Эх үрсийн баяраар дуу цахилгаантай бороотой
Онцгой байдлын ерөнхий газрын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяа
2015.05.29

Эх үрсийн баяраар дуу цахилгаантай бороотой

Ойрын өдрүудийн болон ирэх сарын цаг агаарын төлөв байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газрын цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяатай ярилцлаа.

-Сүүлийн хэдэн өдөр нэлээд усархаг бороо орлоо. Зарим газарт үер болсон гэсэн. Танайд хэчнээн дуудлага ирэв?

Энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө ялангуяа Улаанбаатар хотын ойролцоо нэлээд устай бороо орох талаар Ус цаг уурын газраас мэдээлсэн. Бид энэ мэдээг аваад иргэдэд дуут дохиоллын цамхагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан мэдээлэл яаралтай хүргэж ажилласан. Энэ сарын 27-ны өдөр орсон борооны улмаас хохирол амслаа, эрсдэлд орлоо гэсэн дуудлага ирээгүй. Налайх, Баянзүрх дүүргээс “Гэрт их хэмжээний борооны ус орж ирлээ’’ гэсэн зургаан дуудлага ирсэн.

-Цаг агаарын онц ноцтой нөхцөлд танай байгууллага шуурхай очиж чадаж байна уу?

Ерөнхийдөө Төв аймгийн Баянчандмань сум, Партизан, Хүй долоон . худаг орчимд үүл маш их хуримтлагдаж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд шөнөдөө маш их усархаг бороо орж, үер бууж болзошгүй байгаа юм. Саяын орсон борооноор манай байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Цаашид ч дүүрэг бүрийн онцгой байдлын газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

-Хуурайшилт ихтэйгээс борооны ус хөрсөндөө шингэхгүй үерлэх тохиолдол гарч болзошгүй. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Хэт халалт, хуурайшлын улмаас үер буух эрсдэл үүсдэг. Одоогоор борооны ус хөрсөндөө шингэхгүй үер болсон тохиолдол гараагүй байна. Гэхдээ борооны улирал ирж байгаа учраас байгаль цаг уур яахыг бид таашгүй. Тиймээс иргэд мэдээллийг цаг алдалгүй авах, бага насны хүүхдээ хараа хяналтдаа байлгах шаардлагатай.

Мөн суваг, шуудуу татахаас эхлээд өөрсдийн зүгээс шалтгаалах хамгаалалтуудыг хийх хэрэгтэй. Үер маш богино хугацаанд болж өнгөрдөг. Тиймээс дор бүртээ сонор сэрэмжтэй байх нь чухал. Хүчтэй аадар бороо орохын өмнө ширүүн салхилдаг. Иргэд энэ байдлаас ч өөрсдийгөө хамгаалах талаар анхаарах ёстой.

-Сарын сүүлч болон зургадугаар сарын эхний өдрүүдэд цаг агаар ямар байх бол?

Ойрын өдрүүдэд усархаг, аянга дуу цахилгаантай бороо орж болзошгүй. Эх үрсийн баярын буюу бүх нийтийн амралтын өдөр дуу цахилгаантай, усархаг бороо орно. Тавдугаар сарын сүүлч зургадугаар сарын эхээр нийт нутгаар эрс сэрүүсэх төлөвтэй байна. Өнөөдөр баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, маргааш болон нөгөөдөр баруун ба төвийн нутгаар, ирэх сарын 1-нд ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи өнөө маргааш баруун зүгийн, зургадугаар сарын 1-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна гэж мэдээлж байгаа. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5, өдөртөө 15-20 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18, ,өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10, өдөртөө 19- 24 хэм дулаан байна. Ер нь ихэнх нутгаар сэрүүснэ.

Хэдийгээр ихэнх гол мөрний усны хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй ч сарын зарим хугацаанд орсон хур тунадасны хэмжээнээе шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж үерлэх магадлалтай. Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.

-Дулаарч байгаатай холбоотой иргэд аялал, зугаалгаар явах нь ихэсдэг. Энэ үеэр усанд осолдох тохиолдол гардаг шүү дээ?

Урин дулааны улирал аялал, зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан иргэддээ голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэгээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Энэ он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан тав, живсэн хоёр, мөс цөмөрснөөс осолдсон хоёр, шаварт суусан нэг, усанд осолдож амь насаа алдсан хоёр тохиолдол гарсан.

Тухайлбал, уржигдар гэхэд Хан-Уул дүүргийн XII хороо, Биокомбинатын гүүрийн доор Туул голд хүн осолдсон гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлэг Туул голд най- ман метрийн гүнд шумбалт хийж Баянхонгор аймгийн харьяат 31 настай, эрэгтэйн цогцсыг олж гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.