Тарьсан модоо ургуулах нь бидний хүрэх үр дүн байх ёстой
БОНХАЖ-ын сайд Д. Оюунхоролтой ярилцлаа.
-БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах” хөдөлгөөн өрнүүлж, өнгөрсөн бямба гаригт “Мод тарих үндэсний өдөр” тохиолоо. Нэлээд ерген хүрээнд өрнөж байгаа энэ хаврын мод тарилтын онцлог юу байна вэ?
Таны хэлдгээр энэ хавар монголчууд нийтээрээ нэлээд ергөн хүрээнд мод тарьж байна. БОНХАЖЯ-наас санаачлан эхлүүлсэн “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий эрхэм зорилго бол зөвхөн Улаанбаатарт биш улс даяар бүх нийтээрээ мод тарьж, хамгийн гол нь тарьсан модоо ургуулахад оршиж байгаа. Хөдөлгөөнд иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага идэвхтэй оролцож байна. Өнгөрсөн бямба гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу уламжлал болсон “Мод тарих үндэсний өдөр” тохиолоо. “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”- ий хүрээнд бид энэ өдрийг урьд жилүүдийнхээс илүү үр дүнтэй болгохоор хичээж, улс орон даяар мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж, зохион байгуулж ажиллалаа.
Хөдөө орон нутаг, нийслэлээс ирсэн урьдчилсан мэдээгээр “Мод тарих өдөр”-т 50 мянга гаруй иргэн, 4000 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 600 мянга гаруй мод тарьсан байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зарим аймгуудад мод тарих ажил хойшилж ойрын өдрүүдэд нөхөн тарьж байна. Бид улс даяар өрнүүлж байгаа хөдөлгөөнд ач холбогдол өгч, тодорхой хэмжээний 1 санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Аянд идэвхтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах уралдаан мөн зарласан. Хөдөлгөөний эхний үр дүн яаж гарч байна вэ гэдгийг ирэх аравдугаар сард дүгнэнэ.
Энэ жилийн “Мод тарих үндэсний өдөр” Монголд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, аугаа их Ялалтын 70 жилийн ойтой давхацсанаараа онцлогтой байлаа. Ингэж түүхэн өдрүүд давхацсан нь эх орныхоо ногоон байгалийн төлөө сэтгэл, зүтгэл гаргасан бүх хүнд бэлгэшээлтэй сайхан үйл явдал болсон. Бүх нийтээр мод тарих үйл ажиллагаанд УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд болон Оросын холбооны улс, Бүгд найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан улсуудаас Монголд суугаа Элчин сайдууд ирж оролцсон. Энэ үеэр “Парламент төгөл”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллаа.
-Тарьсан модоо ургуулахгүй байгаа тухай шүүмжлэл их байна. Модыг ургуулахын тулд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
БОНХАЖЯ энэ жил тарьсан мод бүрийг ургуулах уриалга гаргаж, үүнийгээ бодит ажил болгохоор ажиллаж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мод бүхнийг чиптэй болгох хөдөлгөөн өрнүүлэх санаачилга гаргасан. Тарьсан мод бүрийг цахим, бүртгэлд оруулж, тухайн модыг хэн тарьсан, ургалт нь ямар байгаа зэргийг хянах, нөгөө талаас тарьсан модыг эзэнжүүлж, хяналт тавих боломжтой болж байгаа юм. Өмнөх жилүүдэд тарьсан модны 60 орчим хувь нь ургасан гэх судалгаа бий. Тийм учраас тарьсан модоо ургуулах нь бидний хүрэх үр дүн байх ёстой.
-Модны тарьц, суулгацыг хаанаас яаж бэлтгэдэг вэ. Зарим хүмүүс ойгоос зулзаган мод авчирч суулгадаг гэж ярих юм?
Байгалийн ойд ургасан модноос нэг ширхэгийг ч авчирч суулгаагүй гэдгийг хатуу хэлмээр байна. "Бүх нийтээр мод тарих" өдрийг угтаж тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг “Ойжуулалт-2015” нэртэйгээр зохион байгуулсан. Гурав хоног үргэлжилсэн үзэсгэлэн худалдаанд нийт 35 аж ахуйн нэгж оролцож, 16 000 орчим суулгац зарж, 32 сая төгрөгийн борлуулалт хийснээс гадна суулгац нийлүүлэх гэрээнүүд хийгдсэн байна. Өнөөдөр улсын хэмжээнд ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 300 орчим аж ахуйн нэгж байна.
Мөн манай яамны харьяа ой хамгаалал, арчилгаа, нөхөн сэргээлт, үржүүлэг, судалгаа, хяналт шинжилгээ хийх үүрэгтэй “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд хот суурин газар шилжүүлэн суулгахад бэлэн болсон стандартын суулгац таван сая 400 мянга орчим байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 600 мянга орчмыг иргэд, аж ахуйн нэгжүүд худалдан авч суулгаад байна. Мод сөөгний тарьц, суулгац худалдан борлуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг БОНХАЖЯ-ны цахим хуудсанд байршуулсан тул ямар төрлийн суулгац худалдаж авч болох вэ. яаж суулгаж, ургуулах вэ гээд бүх мэдээлэл, зөвлөмжийг авах боломжтой.
-Хуулиар 16 нас хүрсэн иргэн бүр мод тарих үүрэг хүлээсэн байдаг. Иргэдийн идэвх хэр байна вэ?
Ойн тухай хуульд 16 нас хүрсэн иргэн бүр мод тарих ёстой. Хэрвээ биеэр оролцож мод тарьж чадаагүй бол хандив өгөх хуулийн заалттай. Нэг модыг 5000 төгрөгөөр тооцож, тухайн үед ханш тогтоосон байсан. Одоо харин зах зээлийнх нь ханшаар тооцоод мод тарих мөнгөө санд нь хуримтлуулчих юм бол ойг нөхөн сэргээхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр болно. Ер нь хараад байхад ийм бүх нийтийн хөдөлгөөнд асуудал болгоныг улстөржүүлдэг, шоу болгодог нөхдүүд л хамгийн муу оролцдог юм байна. Ярьдаг шигээ хийдэг болоосой л гэж хүсэх байна даа.
Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэх зэвсэг нь ой модоо хамгаалах, тарьж ургуулах гэж үздэг. Өнөөдөр Монголын хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч, тоосжилт аюулын харанга дэлдэж байна. Хот суурин газарт амьдрах нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн дундаж нь 24 мкв, гэтэл нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3.2 мкв байгаа.
Энэ тоо дэлхийн дунджаас 7.5 дахин бага байгаа нь бид юм бодох цаг болсон гэдгийг анхааруулж байгаа том сануулга. Эрдэмтэн судлаачдын судалгаагаар хайлаас мод 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, шар хуайс 0.2 кг тоосыг жил бүр өөртөө шингээж авдаг, Ой мод хүчил- төрөгч ялгаруулж, агаарыг цэвэршүүлж, экологийн тэнцвэрийг хадгалж, усыг эргэлтэд оруулдаг гээд тоочвол асар олон ашиг тусыг өгдөг. Тийм учраас бид ирээдүйг харж, “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”- ийг өрнүүлж байна. Монгол хүн бүр байгаль орчноо хамгаалах үйлсэд өөрсдөө идэвхтэй оролцож, ядаж нэг мод ургуулахын төлөө хичээж ажиллаасай л гэж уриалж байна.