Хушин болон шинэсэн 2000 га ой шатжээ
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Т.Бадрал тэргүүтэй холбогдох албаны хүмүүс ням гарагт Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар буюу Төв аймгийн • Мөнгөнморьт сумаас 45 км зайд орших Тарвагатайн зоо хэмээх газар гарсан ойн түймрийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн зургаан жил орчим хугацаанд ойн түймэр гараагүй уг газарт энэ сарын 22- нд аянга цахилгаантай бороо орсны улмаас хэт хуурайшсан ойд гал гарах шалтгаан болжээ. Уг түймэрт хушин болон шинэсэн 2000 орчим га ой шатсан байна. Түймрийг ОБЕГ-ын 70 гаруй аЛба хаагч, сум орон нутгийн болон Хан Хэнтийн дархан цаазат газрын байгаль хамгаалагчид гээд 100 гаруй хүн ажилласны дүнд цурманд оруулжээ.
Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар зургаан хэсэгтэй, томоохон нутгийг хамардаг тул байгаль хамгаалалагчдад ийм үед ашиглах багаж хэрэгсэл хүрэлцдэггүй тухай тус газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад яриад “Энэ сарын 27-нд Бурхан халдун хайрханыг тахих бэлтгэл хангаж байтал түймэр гарчихлаа” гэжээ.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол гал түймрийг унтраах үлээгч аппарат, мөнгөн болон хоол хүнсний тусламжийг байгаль хамгаалагчид болон ОБЕГ-ынхан, нутгийн иргэдэд өгөв. ОБЕГ-ын дарга Т.Бадрал ч зарим багаж хэрэгслийн тусламж үзүүлэхээр боллоо.