Түймрийн нэн аюултай зэрэглэлд 14 аймаг багтаж байна
2015.05.27

Түймрийн нэн аюултай зэрэглэлд 14 аймаг багтаж байна

БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ч. Чулуунбаатараас ой хээрийн түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодрууллаа.

-Улсын хэмжээнд хэдэн удаагийн түймэр гараад байна вэ?

153 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол 16 аймгийн 84 суманд бүртгэгдсэн байна. Түймэрт 40 гаруй айлын гэр, 20 гаруй өвөлжөө хаваржаа, саравч, зам ангийн нэг машин шатаж, 3000 гаруй толгой мал нэрвэгдсэн мэдээлэл байна. ОХУ- аас улсын хил давж есөн удаа хээрийн түймэр орж ирсэн бол Монгол Улсаас БНХАУ-ын хил давж дөрвөн удаа хээрийн түймэр гарчээ.

Урьдчилсан байдлаар 5.3 сая га талбай шатсан. Түймэрт Архангай, Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Говьсүмбэр, Ховд, Хэнтий, Дорнод, Дархан- Уул, Улаанбаатар хотын нутаг дэвсгэр өртөгдөж урьдчилсан байдлаар 4.9 сая га талбай, 600 мянга орчим га ой түймэрт өртсөн байна.

-Түймрээс урьдчилан сэргийлэх талаар танай байгууллагаас ямар арга хэмжээ авч байна вэ?

Түймэр ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байдаг. Мөн урьдчилсан байдлаар түймэр гарсан шалтгаан нь айлын үнстэй нурам болон ОХУ-аас хил давж ирсэн түймэртэй холбоотойгоор гарсан гэж тогтоосон. Дорнод аймгийн Баян-Уул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг зэрэг сумдын түймрүүд цурамнаас дахин алдагдаж, ихээхэн нутаг дэвсгэрийг хамран шатсан нь түймрийн цурам манах ажиллагааг хангалтгүй хийсэн, түймрийн голомт унтарсан гэж тайвширсан зэргээс шалтгаалж байгааг орон нутгийн жижүүрүүдэд анхааруулга өгч ажиллаж байна.

Энэ хавар ихэнх нутагт хуурайшилт  ихтэй байгаа учраас хуурайшилтийн зэргийг бууруулах, хөрсний чийгийг тэтгэх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн нэгэнт түймэр гарсан нөхцөлд хур тунадас нэмэгдүүлж, түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 21 аймгийн 35 экспедиц , 14 аймгийн 28 газрын генератор үйл ажиллагаа явуулахад байнгын бэлэн байдалтай байгаа.

Өнөөдрийн байдлаар Дорнод, Хэнтий, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Сүхбаатар, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн хуурайшилггай нутгуудад үүлэнд нөлөөлөх процесс явуулаад байна.

-Саяхан Мөнгөнморьт суманд түймэр гарсан. Түймэр гарах эрсдэлтэй аймгуудын талаар мэдээлэл өгөөч?

Хамгийн сүүлийн мэдээгээр Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Дорнод аймгийн Баяндун, Булган аймгийн Тэшиг зэрэг газар түймэр гарсныг онцгой байдлын албан хаагчид цурманд оруулаад байна.

Аймгуудын хуурайшлын зэргийг авч үзвэл, Увс аймгийн Улаангом, Баруунтуруун сумд, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Булган, Орхон,Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Дархан-Уул, Улаанбаатар, Төв аймгуудын нийт нутаг түймрийн эрсдэл нэн аюултай буюу 4-р зэрэгт, Завханы Улиастай сум түймрийн эрсдэл аюултай буюу III- р зэрэгт багтаж байна. Улаанбаатараас гадна аймгийн ой түймэрт өртжээ.