинь их хэцүү. Тийм учраас би зоригтой ажил хийх багийг оруулан ирж заримыг нь ажиллуулсан. Түүнийхээ бүх тайлбаруудыг нь холбогдох газруудад нь бичиж, яриад л хэлээд л өгсөн. 

-МАНАН-гийн Засгийн газар ажиллаж байна. Танай хоёр нам хоорондоо хэр зэрэг эв түнжинтэй байдаг вэ? 

Одоогоор бид нарт ноцтойгоор мэдрэгдсэн юм байхгүй. Ер нь бол Монгол Улсын Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг юм байна, ажиллаж байна, одоо ч тэгж байна. Ерөнхий сайд нь нэг л зүйлийг сайд нарт хэлдэг юм байна. Үнэхээр салбартаа та ерөнхий сайд шиг ажиллаарай, ажлаа та өөрөө л хий. Энэ асуудалд чинь бид хэд ерөөсөө оролцохгүй шүү. Та яг наад салбраа өөрөө мэдээд л өөрөө удирдаад явна шүү. Ингээд итгэл хүлээлгээд, хариуцлагыг нь үүрүүлчихдэг юм байна. Тийм учраас би зөв юм байна л гэж ойлгоод байгаа.

Тэгээд УИХ дээр ч юм уу, бүлгүүд дээр ч юм уу янз бүрийн тиймэрхүү хэлж байгаа гишүүд хааяа гарч л байдаг. Улстөр ер нь дандаа л юмыг олон өнцөгөөс хардаг. Тэр болгоныг учиргүй цочиж хүлээж аваад, одоо яах гээд байгаа юм бол гэж боддоггүй. Магадгүй тийм цочироо нь гарчихсан ч юм уу гэж боддог. Гэтэл тэр хүмүүсийн хэлж байгаа асуудлыг тэр талаас нь харах, эсвэл хийх ёстой юм байна гэж хүлээгээд авчихдаг. Харин одоо бол дутуу хийж байгаа юмаа гүйцээгээд хийе л гэж боддог. 

-Танай намын бүлгийн гишүүд Засгийн газраас гаръя, тэгэхгүй бол 2016 онд олонхын санал авч чадахгүй гэсэн бодолтой нь давамгайлж байх шиг? 

За яг хувь хүмүүс юу бодож, юу тээж явдгийг сайн хэлж мэдэхгүй. Зүгээр тэгж боддог хүмүүс байгаа бол өөрсдийнх нь бодол байх. МАН бол нэг үндсэн дүрэмтэй улстөрийн том хүчин. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу хамтарсан Засгийн газарт орох асуудал шийдэгдсэн. Орсон сайд нарыг ажил төрлөө хариуцлагатай сайн хийж, намын Удирдах зөвлөл дээр, намын бүлэг дээр, намын Бага хурал дээр ажлаа тайлагнана шүү гэсэн. Бид тэр зарчимынх нь дагуу л ажлаа хийгээд, тайлагнаад явж байгаа.

Тэгэхээр хэн нэг хувь хүний эрх ашиг, түүний сонирхолд нийцсэн шийдвэрүүдийг одоохондоо авч хэлэлцэхгүй. Манай нам бол яг л дүрмээрээ, намын бага хурал хэрвээ тэгж авч үзээд олонхиороо шийдвэр гаргавал засгаас гарах ёстой гэсэн тийм шийдвэрийг гаргах байх. Зүгээр өнөөдөр улс орны эдийн засаг иймэрхүү байгаа цаг үед энийг сайжруулж, засаж залруулья, хамтарч ажиллъя гэж засагт орсон нь хамтын шийдвэр байсан.

Энэ шийдвэрийнхээ төлөө л ажиллаж яваа. Энэ улс орны эдийн засаг, тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал гэдэг бол ямар ч намд хамааралтай. Монголын ард түмний амьдрал уруудаж доройтох нь хэнд хэрэгтэй юм. Хэний захиалга юм. Тийм учраас аль болохоор улстөрчид бие биенийгээ бага нулимж, тургих хэрэгтэй л гэж би боддог. Тэр зүйл нь хэтэрхий их савнаасаа халиад байна уу даа гэсэн бодол төрдөг. 

-Танай Засгийн газар ажил хийхэд нилээд олон дайсан, олон гацаа, саад, байх шиг байна. Ялангуяа Оюутолгой, Тавантолгойн асуудлаар УИХ-аас нилээн ширүүн эсэргүүцэл үзүүлж байна. Сая ерөнхий сайд Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотноо Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зураад ирлээ. Энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурах талаар Засгийн газрын гишүүд мэдэж байсан уу? 

