Мега төслүүдийг хэрэгжүүлж байж л туул голыг аварч чадна
БОНХАЖЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргааны дарга, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Г.Долгорсүрэн
2015.06.03

Мега төслүүдийг хэрэгжүүлж байж л туул голыг аварч чадна

БОНХАЖЯ-ны харьяа Туул голын сав газрын захиргааны дарга, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Г.Долгорсүрэнг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урьж ярилцлаа.

Монгол Улсад ширгэх магадлал хамгийн өндөр гурван гол байгаагийн нэг нь Туул гол болчихлоо. Дэлхийн хамгийн их бохирдолттой таван голын нэгээр Туул нэрлэгдсэн. Тиймээс өнгөрсөн долоо хоногт Хатан Туулаа аврах талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ өдөр таны тавьсан илтгэл анхаарал татаж байсан л даа. Аврах арга зам, шийдлийг нь та юу гэж харав?

Хүмүүс “Туул голын талаар мөн ч их ярих юм даа, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бодитой ажил хийхгүй байнаа” гэж шүүмжилдэг. Үүнтэй би санал нэг бай­даг. Сонин хэвлэлээр бичээд л, зурагтаар бараг орой болгон Туул гол аюулд орлоо гэж мэдээлээд л байна гэдэг.Гэхдээ Хатан Туу­лаа бохирдлоос бүрмөсөн ангижруулах, ядаж л хатаж ширгэхгүй байлгах асуудал нь өөрөө томоохон шийдэл ярихаас өөр арга байхгүй. Цаашдаа ч ярина. Дахин, дахин ярьж шийдэх хүртэл нь ярьсаар л байх болно. Бид хуулиар олгогдсон эрх, үүргийн дагуу өөрсдийн төвшинд хийж, шийдэж болохуйц ажлуудыг хийж байна.

Сүүлийн хоёр, гурван жилд бас ч гэж чамлалтгүй ахиц дэвшил гарлаа. Гэхдээ том хэмжээнд буюу мега төвшинд ярих асуудлуудыг өнгөрөгч долоо хоногийн хэлэлцүүлгээр анхаарч ярилцсан. Туул голын бохирдлыг бууруулна гэдэг бол зөвхөн хавар, намарт Туулын эрэг дагуу цэвэрлэгээ хийснээр шийдэгдэхгүй гэдэг нь ойлгомжтой.Энэ бол өнгөц жижиг асуудал. Туул голыг экологийн доройтлоос аврахын тулд мега төвшний хоёр ч төслийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Тэгэхгүйгээр ямар ч үр дүн гарахгүй. Энэ асуудлыг бид нэг мөр болгохын тулд шийдвэр гаргах төвшинд ярилцсан гэсэн үг.Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ асуудалд маш их анхаарч байна. УИХ-ын БОХХАА-н байнгын хороо, салбар яам гэсэн шийдвэр гаргах төвшний бүх хүмүүс ан­хаарч эхэлсэнд би хувьдаа баяртай байна. Бохирдлыг биеэр амсч, нүдээр үзэж байгаа иргэд ч энэ өдөр ирж санал бодлоо хуваалцлаа.

Төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэд, Төв цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүдийн төлөөлөл зэрэг маш олон талын төлөөлөл асуудлаа ярилаа. Мега төвшний хоёр төслөө хөдөлгөх нь зөв гэдэгт талууд санал нэгдсэн.  Эхнийх нь бол хоолойд хутга тавьчихаад байгаа нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, ши­нээр барих асуудлаар талууд ойлголцолд хүрлээ. Хагас зуун жилийн настай байгууламжийн хүчин чадал нь ч бохироо цэвэрлэж дийлэхгүй болчихлоо, техник тоног төхөөрөмж нь ч хуучирчихлаа. 

Бүх үйлдвэрлэл үйлчилгээ, үйлдвэрүүд нийслэлд төвлөрсөн, өдөр тутам нэмэгдэж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир усны ачааллыг цэвэрлэж дийлэхгүй байна. Мон­голын хүн амын 50-иас илүү хувь нь нийслэл байдаг. Хоногт 170-190 мян.метр куб бохир ус гэ­дэг том тоо, Туул голыг шууд л бохирын суваг болгочихдог. Энэ их хэмжээний бохир усыг хагас дутуу цэвэрлээд л бид Туул руугаа асгачихаж байна.Энэ бол нэг яам, эсвэл харьяа газрын шийдэх асуудал биш байгаа биз. 600-700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байгаа.

