Д. Оюунхорол: Иргэн, байгууллага бүр ногоон байгууламжтай болцгооё
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2015.05.12

Д. Оюунхорол: Иргэн, байгууллага бүр ногоон байгууламжтай болцгооё

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласан. Энэ хүрээнд өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтээр мод тарив.

Мод сөөг, тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ахмадын төлөөлөл нийслэл хотоо ногоон төгөл болгоход оролцож, мод тарьсан юм. Мөн энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайн ы ялалтын 70 жилийн ой, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж байна.

Тиймээс УИХ-ын дарга, гишүүдээс гадна ОХУ, Беларусь, Казахстан Улсын Элчин сайд нар хүндэтгэн оролцсон юм. Мөн нийслэлийн ЕБС, цэцэрлэг, эмнэлгүүдэд орчноо цэцэрлэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж 3250 агч, 2000 голт бор, 1500 гүйлс модыг нийслэлээс олгожээ. БОНХАЖ-ын яамнаас Экологийн тэнцвэрт орчинг бүрдүүлэх иргэдэд боловсрол олгох зорилгоор “Нэг гэр бүл нэг төгөл” хөтөлбөрийг хэрэгжүүлж буйгаа энэ үеэр дуулгалаа. Хөтөлбөрийн хүрээнд “Ногоон хашаа” болон “Итгэлийн төгөл” аянг зохион байгуулж байна.

Энэ нь мод бүрийг эзэнжүүлэх, кодлох болон өөрсдийн тарьсан модоо цахим хэлбэрээр харах зэрэг олон талын ач холбогдолтой аж. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мэргэжилтнүүд жилийн дөрвөн улиралд байнгын арчилгаа, тордолгоо хийсний үр дүнд нийт 203 га талбайд 22 төрлийн 110 мянга гаруй мод, сөөг, зүлэг тарьсанаас 95 хувийн ургалттай гэсэн үр дүнг гарчээ, Энэ үеэр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Өмнөх жилүүдэд зохион байгуулсан бүх нийтээр мод тарих өдрүүдээр 'нийт 7,4 сая ширхэг мод тарьсан байна. Энэ тарьсан модны амьдралт 60 орчим хувьтай байгаа нь хангалтгүй дүн юм.

Иймд энэ оноос эхлэн тарьсан модоо арчлан хамгаалж ургуулах, амьдралтын хувийг нэмэгдүүлэх зорилгоор манай яамнаас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”- ийг өрнүүлж байна. 50 жил ургасан нэг мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж, 197 сая төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулдаг юм байна. Иймээс Иргэн бүр хашаандаа мод ургуулах, аж ахуйн нэгж, байгууллага бүр гадна орчиндоо ногоон байгууламжтай болох, өөрийн байгууллагын нэрэмжит таримал ойн сантай болгохыг уриалж байна” гэлээ.