Ер нь бол Оюутолгойн удирдлагуудтай Дубайд уулзана гэдгээ ярилцсан. Далд уурхайгаа явуулж, Оюутолгойгоо явуулаасай гэдгийг Монгол даяараа л ярьж байгаа. Энэ том хоёр төсөл хэрэгжээсэй, хэрэгжүүлээсэй, энэ улс орны эдийн засаг хүндхэн байдалд байна гэдгийг бид нар бүх л түвшиндээ ярьж байгаа. Зүгээр ойлголтын зарим нэг их зөрүү гарах юм. Зарим нь хэт их хардах юм.

Ер нь өнөөдөр гүйцэтгэх засаглал Ерөнхий сайд гэдэг хүн бол Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ажлаа хийх л ёстой. Энэ хүнийг ажил хийлгэх боломжийг нь өгөх гээд ч байгаа юм шиг, заримдаа өгөхгүй ч юм шиг ийм байдал илт анзаарагдах юм. 2009 оны Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлтүүд оруулахгүй ээ. Энийгээ сайжруулаад, чамбайруулаад цааш нь явуулаа гэсэн. Тэр гэрийн даалгаварийнх нь дагуу л процессууд явж байгаа. Тэр ажлын төлөвлөгөөнд нь бол гарын үсэг зурсан байна.

Мэдээж одоо зах зээлийнх нь жамаар аж ахуйн байгууллагуудынх нь үйл ажиллагаа яаж явдаг юм тэр дүрмээр нь явуулаад л татвараа аваасай л гэж бодож байгаа. Өнөөдөр анх удаагаа 2015 онд Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт тэг дүнтэй, хасах бланстай гарлаа. Урьд нь ийм зүйл байгаагүй. Гадны хөрөнгө оруулалт ямар нэг хэмжээгээр орж ирдэг байсан. Бид нар өнөөдөр гадны хөрөнгө оруулагчдаа ямар нэг байдлаар үргээж байна. Үргээж байгаагаа бид нар янз бүрээр тайлбарладаг.

Зарим нь эх орноо бодсонгүй, эх орноо худалдчихлаа гэнэ. Зарим нь гадныхан орж ирж бидний хамаг эд баялгийг авч явчих гээд байна гэж үздэг. Өнөөдөр дэлхийд хөгжсөн бүх улс орнууд гадны хөрөнгө оруулалтыг хэр зөв татаж чадсанаараа, менежмент хийснээрээ тухайн улс орнууд хөгжиж байна. Эдийн засаг ингээд унаад байхаар би юу гэж хардаг юм гэвэл үүний цаана хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй байна.

Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа таг зогсож байна. Олон аж ахуй нэгжүүд үүд хаалгаа хааж байна. Яагаад өнөөдөр Монголын валютын нөөц хомсдож байгаа юм. Яагаад өнөөдөр ноён доллор Монгол Улсаас зугтаж байна. Ноён долларын ханш өснө гэдэг иргэн Дорж болгоны амьдралд нөлөөлж байгаа гэдгийг хүн болгон ойлгох цаг нь бол болчихсон.

Ойлгож байгаа. Тийм учраас том төслүүд явчихаасай л гэж бодож байна. Энд ямар нэг эрх ашиг байдаг, алдаа оноотой зүйл байж магадгүй ээ. Сая Тавантолгойн гэрээний асуудлаар анхаарлаа хандуулах, засч залруулах юм байсан шүү гээд ажлын хэсэг гараад, засч залруулаад, ярилцаад, алдаа оноог нь дэнслээд сууцгааж байна. Бид нар ер нь ингэж чаддаг ард түмэн байхгүй юу. 

-Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх ажлийн хэсэг байгуулагдсан нь хэр зөв юм бэ. УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчигдлөө гээд танай намын зарим гишүүд шүүмжлээд байгаа. Үнэхээр энэ ажлын хэсэг энэ гэрээг их хурал дээр гацаагаад, хэлэлцүүлэхгүй цаг хожоод байна уу гэсэн хардлага гараад байна?

За яахав одоо нэгэнт Монголын ард түмний өвөг дээдсээс үлдээж өгсөн энэ том баялгийг Монголын ард түмэнд хамгийн зөв шударга хэлбэрээр хуваарилж хүртээх тухай асуудал, баялгийн сан бий болгох, улс орны хөгжилд хэрэглэх асуудал дээр хүн болгон анхаарлаа тавьж байна. Тийм учраас УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл учраас тэнд байгаа дуу хоолойгоо нэгтгэж асуудлаа ярих нь зөв. Ганцхан үүнийгээ бизнесийн өнцөгөөс нь хараасай, хувийн эрх ашиг, сонирхолдоо битий хөтлөгдөж тэр асуудалд хандаасай л гэж боддог.