Мөнгө байхгүй бол бид дахиад л хэдэн арван жил энэ асуудлаа яриад л Туул гол маань бохирдсон хэвээрээ байх болно. Туул голын сав газрын захиргаа ажлаа хийхгүй байна гэж ярих нь өөрөө популизм болж хувирна. 20 хүнтэй захиргаа байгуулаад Туул руу цутгаж байгаа бохир усны асуудлыг шийдэхгүй л дээ.Үүнийг зоригтойгоор гаргаж тавилаа. Ерөнхийлөгч анхаарах байх. Засгийн газарт УИХ-аас чиглэл өгнө, УИХ-ын тогтоол гаргахаар тогтлоо. Албан ёсоор асуудлыг гаргаж тавилаа гэж харж байна.

Үнэхээр баярлууштай зүйл. Туул голоо харж харамсдаг, энэ голын төлөө өвөл зунгүй, өдөр шөнөгүй явж байгаа ч бидний эрх мэдлээс давсан, хүчин мөхөстөх энэ асуудалд анхаарч, Засгийн газар, УИХ-ын төвшинд нааштай том шийдвэрийг гаргах цаг нь аль хэдийнэ болсон гэдгийг тал талдаа ойлгож, ярьж эхэлсэн нь хамгийн том үр дүн юм даа.

Өмнө нь Монголд орж ирсэн томоохон бондуудаас энэ асуудалд эхний ээлжинд хөрөнгө оруулах талаар хөөцөлдөөд бүтээгүй, одоо харин шийдэгдэх байх гэдэгт итгэлтэй байгаа. Энэ бол зөвхөн нийслэлчүүдийн асуудал биш. Монгол Улсын нүүр царай. Дэлхийд бохирдлоороо тавд орно гэдэг чинь ичмээр байгаа биз дээ.  Анхаарал хандуулахгүй, мөнгө гаргахгүй яваад байвал гуравдугаар байр руу орж ирнэ. Цаашлаад нэгд жагсчихвал яах юм бэ. Шийдвэр гаргагчид харамсалтай нь ийм байдлыг ойлгохгүй өдий хүрсэн нь туйлын харамсалтай.

-Туул гол ийм болчихоод байхад Сав газрын захиргаа юу хийгээд байна вэ. Ийм асуултыг олон ч хүнээс та сонсдог байлгүй дээ

Сонсолгүй яах вэ. Танай за­хиргаа юу хийдэг юм. Юм хийх­гүй байна гэдэг л юм. Энэ бидний шийдэх асуудлаас хальчихаад байна. Сайдын хэмжээнд ч шийдэхэд хэцүү.

Цэвэрлэх байгууламж чинь хотын асуудал. Барилга хот байгуулалтын яамны эрхлэх асуудлын хүрээнд байгаа. Хот асуудлаа тавих ёстой. Би байгаль орчны хүн. Туул гол руу бохир усаа хийж байгаа хүмүүсээс би нөхөн төлбөр нэхээд явж байх ёстой. Наад бохир усыг чинь гол руугаа оруулахгүй.

Стандартын хэмжээнд хүртэл цэвэрлээд усаа надад өг гээд зогсч болно л доо. Гэхдээ би мэргэжлийн хүний хувьд үүссэн нөхцөл байдлыг ойлгож байгаа учраас буруутныг бусдаас хайх биш, асуудлын гарц, шийдлийг олохын төлөө, аль болох хурдавчлахын төлөө явж байна.

Цэвэрлэх байгууламж үүнээс дордвол яах вэ. Туул руугаа шууд хаях нь экологийн сүйрэл л авч ирнэ. Эсвэл, нийслэл тэр чигтээ бохиртоо живнэ. Бохирын үер болно.Тиймээс бага зэрэг ч гэсэн цэвэрлэж, саармагжуулаад Сонгины буланд хийчихэж байгаа юм шүү дээ. Ямартай ч асуудлаа бид төр засгийн төвшинд тавьж чадлаа.

Хөрөнгө мөнгийг нь л шийдчихвэл манай усны салбарын инженерүүд зураг төсөл, тооцоо судалгааг нь хийх бүрэн чадвартай. Тэр барилга байгууламжийг нь ч монголчууд өөрсдөө барих чадалтай болсон. Ер нь манай усны салбар инженерчлэлийн төвшинд сайн бэлт­гэгдсэн, заавал гадныхныг ха­раад байх шаардлагагүй гэж боддог шүү.

