Сато Норико хатагтай Ээжүүдийн төгөл байгууллаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
2015.05.20

Сато Норико хатагтай Ээжүүдийн төгөл байгууллаа

Японы Осака хот дахь Монголын өргөмжит консулаар ажиллаж байсан та бидний сайн таних байгаль хамгаалагч хатагтай Сато Норико өчигдөр нийслэлчүүдэд "буян үйлдэв".

Амьдралынхаа 20 гаруй жилийг монголчуудын эрүүл мэнд, байгаль хамгаалах үйлсэд зарцуулсан тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Ээжүүдийн төгөл" байгуулах санаачилга гаргаж, найз нөхдийнхөө хамтаар голтбор, сакура, монос, гацуур нийлсэн 70 гаруй мод тарилаа.

"Би 20 гаруй жилийн өмнө Монголд анх ирээд сэтгэгдэл маш өндөр буцсан. Тэр үеэс л энд мод тарих хүсэл төрөөд 4-5 жил үрээр ч, суулгацаар ч тарьж үзсэн. Нэг л болж өгөөгүй. Тарьсан сакураг маань нэг бол ухаад аваад явчихна. Эсвэл устгаад газар дээр нь барилга барьчихдаг байлаа.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс даяар мод тарих хөдөлгөөн өрнүүлж, "Одоо л монголчууд нийтээрээ мод тарих нь. Тэдэнд туслах хэрэгтэй" гээд би чадлынхаа хэрээр зүтгэсэн. Монголчууд япончуудад их элэгтэй. 2011 онд Сэндайд газар хөдлөхөд хамгийн түрүүнд монгол хүмүүс эхийн сэтгэлээр хандан тусламжийн гараа сунгасан. Ээж хүн бүр сайхан сэтгэлтэй, хүүхдийнхээ төлөө залбирч, байгаль дэлхийгээ хайрладаг шүү дээ. Тэр сэтгэлээ байгальд шингээн "Ээжүүдийн төгөл"-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулж байна" гэж Сато Норико хэлэв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг "Хүмүүс энд өдөр бүр мод тарьж байгаад баяртай байна. Цаашид олон ажилд бид хатагтай Сато Норикотой хамтарна. Ийм мундаг хүн энд мод тарьж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Түүнийг дагаад нэр хүндтэй олон хүн манай хүрээлэнд айлчиллаа. Бид тэдний тарьсан мод, бутыг арчилж, ургуулна. Энэ хавар хувь хүн, аж ахуй нэгжүүд нийтдээ 40 мянга гаруй мод тарьсан" гэв.