Түймэрт 4000 гаруй толгой мал нэрвэгдсэн
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар зарим аймагт тохиолдсон байгалийн гамшигт үзэгдэл цасан шуурга болон хээрийн түймэртэй тэмцэх, хор хохирлыг барагдуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай Монгол Улсын Шадар сайд, Онцгой Байдлын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонслоо.
Түймэрт 40 гаруй айлын гэр, 20 гаруй өвөлжөө хаваржаа, саравч, зам ангийн нэг машин шатаж, 4000 гаруй толгой мал нэрвэгдсэн байна. Түймрийг унтраахад ОБЕГ-аас давхардсан тоогоор 1600 албан хаагч, 102 автомашин, Хилийн цэргээс 420 албан хаагч, 24 автомашин, Цагдаагийн байгууллагаас 45 албан хаагч, орон нутгаас 3000 иргэн, 543 автомашин, 60 мотоцикль, нийт 5000 гаран хүн, 418 автомашин, 47 мотоцикль, хоёр нисдэг тэрэг дайчлагдан ажилласан байна.
ОХУ-аас улсын хил давж 8 удаа хээрийн түймэр орж ирсэн бол Монгол Улсаас БНХАУ-ын хил давж 4 удаа хээрийн түймэр гарчээ. Архангай, Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Говьсүмбэр, Ховд, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тус тус түймэр гарсан байна.
Түймрийн эзэн шалтгаан, талбай, учирсан хохирол одоогоор бүрэн тогтоогдоогүй байна. Харин урьдчилсан байдлаар түймэр гарсан шалтгаан нь айлын үнстэй нурам болон ОХУ-аас хил давж ирсэн түймэртэй холбоотойгоор гарсан гэж тогтоожээ. Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан түймэр цурамнаас дахин дахин алдагдаж байгаа тул одоо хүртэл унтраагүй байгааг ОБЕГ-ын дарга дуулгав.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Ч.Хүрэлбаатар, Х.Болорчулуун, Р.Бурмаа, Ж.Энхбяр, Я.Содбаатар нар асуулт асууж санал хэлсэн юм. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Увс аймгийн Сагил, Өндөрхангай суманд гарсан түймэр юунаас болж гарсныг судалж үзэж шалтгааныг тогтоосон уу, хичнээн хэмжээний хохирол учраад байна вэ.
Цаг уурын нөхцөл байдал үнэхээр хуурайшилттай байсан юм бол гал түймрээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл, сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах арга хэмжээ хэр зэрэг явуулсан бэ гэсэн асуудлыг хөндөв. Гишүүний асуултад ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү хариулахдаа, түймрийг унтраасны дараа ямар шалтгаанаар гарсан талаарх дүгнэлтийг Цагдаагийн байгууллага гаргадаг.
Түймэр хил давж орж ирээгүй л бол хувь хүний хүчин зүйлээс хамааралтай гэж үздэг. Увс аймагт гарсан түймрийг хувь хүний хариуцлагагүй байдалтай холбоотой гэж үзэж байгаа гэсэн тайлбарыг өгсөн бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч өгсөн хариултдаа, олон телевизүүдээр галын аюулаас урьдчилан сэргийлэх тухай шторк явуулж байгаа. Телевизүүдийн мэдээний цагаар хоёр удаа давталттай гаргаж байна.
Шторк хийж үнэ төлбөргүй цацуулахаар телевизүүдэд хүргүүлсэн ч харамсалтай нь бүрэн хийгдэж чадахгүй байгаа. Цаашид энэ асуудалд мониторинг хийнэ гэв. Гишүүдийн зүгээс галын аюул гарахаас урьдчилан сэргийлэх сурталчилгааг сайжруулах шаардлагтайг анхааруулж, ОБЕГ бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгааг хэлж байсан юм.
Мөн ОБЕГ, ойн нөхөрлөл, малчид, байгаль хамгаалагчдын хамтарсан сургалтыг системтэй зохион байгуулах, байгалийн гамшиг, эрсдэлтэй нүүр тулан ажиллаж байгаа ОБЕГ, зэвсэгт хүчний байгууллагын ажилтан болон бусад байгууллага, иргэдийн эрүүл мэндийн асуудлыг хохиролд тооцох асуудлыг авч үзэх хэрэгтэй гэсэн саналыг гаргалаа.
Хуралдаанаар нөхцөл байдлыг сонсч, өргөн бүрэлдэхүүнтэй тал бүрээс нь ярилцаж байгаа тул тодорхой асуудлаар холбогдох яам, газарт хандсан Байнгын хорооны тогтоол гаргах нь зүйтэй гэж үзлээ.