-Та зөвхөн бохирдол биш, бүхэлдээ экологийн доройтлын талаар яриад байна билээ. Хуурай сайр болохгүйгээр урсацыг нь хэвийн байлгах шийдлийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

Инженерчлэлийн хувьд Туул гол ямар байвал хаврын хуурайшилт ихтэй үед тасрахгүйгээр, хуурай сайр болохгүйгээр урсаад өнгөрч чадах вэ гэдгийг шийдэх ёстой.Шийдлийг нь бид гаргачихсан. Зуны үер, хур борооны үед маш их ус зүгээр л урсч өнгөрөөд Орхонд цутгаад, Орхон маань Сэлэнгэд цутгаад хил даваад гараад явчихдаг.Ингэж болохгүй. Нутаг дэвсгэр дээрээ орж байгаа хур тунадасыг ухаалгаар хуримтлуулж аваад ган ганчиг, хуурайшилттай үедээ доошоо усаа явуулж байх ёстой.

Тэгж чадвал Туул гол тасрахгүй, хуурай сайр болохгүй. Загас жараахай нь хатаж үхэхгүй болно. Загас жараахай Туул голын захын салаануудад байнга үхэж байна.Шалтгаан нь соёлтойгоор хэлэхэд амьдрах орчин доройтсон, шулуухан хэлэхэд усны амьтан усгүй болсон гэсэн үг. Туул зарим газраа ёроолдоо хүртэл хөлддөг, үерээр захын салаануудад орж ирсэн жаахан ус нэг хэсэг нь доошоо шүүрээд, нэг хэсэг нь дээшээ ууршаад хуурай болчихоор тэндэх загас жараахай яаж амьдрах вэ.

Ойлгомжтой шүү дээ.Хот сайхан болж байна. Гэр хороолол багасч, өндөр өндөр шилэн барилгууд сүндэрлээд л. Харамсалтай нь тэнд усны асуудал дандаа хоёрдугаарт тавигдаж ирлээ. Яармагт том хороолол бослоо. Вива сити, Буянт-Ухаа 1, 2 баригдлаа. Тэдгээр орон сууцанд усны асар их хэрэглээ бий болж байна.

Гэр хороололд хоногт 10 литрийг хэрэглэж байсан хүн орон сууцанд орсноор дор хаяж 120 литр ус хэрэглэх жишээтэй. Тэр усыг хаанаас авах вэ гэхээр хамгийн амраар нь Туул голын дагуу дахиад л баахан худаг гаргаж, газрын доорх усыг соруулж хэрэглэхээр төлөвлөөд байгаа нь туйлын харамсалтай.Гэтэл энэ нь хүрэлцэх хэмжээнээс хэтэрчихээд, зарим худгууд хий сорж байна. Өөрөөр хэлбэл, бид газрын доорх усаа ховх сорж хэрэглээд байна гэсэн үг.Үүнээс яаж гарах вэ.

Ганц л гарц, шийдэл байна. Туул гол дээрээ үерийн ус хуримтлуулах хиймэл нуур, усан сан байгуулах. Энэ бол маш том боломж.Ялгаа байхгүй мөнгөнөөс болоод гацчихсан. 500-600 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Сүүлийн 15 жил ярилаа. Шийдэж өгөхгүй өдийг хүрлээ. Нэг наст хөөрхөн цэцэг ургамал урд хөршөөс ихээр авч ирж гудамжиндаа тавьж байгааг буруутгах хүн олон л таарч байсан.

Хүн харахад цэцэгтэй гудамжаар явах гоё л доо. Гэхдээ хойч ирээдүйгээ бодоод асуудалд нухацтай хандах ёстой. Хот устай байх ёстой. Ус байж л цэцэг ургана, ногоон байгууламжтай болно. Нэн тэргүүний тулгамдсан асуудлаа эрэмбэлэх цаг нь болчихож. Ус хөгжлийн тулгуур гэж зүгээр нэг санаандгүй хэлчихсэн үг биш шүү.

-Усан сан барих, хиймэл нуур хийх ямар төсөл байна. Хэн хийгээд яваад байна вэ. Яг бэлэн төлөвлөгөө гаргачихсан төсөл байгааг нь дэмжихгүй байгаа хэрэг үү?