Тийм учраас битий их улс төржүүлээсэй. Эдийн засаг бизнесийн чиглэлийн юмыг тэр бизнесийн, эдийн засгийн харилцааныхаар нь цааш нь хөгжүүлээд цааш нь аваад яваасай л гэж бодож байна. Бид нар ер нь энэ нүүрсийг хэрвээ борлуулж чадахгүй, үнийг нь унагаад байх юм бол ямар их хохирол амсахыг эдийн засгийн агуулгаар нь энэ их хориг тавьж байсан, блоклож байсан хүмүүс тэр хариуцлагыг хүлээдэггүй.

Би одоо боддог л юм. Оюутолгойн гэрээг үзэглэж байх үед нэг тонн нүүрсийг 70 доллараар гаргаж байхад С.Баяр нөхөр бол энийг идэж уулаа энэ бол хачин муу юм боллоо гээд л чичэлж байсан. Өнөөдөр 18, 20 доллароор нөгөө нүүрсээ зарж чадахгүй сууж байна. Одоо энэ асуултад тэр хүмүүсээс хариулт авмаар санагддаг. Тэгэхээр цаг хугацаа гэдэг бол бас л зах зээлийнхээ жамаар л явдаг юм байна

-Та хамтарсан Засгийн газарт анх удаа сайд болсон хүн. Засгийн газрын нэг гишүүний хувиар нөгөө намын Ерөнхий сайдаа өмөөрөөд өөрийнхөө намын гишүүдтэй ширүүхэн маргах асуудал гарч байна уу? 

За гайгүй дээ. Ер нь бол эмэгтэй улстөрчдийг би нэг юмыг илүү их анхаарч, анзаарч, харж,бодож байгаасай гэж боддог. Миний хувьд улстөрд ороод 20-иод жил явж байна. Эмэгтэй хүн гэдэг зохицуулагч, юмыг нэг тийм ойлгуулчих, олон талаас нь түшилцүүлчих тийм нэг хэлбэрийг л голчлон сонгодог. Улам илүү их хурцалж маргалдуулах, илүү их мэтгэлцүүлэх тийм юм битгий их байгаасай гэж боддог. Би угаасаа нам дотроо, бүлэг дотроо ч гэсэн тиймэрхүү л байр суурьтай. Тэгээд багш мэргэжлийн маань бүр үндсэнд нь л тийм бодол байдаг юм шиг байгаа юм.

Тэр шинж чанараараа ч ажилладаг байх. Нөгөө талаас мэдээж Засгийн газар дээрээ яригдсан, Засгийн газраас шийдвэрлэж байгаа асуудлуудаа бол бүлэг дээрээ орж ирж ойлгуулах, хэлэх ярих зүйл байна аа, байлгүй яахав. Мэдээж бүлгээрээ хэлэлцээд олонхын шийдвэр гарвал тэр шийдвэрээ бас дагадаг л даа. Улстөр бол багийн дүрмээр тоглодог. Тэр дүрмээрээ л тоглодог. Энэ бол манай намын их хатуу зарчим. 

- Та улстөрд ороод 20-иод жил болж байна гэж байна. Та энэ хугацаанд парламентэд гурван удаа сонгогдлоо. Таны байдлыг хараад байхад та эрчүүдтэй бууж өгөхгүй, мөчөөгөө өгөхгүй байдлаар маргаж харагддаг. Энэ характер таньд эртнээс байсан уу. Улстөрд ороод ийм бий болсон уу? 

За бараг л байдаг байх. Надад байдаг төрмөл араншин л байх. Улстөр хийж байгаа хүн бүхэнд нэг үнэт зүйл байдаг гэж ойлгодог.Хамгийн гол нь эрх ашгаа зөв эрэмблэдэг байгаасай гэж боддог. Хэрвээ улстөрд эрх ашгаа эрэмбэлж чадахгүй бол, улстөр хийх ерөөсөө хэрэггүй.

Өөрөөр хэлвэл шуналын сэдлээ дарж чаддаггүй хүн бол улстөр хийж тоглох гээд бараг хэрэггүй дээ. Холхон байсан дээр юм шиг санагддаг. Тийм учраас өөрийнхөө зөв гэж бодсон зарчмын асуудал дээр би дарга юм, энэ нь цэрэг юм гэж хэзээ ч ханддаггүй, өөрийнхөө байр суурин дээр хатуу зогсдог. Тэр л миний үнэт зүйл гэж боддог. Тийм ч учраас нэг тийм хатуу ч юм шиг харагддаг байж магадгүй. 