Усны салбарын эрдэмтэн суд­лаачид, цаашлаад гадны эрдэмтэд зөн­дөө судалсан. Нарийвчилсан су­далгаа, ТЭЗҮ-г нь хийчихсэн. “Ус” хө­төлбөр, “Хатан Туул” хөтөлбөрт энэ талаар тусгачихсан. Хийхгүй бол цаашдаа хэцүүдэх нь ээ гээд оруулчихсан.

Гэтэл ажлын хэсэг байгууллаа гээд л яваад байна. Тендер зарлаад нарийвчилсан зураг гаргачихаж болохоор байгаа юм. Тендер зарлаад компаниа сонгоод эксковатор аваачаад шанагыг нь тавиад барилгаа барьж эхлэх л асуудал байгаа. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй.

Гэтэл санхүүжилт шийдэгдэхгүй цаасан дээр яваад байгаа гэж би дээр хэллээ шүү дээ. Усан цогцолборын асуудлыг хотын дарга, удирдлагуудын хурлаар хэлэлцүүлээд 2013 онд Тэрэлжийн тэнд хуралдаж хүртэл үзсэн. Хотын дарга өөрөө хүртэл оролцоод барьж өгнө өө гээд л явсан.

Нийслэл усгүй болох нь ээ гэж санаа зовсон хүмүүс их байсан. Тэгээд л таг. Хоёр жил таг болчихлоо. Төр засгийн шийдвэр гаргагчид, гадны зээл тусламжийг захиран зарцуулдаг хүмүүс яагаад анхаарахгүй байна вэ. Магадгүй бидэнд буруу байгаа байх. Дуу хоолойгоо тэр хүмүүст хүргэж чадахгүй байж мэдэх.Тиймээс өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгийн үр дүн гарах болов уу гэж найдаж байна. Сонгууль дөхөөд ирэхээр нэр дэвшиж байгаа хүмүүс усны асуудлыг хамгийн эхэнд нь тавьдаг.

Тэр хороонд худаг гаргах, сумын төвд худаг ухна гэдэг асуудал одоо моодноос гарчихсан.Тэр ажлыг бид хийж чадаж байгаа. Хувь хүмүүс, компаниуд өөрсдөө мөнгө гаргаад худгаа гаргачихдаг болсон. Харин 400-500 тэрбумын хөрөнгөтэй улс орны үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах мега төслүүдийг л ярих хэрэгтэй байна, улстөрчид маань. Шахаж шаардах болно. Үр дүн гартал нь явна аа.

-“Хатан Туул”, “Ус “хөтөлбөр гээд л янз бүрийн хөтөлбөр гар­гах юм. Сая зохион бай­гуу­лагдсан хэлэлцүүлгээс мөн л УИХ, Засгийн газрын хэмжээнд тогтоол, хөтөлбөр гаргана гэсэн байна билээ. Хөтөлбөрүүд нь тэгээд хэрэгжих юм уу. Үр дүн гарах болов уу?

Манайхан хууль гаргахдаа их сайн болжээ. Хуулиас их юм алга. Журам зөндөө байна. Хөтөлбөр төсөл гаргахдаа мэргэшчихсэн бай­­на. Гадныхан хүртэл ирээд тө­сөл, хөтөлбөр боловсруулчих юм. Даанч биелэлт алга. Цаасан дээр бич­сэн гоё ганган үгтэй төсөл хөтөлбөр, төлөвлөгөө маш их.

Одоо хэсэгтээ л ингэж “мөрөөдлийн жагсаалт” гаргахаа больё. Хайран цаг. Үүнийгээ зогсоочих хэрэгтэй байгаа юм. Хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох гэсэн гоё үг өгүүлбэр яриад байх юм. Энэ нь хууль, дүрэм журам гэсэн үг л дээ. Энэ бас хэрэггүй, хангалттай байна.

-Өөрөөр хэлбэл, Туул голыг хамгаалах асуудлыг хуульчлах хэрэггүй гэж үзээд байна уу?

Тийм. Хууль хангалттай байна. Хууль болгож гаргалаа гээд Туул дээр усан сан баригдчихгүй. Дөр­вөн хуудас цаас гарлаа гээд тэр хууль чинь Туулын бохирыг цэвэрлэхгүй.

Зүгээр л хөрөнгө оруулалтаа шийдээд, ажлаа хийе. Цаас гаргадаг байдлаараа бүтчихдэг бол ийм зүйл яриад суухгүй юм шүү дээ. Хангалттай олон хөтөлбөрүүдийнхээ хэрэгжилтийг л хангаад явах ёстой юм. 2030 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх, “Ус” хөтөлбөр, “Хатан Туул” хөтөлбөр гээд дурьдаад байвал олон зүйл бий.

Би энэ салбарт 30 гаруй жил ажилласан. Усны инженер хүн. Тиймээс цаасан дээр жагсаалт гаргахаа больё гэж л уриалмаар байна. Асуудал нэгэнт тодорхой байгаа. Шийдэл, технологи нь бэ­лэн байна. Хотынхоо усыг ямар ч үнэргүйгээр цэвэрлэж эхэлсэн улс орон олон байгаа. Түүнийг Мо­н­­голдоо хийхийн тулд мөнгө л хэрэг­тэй. Мөнгөө л шийд гэж хэлье. Бо­ловсон хүчин ч хангалттай бай­на.

-Туул голыг хамгаалах ТББ олон байдаг юм билээ. Зари­мынх нь нэрийг ч санахгүй байна. Яамны харьяанд байгаа танай байгууллагатай уялдаж ажилладаг уу. Зүгээр л Хатан Туул ингэчихлээ гээд л гадны нэг төсөл хөтөлбөрөөс мөнгө авах байдлаар яваад байгаа юм уу?

2004 онд Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлахдаа Туул голыг хамгаалах орон тооны бус зөвлөл байх ёстой гэж үзээд байгуулж үзсэн. 20 гаруй хүнтэй байсан. Тухайн үед нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Да.Ганболд зөвлөлийг даргалж байсан. Туул голын дагуу оршин суудаг Хан-Уул, Баянгол дүүрэг, Налайх, Алтанбулаг сумын иргэдээс төлөөлөл ороод хэд хэдэн удаа цуглаж хуралдаж байсан удаатай.

Яамны сайдын тушаалаар батлагдсан зөвлөл. Би хүртэл тэнд ажиллаж байсан. Дээр ярьсан асуудлуудыг жагсаагаад ажиллаж үзсэн. Гэтэл тэдгээр хүмүүс үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах боломж бүрдээгүй. Тэд өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ авч явах ёстой болно.Гэтэл энэ зөвлөл ямар ч цалингүй зүгээр л сайн дурын үндсэн дээр цуглах ёстой болно. Хүн мэдээж үндсэн ажлаа л хийж цалингаа авах шаардлага байгаа учраас зөвлөлийн ажлаа хийгээд Туулыг хамгаалаад, хогийг нь цэвэрлээд, эргүүл хийгээд яваад байх боломж байгаагүй юм.

Туул голыг хамгаалах асуудал бол зав чөлөөндөө хийх ажил биш гэдгийг ойлгосон. Тиймээс яамны харьяанд Сав газрын захиргаа гээд байгуулаад үндсэн ажил маань болоод ирэхээр илэрхий өөрчлөлт орж эхэлсэн.Ажил нүдэн дээр эмхэндээ орж эхэлсэн. Туул голын араас явдаг хайрладаг, харамладаг болоод ирэхээр шал өөр. Бусад орны жишгээс харахад иргэд, ТББ-ууд тодорхой нэг сэдвээр сургалт зохион байгуулах, нэг удаагийн кампанит ажилд оролцох боломжтой байдаг юм билээ.

Түүнээс биш өдөр тутмын байнгын үйл ажиллагааг ийм хэлбэрээр явуулах нь төдийлөн үр дүнтэй биш. Харин байнгын идэвхтэй өдөр тутмын үйл ажиллагаа, цаг хугацаа зарцуулах ажлыг Сав газрын захиргааны хэмжээнд зохицуулахаас өөр аргагүй болох нь бодит амьдрал дээр бий болсон хэрэгцээ шаардлага.Үүгээрээ Сав газрын захиргааны үйл ажиллагаа онцлог. Сав газрын хэмжээнд усны менежментийг хэрэгжүүлэх үүр­гийг хуулиар хүлээсэн байгуул­лага, тэгэхээр устай холбоогүй үйл ажиллагаа гэж хаа ч байдаггүй учраас бид яалт ч үгүй юм юманд оролцохоос өөр аргагүйд хүрдэг.