- Та сая хэллээ, шуналын сэдлээ дарж чадахгүй бол улстөрд байгаад хэрэггүй гэж. Та одоо анх удаа сайд болж үзлээ. Танай яаманд тодорхой хэмжээгээр төсөв мөнгө хувиарлагдаад ирж байгаа. Энэ мөнгийг магадгүй та нутаг руугаа арай их, илүү лоббидоод хөрөнгө оруулалт хийчих ч юмуу, эсвэл одоо өөрийн хувийн бизнест ашиглачихъя гэсэн бодол хааяа төрдөг л байх даа? 

Энэ яам маань өөрөө хамгийн сайхан, дандаа л байгаль орчноо хамгаалъя гэдэг онцлогтой. Энэ яаманд тэгж их идэж уугаад, ийш нь тийш нь хувиарлачих нэг их мөнгө байдаггүй. Онцлогтой яам юм. Эсвэл нэг их тендер зарлаад л тэрийг хийлгэнэ гээд байх ажиллагаа байдаггүй. Дандаа л салбар хоорондын байгаль орчныг хамгаалах чиглэлийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулдаг.

Тиймээс тэр асуудал байхгүй гэж хэлж болно. Өөрийн тань асуусан шиг элдэв зүйл рүү зүтгэж ороод, хууль бус юм хийгээд байх хэрэгцээ, шаардлага байдаггүй яам юм байна. Олон жил улстөрд явсан хүн нэг зүйлийг өөртөө төлөвшүүлчихдэг.

Би Завхан аймгийн ард түмний итгэлийг хүлээж дөрвөн удаа сонгогдсон гишүүн. Бие дааж нэг удаа нэр дэвшихдээ 30 хувийн санал авч байсан. Олон суманд ялалт байгуулж байсан.  Тийм учраас дөрвөн удаа энэ аймгийн ард түмний итгэлийг дааж улстөрд сонгогдсон гишүүний хувьд олон түмний итгэлийг хэзээ ч, хөсөрдүүлэхгүй, худалдахгүй байх юмсан гэж бодож явдаг. Энэ маань Богд Очирваань хайрханыхаа өмнө залбирдаг, миний өмнөө барьдаг зарчим юм даа.

-Та бизнесийн салбараас улстөрд орж ирсэн хүн. Эмэгтэй хүн бизнес удирдаад явна гэдэг энэ цаг үед хүч, ухаан шаардсан ажил байх. Таныг Отгонтэнгэр их сургуулийн үүсгэн байгуулагч гэдгийг хүн болгон мэднэ. Энэ сургуулийг үүсгэн байгуулах гэж байхад таньд бэрхшээл аль хэр тулгарч байв. Сургууль байгуулах хөрөнгөө хаанаас, яаж босгосон юм бэ?

Би математикийн багш мэргэжилтэй. Өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийг дагаж анх энэ сургуулийг байгуулах санаа төрсөн. Тухайн үед би 27,28 настай залуу байхдаа энэ ажлыг эхлүүлж байсан. Ер нь арван жилд байхын л идэвхтэй хүүхдүүдийн нэг байсан. Конкурс гэж болдог. Улаан шугамны цаана олон мянган аавын хүүхдүүд үлдэж хоцордог байсан. Үүнийг арилгахын тулд сургууль байгуулья гэж шийдсэн.

Тухайн үед би боловсролын салбарт удирдах албан тушаал хашдаг байлаа. Мэдээж сургууль байгуулахад амар байгаагүй. Сургууль байгуулахад надад тусалж, дэмжиж, өөртөө байгаа тав, арван төгрөгөө зарцуулсан хүмүүс бол миний аав, ээж хоёр. Аав минь 2000 онд бурхан болсон. Маш хөдөлмөрч, мундаг хүн байсан даа. Үр хүүхдээ боловсролтой болгохын тулд маш их хөдөлмөрлөсөн. Миний дээд талын ах, эгч нарыг бүгдэд нь дээд боловсрол эзэмшүүлсэн. Ер нь л хөдөлмөрлөж, тодорхой хэмжээний хуримтлал үүсгэсэн хүмүүс байсан. 

-Та гэр бүлдээ нэлээн эрх танхи хүүхэд нь юм аа даа. Дээрээ ах, эгч нартай гэж байна. Аав, ээж нь 27–хон настай жаахан охиндоо бизнес хий гээд хуримтлуулсан мөнгөө зориулна гэдэг нэлээдгүй байр суурьтай, эрх танхи байсан хүүхдийн шинж юм болов уу гэж бодогдлоо?