-Эко харуул гэж байж болохгүй юм уу. Одоо зуны улирал эхэллээ. Тэрэлж даваад Туул гол руу ороход л битүү машин, майхан. Маргааш нь Туул тэр чигээрээ нөгөө хүмүүсийн өтгөн шингэн, хаясан хог хаягдлаар урсч байдаг. Энэ талаар танай байгууллага ямар ажил хийж бай­на. Тэрэлжийн харуул бол мөнгөө авах л ажлаа хийнэ үү гэхээс тэд хаана очих вэ гэдэг нь чу­хал биш. Цаашлаад Туул голын дагуу үйл ажиллагаа явуулдаг амралтын байгууллагуудад яаж хяналт тавих юм?

Голын эрэг дагуу газар олгох, аялал жуулчлал явуулах эрхийг ол­гох эрх мэдэл нь бидэнд байдаггүй. Хот, дүүрэг энэ зөвшөөрлийг өгдөг. Үйлдвэрлэл үйлчилгээ явуу­лах зөвшөөрөл бас олгочихдог. Зөвшөөрлийн эзэд Туулыг бохирдуулаад эхлэхээр тэдэнтэй улаан нүүрээрээ “байлдах” хүмүүс нь бид болчихдог.Хариуцлагын тэгш биш байдал үүсээд байгаа юм. Зөвшөөрөл олгосон хүмүүс хэзээ ч эргэж хянахгүй.

Тэд Туул голыг бохирдуулж байна уу, байгаль орчиндоо ямар хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулж байна вэ гэдгийг хянадаггүй.Бид очоод шаардлага тавина. Бохир усаа ингэж асга, хогоо ачаад яв гэх мэтээр шаардана. Зөвшөөрөл олгох, эргээд хянах, хамгаалах, ашиглах эрхийг нь салгачихсан л асуудал. Сүүлийн үед манай захиргаа руу хандахгүй хүнгүй, хариуцахгүй асуудалгүй болоод байна.

Бид дангаараа энэ бүх зөрчлийг таслан зогсоох ёс­той юу. Бараг л хот тохижилтын ком­пани шиг ажиллаж байгаа юм. Хог хаяхаар та нар очих ёстой.Бохирдож байна, хогтой байна, байшин бариад байна, газар ухаад бай­на, цэвэрлэ, хөөж туу, нүүлгэ, буулга, үйл ажиллагааг нь зогсоо машины зогсоол хийж өг, хогны сав тавьж өг, бараг л жорлонг нь барьж өг, нөхөн төлбөр өг гэх нь холгүй.

Хог хаягдлын хуулиараа Засаг дарга нь нутаг дэвсгэр дээрээ хогны асуудлаа хариуцаж ажилладаг.Иргэн, айл өрх, аж ахуйн нэгж болгон л хогны мөнгөө төлдөг, Тэр мөнгө хаана төвлөрч, хэн захиран зарцуулдагийг бид бүгд мэднэ.

Иргэдээс мөнгийг нь авчихсан улсууд хог ачих машиныг нь гаргаж өгөх, хогийн цэг, сав тавих, ачих асуудлыг хариуцах л ёстой юм. Гэтэл иргэд, олон нийт энэ бүх асуудлаар Туул голын сав газрын захиргаанд л ханддаг болсон.Би ч хувьдаа баярлаад байгаа юм. Байшин бариад ус шавхлаа, хадаг яндар уячихсан байна, бөөгийн зан үйл хийжээ л гэнэ. Хог, загас жараахай, карьер, арьс шир гээд бүх асуудлаар манайд хандаж байгаа нь бидний ажил хүнд танигдаж байна л гэсэн үг.

Тэдэнд хандвал шийдээд өгчих болов уу гэсэн итгэл байна шүү дээ.Таны асуусанчлан хоол хүнс, мах, ундаа зараад байна гээд очоод торгох эрх нь бидэнд байхгүй байна даа. Гэхдээ л амьдралаас урган гарсан энэ асуудлыг хийхгүй байж чадахгүй. Туул бидэнд хайран учраас хогийг нь, орчин тойрныг нь цэвэрлэх ажлыг хийх л болдог. Байнга ингээд байж чадахгүй л юм.