Эрх ч гэж юу байх вэ дээ. Бид чинь эхээс наймуулаа. Тав дахь нь би байгаа юм. Миний дор хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүү байдаг. Ер нь ямар ч айлд нэг нь амьдралыг зохицуулдаг, ачааны хүндийг үүрдэг хүүхэд байдаг шүү дээ. Гэрийнхэн дундаасаа тэр хүүхэд нь би л дээ. Жишээлбэл, миний ах эдийн засгийн ухааны доктор их мундаг хүн бий. Хуучнаар бол сайд нарын зөвлөлд референт, ХААИС-д захирал, намын дарга гээд манай намын бэлтгэгдэж байсан боловсон хүчин.

Гэхдээ яагаад ч юм миний ах энэ ачааг үүрээгүй. Би үүрэх өгөгдөл цаанаасаа ногдсон юм байлгүй. Тэгэхээр би энэ айлын дарга нь юм шиг байгаа юм. /инээв/Би тэр үед өөрийнхөө хийх гэж зорьсон ажлаа маш сайн тайлагнаж, тайлбарлаж байж дэмжлэг авсан байх гэж одоо боддог. 

-Аав, ээж тань ямар ажид хийдэг байсан бэ. 1991 онд айл болгон бизнес эрхэлчих хуримтлалтай болж амжаагүй байсан үе. Зах зээлийн сэтгэлгээтэй хүмүүс байсан байх нь ээ дээ? 

Аав, ээж хоёр минь хоёулаа хөдөлмөрч хүмүүс байсан. Мал маллаж байсан. Аав минь социализмын үед гахай малладаг, 40,50 үхэртэй одоогоор бол мянгат малчин байсан юм шиг байгаа юм. Орлогын эх үүсвэр нь тэр хоёр хүний цэвэр бизнесээс орж ирсэн орлого байдаг байсан.

Тиймээс ч “Волго-24” гэдэг машиныг аав минь унадаг байсан. Аав минь насаараа жолооч хийсэн хүн. Харин ээж минь насаараа сургуулийн тогооч хийсэн хүн. Ээж минь одоо 85 хүрсэн буурай байна. Ануухнаараа хоол, цайгаа хийгээд байж л байна. 

-Жолооч, тогооч хоёрын гэр бүлээс төрсөн охин сайд болсон гэхээр ээж тань таниар бахархдаг байх. Гэхдээ тухайн үед та мэргэжлээ сонгохдоо аав, ээжээсээ зөвлөгөө авсан уу. Өөрөө шийдсэн үү? 

Өөрөө шийдэж байсан. Арван жилээ онц дүнтэй төгсч, физик, математикийн ангид урилгаар орж байсан. Өөрөө ч энэ талдаа нэлээн сонирхолтой, олимпиадад ч ордог байлаа. Тэр үед ар, өврийн хаалга гэж юм байгаагүй шүү дээ.

Тэр дарга, энэ цэрэг, ажилтны хүүхэд гэсэн ялгаа байгаагүй. Хэн хичээл зүтгэлтэй, сурах чадвартайг нь нийгэм өөрөө аваад явчихдаг тийм тогтолцоо байснаараа би өнөөдөр өдий зэрэгтэй амьдрах боломж нь бүрдсэн байх гэж бодож явдаг. 

-Бизнес хийгээд 10 жил болж байх үедээ улстөрд орсон юм байна гэж таныг анзаарлаа. Улстөр рүү орсноор таны бизнесын орлого нэмэгдсэн үү, хасагдсан уу. Өнгөрсөн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ бичихэд ямархуу өөрчлөлт орж байв? 

Яг хэвээрээ л байгаа. Манай сургууль ямар байсан яг л тэр хэвээрээ байгаа. Жилд 50-60 хүүхэд төгсгөж, мөн тооны хүүхдийг элсүүлж авдаг. Одоо 2000 гаруй оюутантай байна. Манай сургууль дотор нэг ширхэг ч ТҮЦ ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, Отгонтэнгэр их сургуулийн орчинд боловсролын байгууллагын үйл ажиллагаа л явдаг. Үүнийг ямар нэг байдлаар ашиг орлогын талбар болгож, хольж хутгасан зүйлийг өмнө ч, одоо ч хийлгээгүй.

Үүгээрээ бахархдаг. Бид нар нэмж спорт заал барьсан. Энэ нь оюутан залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх, бие бялдараа хөгжүүлэх заал болсон байгаа. Улсын хэмжээнд байгаа спорт заалнууд дотроос гайгүйдээ орно. Энэ болгоныг би системтэйгээр банкны зээл авч бүтээж босгосон. Заримдаа би боддог юм. Зуун лангуутай зах ажиллуулж байсан бол үүнээс илүү ашиг орлого олох байсан байх даа гэж бодогдох өдөр байдаг юм.

Боловсролын салбар тийм их ашиг, орлого олоод байдаг ашигтай салбар биш. Өөрөөр хэлбэл, тэнд ажиллаж байгаа, сурч байгаа оюутан залууст үйлчлэх үйлчлэгч, эрдэм номыг заах багш нарыг цалинжуулах, тэдний нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт бусад найман төрлийн татвараа төлөөд үндсэндээ тэр байгууллага арайхийн он давдаг. 

Нөгөө талаас өнөөдөр Монгол Улсад дээд боловсролын салбарын үнэлгээ маш хямд байна. Одоо 1000 доллар хүрэхгүй сургалтын төлбөр авч байна шүү дээ. Гэтэл арван жилийн сургууль арван мянган долларын төлбөртэй болчихсон байна. Төр юунд оролцдоггүй вэ гэхээр их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж болохгүй гээд үүрэгддэг.

Гэтэл шинжлэх ухааны тодорхой салбарыг зааж, оюутан залуучуудад эзэмшүүлээд, тэр хүүхдийн насан туршдаа амьдрах чадвар боломжийг олгож өгч байхад олгож байгаа сургалтын төлбөр гэдэг бол төрийн зохицуулалттай явж байгаа. Гэтэл арван жилийн сургуулийн дөрвөн цагийн хичээл үздэг хүүхдийн сургалтын төлбөрт зах зээл жинхэнэ утгаараа хэрэгжээд явж байна. Ялгаа нь л энэ. Ард түмэн бүхнийг бодитойгоор хардаг байхаа гэж би боддог. 

-УИХ-д хувийн сургууль­тай олон гишүүн байгаа. Өнгөрсөн парламентын үед гарч байсан хэл амыг таниас асууя гэж бодлоо. Их, дээд сургуулийн боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл байсан шиг санагдаж байна. Санаачлагч гишүүдийн дунд та ч байсан, таниас өөр нэлээн хэдэн хувийн сургуультай гишүүд багтсан байсан. Хувийн сургуультай гишүүд өөрсдийнхөө сургуулийг санхүүжүүлэх гэж энэ хуулиар лобби хийх гээд байгаа юм биш үү гэсэн хэл ам гарсан. Тухайн үед яг ийм байдалд байсан юм уу?

Тэр үед тэгж ярьж байсан хүмүүс дараа нь өөрсдөө эвгүй байдалд орсон л доо. Буруу зүйл ярьсан байна гэсэн. Бүх юмыг мэддэг юм шиг ярихаар заримдаа тэнэг байдалд орох үе байдаг. Яг тэрэн шиг дээд боловсролын санхүүжилтийн тухай хууль буюу оюутнуудын 70 мянган төгрөгийн тэтгэлэгийн асуудал яригдаж байхад таны асуусан асуудал гарсан байхгүй юу.

Монгол Улсад их дээд сургуульд сурч байгаа 180 мянган оюутан байгаа гэж бодьё. Эд нар аав, ээжээсээ сургалтынхаа төлбөр, өдөр болгоны хоол унааныхаа мөнгийг авдаг хүүхдүүд. Социализмын үед төрөөс төлбөр даачихдаг, 240 төгрөгийн стефент өгдөг байлаа.

Ээж, аавд минь ямар ч дарамт болохгүйгээр бидэнд боловсрол эзэмшүүлэхийг төр хариуцсан. Өнөөдөр бид дөрвөн жил сурч байгаа оюутнуудад яагаад 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгөөд аав, ээжийнх нь ачаанаас бага ч гэсэн үүрэлцэж болохгүй гэж. Тиймээс энэ хуулийг Ерөнхийлөгч санаачилсан.

Би ажлын хэсгийг нь ахалж байсан. Энэ хуулийг би маш сайн хууль гэж боддог. Зарим нэг хүмүүс ярьдаг л юм. Баячуудын хүүхдүүдэд 70 мянган төгрөг өгөөд яах юм бэ гэж. Хэрвээ ингэж үзэж байгаа бол боломжтой айлын хүүхдүүдэд өгөхгүй байж болно л доо. Үнэхээр дундаж, дундаас доогуур орлоготой сурах гээд хичээгээд явж байгаа залуучуудад төгр дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж би үздэг. 

-70 мянган төгрөгийг сургуулиар нь дамжиж олгож байна уу?

Хуулиараа тухайн оюутны нэрийн дансанд сар бүр мөнгийг нь хийгээд өгчихдөг. Хүүхэд өөрөө л картаараа мөнгөө авч хэрэглэнэ. Сургуулийн ямар ч оролцоо байхгүй. 

-Дараагийн сонгуульд та өрсөлдөх санаа байна уу. Хэд хэдэн удаа өрсөлдөхөд багагүй зардал гарсан байх. Наад зах нь намдаа хэдэн зуун сая төгрөгийн хандив өгөх ч гэдэг юм уу. Та өөрөө хувиасаа хэр хэмжээний зардал гаргадаг вэ. Ер нь бусдаас дэмжлэг авдаг байсан уу, бизнесээсээ авдаг байв уу? 