Ард иргэдтэйгээ хамтарна. Аж ахуйн нэгжүүд ч үүргээ ухамсарладаг болчихож. Сая гэхэд л АПУ компанитай хамтраад 10 газарт хогийн сав тавилаа. Тэд өөрс­дөө цэвэрлэгээ хийж хогоо ачсан. Бид хогийн сав тавьчихаар Хот тохижилтынхон очиж хогийг нь ачдаг байх ёстой. Энэ бол тэдний үүрэг.Хогийн сав тавьсан нь ачна биз гээд орхиж болохгүй. Туулын эрэг хөвөөгөөр хог л харагдахаар биднийг зэмлэх юм.

Та нар ажлаа хийхгүй байна гэдэг. Тийм биш юм шүү гэдгийг л хэлэх гээд байна. 2013-2014 онд байнгын судалгаа, мониторинг хийсэн.Эх үрсийн баяр, наадам, намар болдог салбаруудын өдрийг Туул руугаа гарч хийдэг болсон. Бужигнаад өнгөрсний да­раа эргүүл хийхэд хогоо хаяад яв­сан асуудал 30-40 хувиар багассан байна. Энэ бол үр дүн.

-Туул голын эхээр мод тарих ажил эрчимжлээ. Үр дүн гарч байна уу?

Шинжлэх ухааны үндэстэйгээр авч хэрэгжүүлдэг нэг том ажил бол мод тарих. Өнөө жил Туул голын эхэнд ядахдаа 100 га талбайд мод тарина гэсэн бодол байгаа.Аж ахуйн нэгжүүд дунд тендер зарлаад явна. Иргэд, аж ахуйн нэгжүүд дэмжиж оролцдог. Үр дүн гарч байгаа. Хамгийн гол нь тарьсан мо­доо эргээд харж хандах, усалж арч­лах нь чухал. Эхний гурван жил тарьсан аж ахуйн нэгж хариуцах ёстой юм. Үүн дээр бид мэргэжлийн заавар зөвөлгөө өгч, хяналт тавьж ажиллана. Гурван жил болчихсон мод амьдрах боломжтой болно.

-Туул голын усанд хөхний хорт хавдар үүсгэх бодис агуулагдаж байна гэсэн мэдээлэл гарсан. Ус­ны шинжилгээний ажлыг ямар байдлаар хийж байна?

Шинжилгээ судалгаа хийдэг байгууллагуудтай байнга хамтарч ажилладаг. Байгаль орчны төв лаборатори байна. 13 цэгээс дээж авч шинжилгээ хийдэг.Бохирдсон гэдэг нь мэдээж ойлгомжтой. Сонгины булангаас цаашаа бо­хирдол өндөр байна. Төв аймгийн төлөөлөл мал нэг нүдтэй гарсан гэж ярьсан.Энэ талаар мал эмнэлгийн байгууллагууд судалгаа хийж байгаа.

Уснаас болоод ингэжээ гэ­сэн дүгнэлт хараахан гараагүй бай­на. Япончуудтай хамтраад судалгаа хий­хэд ийм бодис илэрсэн гэж ярь­сан. Тэр судалгаагаа бидэнд ирүүлээ­гүй. Тиймээс нухацтай дүгнэлт хийж байж хэвлэл мэдээллээр ца­цах хэрэгтэй гэж харж байгаа. Бо­дитой асуудлыг л гаргаж тавих ёстой.

-Монгол Улсын 200 гаруй гол мөрөн ширгэчихлээ. Дархадын сав газрын гол нуурууд ширгэж цөлжилт үүсчихсэн байна. Хүний оролцоо энд хэдэн хувь нь байна вэ. Усны эрдэмтэн хүний хувьд энэ талаар тодорхой зүйл хэлэх болов уу?

Энэ бол үнэхээр чухал асуудал. Туулаар голын ширгэлт, хуурайшилт хязгаарлагдахгүй. Монгол орны гол усны төлөө бүхэлд нь санаа зовж байна. Хаа сайгүй байгаа голууд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хатаж ширгэлээ гэсэн тайлбар их хийдэг болжээ. Би санал нийлдэггүй. Харин ч сүүлийн үед хур тунадас нэмэгдсэн гэсэн судалгаа гарч байгаа.

Ялангуяа сүүлийн гурван жилд манай сав газрын хэмжээнд услаг жилүүд байлаа. Гэхдээ бусад газруудад хур бороо багассан зүйл байгаа нь үнэн. Хамгийн гол нь хүний оролцоо, хотжилт буруу байгаагаас бид өөрсдөө гол мөрнүүдээ ширгээж байна. Сэлбэ, Бэлх зэрэг сайхан сайхан голууд хүний буруутай үйл ажиллагаанаас болж урсгал нь татарсан.