Манай нам 16 жил улстөр хийхдээ энгийн биднээс нэр дэвшихэд мөнгө төлүүлж байгаагүй. Тэр дундаа эмэгтэйчүүдээсээ хатуу босготойгоор мөнгө нэхээд шаардаж байгаагүй. 2012 оны сонгуулиар л тийм зүйл гарч ирсэн болохоос биш өмнө нь мөнгө нэхэж байгаагүй. 

-Та хэдэн төгрөг намдаа өгч байсан бэ? 

Би намдаа мөнгө өгч байгаагүй. Харин өөрсдөө цэвэр сонгуулийнхаа зардлыг даадаг. Бид нар намын жагсаалтаар ороогүй. Тойрог дээр өрсөлддөг. Тэр тусмаа алслагдмал баруун аймгуудад очиж өрсөлдөнө гэдэг маш хүнд. Ядаж л тээврийн зардлаас эхлээд асар их хэмжээний зардал гардаг. Гэхдээ хамгийн гол нь би дөрвөн удаа Завхан аймгаас нэр дэвшихдээ сонгогчдоо худалдаж авч үзээгүй. Тарааж өгөх мөнгө нь ч надад байхгүй. Тиймээс сонгогчид маань намайг итгэл сэтгэлээрээ л дэмждэг байсан.

Бидний төлөө юм хийх байх, ажиллах байх гэсэн чин сэтгэлээр намайг дэмжиж байсан учраас би хэн нэгний өмнө их хэмжээний өрөнд орох, шантаажинд орох улстөр хийж явсангүй. Харин ч хамгийн цэвэр улстөрийг хийж явсан гэж боддог. Нөгөө талаас Монголын ард түмэн ухаантай. Би долоон тэрбум төгрөгийн зардал гаргаж байсан нэр дэвшигчтэй өрсөлдөж л байсан. Банкны эзэд гэдэг миний дэргэд ойлгомжтой шүү дээ.

Мөнгөн бороо оруулж байсан. Гэхдээ асуудал мөнгөөр шийдэгддэггүй юм. Монголын ард түмэн ухаантай, төрөө дээдэлдэг зарчимтай, хэнийг сонговол бидний төлөө юм хийж чадах вэ гэдгийг ялгаж салгаж чаддаг. Манай Завханы ард түмэн ийм итгэл үнэмшлээр надад итгэл хүлээлгэдэг. Тиймээс би нутгийнхаа ард түмний төлөө насан туршдаа өртэй гэж бодож явдаг. 

-Жил бүрийн төсөв хэлэлцэх явцад Завхан аймагт нэг сургууль ч юм уу цэцэрлэг байгуулчих гээд Төсвийн байнгын хорооны хурал дээр шаргуу үг хэлж байгаа нь анзаарагддаг. Ер нь өнгөрсөн хугацаанд хэр зэрэг хөрөнгө оруулалт татаж чадсан бэ? 

Парламентад олон удаа сонгогдохдоо аймгийнхаа олон сумыг сургууль, цэцэрлэгтэй болгох, шинэчлэх, Соёлын төв барих, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг чадах чинээгээрээ шийдсэн. Үүнд тухайн үед надтай хамт сонгогдож байсан

УИХ-ын гишүүд бүгдээрээ хамтран оролцож, энэ асуудлыг шийдэж байсан. Өнөөдөр улстөрийн системийн тогтолцоо ийм байгаа учраас ярихаас өөр аргагүй л дээ. Зарим нэг хотоос сонгогдсон гишүүд жалга, довны юм ярилаа гэдэг л юм. Аливаа юмыг олон талаас нь хараасай гэж боддог учраас хамгаалж нэлээн дуугардаг л даа. 

-Та одоо УИХ-ын гишүүн, сайд гээд давхар дээлтэй байна. Цаг наргүй энэ их ажлынхаа хажуугаар гэр бүлдээ хэр зэрэг зав гаргаж байна вэ. Улстөрд амжилттай яваа хүний ард гэр бүл нь багагүй ачаа үүрэлцэж явдаг байх. Хувийн бизнесийг танай гэр бүлийн хүн авч явна уу? 

Отгонтэнгэр их сургуулийг хамгийн сайн удирдагчаар удирдуулдаг. Тэнд ажил явж байгаа учраас гэр бүлийн хүн гэсэн өнцгөөс огт хардаггүй. Хувийн ямар нэгэн сонирхол давамгайлж орох нь дэмий гэж боддог. Улстөр хийхэд ар тал гэдэг онцгой чухал үүрэгтэй. Манай гэр бүлийн хүн ядаж л намайг хоол хийж, хувцас угаасангүй гэдэггүй. Надад тийм үг хэлдэггүйд нь би баярладаг.

Гэр бүлдээ муу анхаарал хандуулдаг эмэгтэйчүүдийн тоонд орно л доо. Цаг наргүй ажлыг минь ойлгодог ханьтайдаа баярлаж явдаг даа. Бурхан хүнд бүхнийг илгээдэг юм шиг байгаа юм. Надад сайн хань, үр хүүхэд заяасан, ямар нэг байдлаар татлаа түтлээ болгож намайг зовоосон хүн алга. 

-Хүүхдүүд тань таны мэргэжлийг эзэшсэн үү, аавынхаа мэргэжлийг эзэмшсэн үү? 

Охин, хүү хоёр маань хоёулаа Олон улсын харилцаагаар төгссөн. Их сургуулиа төгсөөд хоёулаа ажиллаж байна. 

-Хүүхдүүдээ гадаадад их сургуулиа төгсгөсөн гэсэн. Сургалтын төлбөрийг нь хийхэд бас чамгүй хүнд байсан биз дээ? 

Охин маань тэтгэлэгтэйгээр сурсан. Ер нь бол хүүхдүүдээ амархан амьдрах, хялбарчлах аргад сургадаггүй. Би хатуу ээж. Өндөр шаардлага тавьдаг. 

-Таныг математикийн багш гэж анх удаа сонслоо. Мэргэжлээрээ ер нь ажилласан уу? 

Их сургуулиа төгсөөд л мэргэжлээрээ ажилласан. Шувуун фабрикийн 26 дугаар сургуульд анх удаа зургадугаар анги дааж авч байсан. Багшийнхаа ажлыг хийж байгаад эвлэлийн байгууллагын дарга, сургуулийн хичээлийн эрхлэгч гээд шат шатаар л ахисан.

Надад шууд лифтэнд суугаад дээш явсан амьдралын түүх байхгүй. Өгсүүр шатаар өөрөө ахиж гарсан л түүх байна. Монголын улстөрд улстөрчийг бэлтгэх, оюуны үнэт зүйл, капитал бий болгоно гэдэг их цаг хугацааны асуудал байдаг юм байна гэж одоо боддог.

-Та түрүүн хэллээ. Найдвартай ар тал байдаг учраас санаа амар өдий зэрэгтэй явна гэлээ. Эмэгтэй хүнийхээ хувьд хэр зэрэг халамжтай сайн хань гэж өөрийгөө боддог вэ?

Гайгүй шүү. Завтай үедээ их сайхан хоол хийнэ. Даан ч хоол цаг гарах нь бага юм даа. 

-Одоо та нөхрийнхөө хийсэн хоолыг л идээд явна уу? 

Орой хоол идэхээ больсон шүү дээ. Хүмүүс оройд хөнгөхөн хэлбэрээр хооллодог болчихсон байна. Энэ дүрмийг л баримтлаад явж байна даа. Гэхдээ нөхрийнхөө хийсэн хоолыг хамгийн амтархан иддэг. 

-Таныг гитартай их гоё дуулдаг гэж сонссон юм байна? 

Амралтын өдрүүдэд болж өгвөл салхинд гарах дуртай. Дөрөвдүгээр ангиасаа хойш гитар тоглосон. Орцны гитарчин байлаа шүү дээ. Сурсан юмыг сураар боодоггүй гэдэг шиг одоо ч тоглох дуртай. Ер нь орхихгүй юм шиг байна лээ. Манай бүлэгт мундан дуучид олон бий.

-БОНХАЖ гэсэн чухал салбарыг тэргүүлж байгаа таньд үлдсэн нэг жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн олон чухал ажил байгаа байх. УИХ дээр хүлээгдэж байгаа хуулиудад та голлох байр суурьтай оролцож байгаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье? 

Та миний салбарын ажлыг ер нь яриулсангүй. Энэ салбарт ирснээсээ хойш тулгамдсан, хийх ёстой олон чухал асуудал байдаг юм байна гэдгийг олж харлаа. Жишээ нь, хог хаягдал. Олон жилийн турш энэ асуудлыг ярьсан. 
Энэ асуудал одоо хөрсний бохирдол руу орсон. Нийслэлчүүд бидний уудаг ундны ус бохирдоод эхэлчихсэн байна шүү дээ. Олон хүний эрүүл мэндтэй холбоотой, үндэсний аюулгүй байдал руу орчихсон байна. Энд л хамгийн их сэтгэл зовж, ажлаа чиглүүлэхээр төлөвлөөд явж байна.