Дархадын хотгор, Их нууруудын хотгорт цөлжилт явагдаж эхэллээ. Үүнд бид өөрсдөө л буруутай шүү дээ. Би дээр хэлсэн, ер нь бурууг бусдаас битгий хай.Мод бутыг нь огтолж, элс хайргыг нь ухаж байна. Бэлчээрийн талхлалт мөн асуудал болж байна. Жижиг гол горхи ширгэчихээр нөгөө малчид ганц худаг, гайгүй голоо тойроод л нүүдэллэдэг.

Ингээд ирэхээр л цэгэн цөлжилт эрчимтэй явагдах шалтгаан болчихоод байгаа юм.Бэлчээрийн зохистой харьцааг төлөвлөөд явж ирсэн. Энэ ажлаа л хийгээд явчих хэрэгтэй байхгүй юу. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт юм гэнэ лээ гээд суугаад байж болохгүй. Өндөр уулын бүс, мөнх цаст уулс зэрэг мэдэгдэх газраа дулаарал мэдэгдэж байгаа. Гэхдээ гол мөрний ширгэлт, цөлжилтөд бидний буруу дийлэнх шүү гэдгийг л ойлгох ёстой юм.

-Голын гольдролийг өөрчлөх нь ширгэхэд том нөлөө үзүүлээд байна уу. Туулыг гэхэд л гольдрол өөрчилснөөс болж ширгэж байна гэж Заамарын иргэд ярьдаг юм билээ?

Хуулиа л дагамаар байна. Хуульд голын гольдрол дотор ашигт малтмал олборлохгүй гээд оруулаад өгчихсөн. Гэтэл хууль хэрэгжихгүй байна. Байгаль хамгаалах талаас Усны хуульдаа тусгаад өгчихсөн заалтыг нөгөө нэг төрийн байгууллага ойшоохгүй. Лиценз олгож байгаа газар үгүйсгэчихдэг.

Зөвшөөрөл өгчихнө. Лиценз гаргачихна. Аж ахуйн нэгжүүд зөвшөөрлөө авчихсан байхад та нар саад боллоо гээд л матаас бичнэ. Ус ашиглах зөвшөөрөл өг гэж дарамтална. Хууль зөрчсөн асуудал байна, ус ашиглах зөвшөөрлийг энэ хэсэг дээр өгөхгүй ээ гээд гаргахаар “11 11” төв рүү матаас бичнэ.Туул голын сав газрын захиргаа зөвшөөрөл өгөхгүй хүнд суртал гаргалаа гэж матна. Хүний ухамсар, хүний үйл ажиллагаа үнэхээр хэцүү юм. Усны сав газрын ойр орчимд олборлолт явуулчихвал бидний үр хойч усгүй үлдэх юм байна шүү гэдгийг хүн ойлгохгүй юм даа.Ус ашигласны төлбөрөө төлөөгүй мөртлөө л зөвшөөрөл өгсөнгүй гэж дайрдаг. Хуультай нийгэмд хуулиа л мөрдөж амьдрах ёстой.

Төрийн байгууллагууд ч нэгнийхээ тавьсан бодлогыг нь дэмжиж, гаргах шийдвэртээ тусгамаар байгаа юм. Салбарын амбийцийн төлөө бусдыгаа уландаа гишгэж болохгүй.Уул уурхайн лиценз олгохдоо Сав газрын захиргааны дүгнэлтийг авна гэж заасан байдаг ч олгоод л байгаа юм. Алтанбулагт гэхэд л нэлээд хэдэн лиценз шинээр олгочихсон мэдээ байна. Элс хайрганы олборлолт явуулах лиценз. Энд л үйл ажиллагаа явуулж болно гээд тэнд лицензийн олгочоод, дараа нь Туул бохирдлоо, болохоо байлаа гэхээр нь биднийг санадаг байж таарахгүй шүү дээ.

Эхнээсээ л хуулиа мөрдөж, хаана нь лиценз олгож болох, хаана нь болохгүй гэдгийг мэргэжлийн байгууллага сав газрын захиргааныхаа дүгнэлтээ үндэслээд нэг мөр шийдээд явбал хаана хаанаа асуудал үүсэхгүй, ажил явна даа.