Ногоон хашаа үргэлжилсээр
Ногоон хашаа гэхээр бид ногоон өнгөөр будсан төмөр хашааг төсөөлдөг.Гэтэл тэрхүү хашааг ургамлан хашлагаар солих санаачлага гарган эрүүл, экологийн тэнцвэрт орчинг бий болгох зорилготой “Ногоон хашаа”төсөл нээлтээ хийлээ.
Ногоон хашаа төсөл 2016 оны 11 сар хүртэл нийт 4 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд төсөл үргэлжлэх хугацаанд нийслэлд 30,000 гаруй модыг суулган, арчилж ургуулан ойр орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Хөтөлбөрийг“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ, “Галсан” сан, “МИКА Монгол” ТББ-ууд хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн эхний шатанд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, 3-р амаржих газар, Ерөнхий боловсролын 97-р дунд сургууль зэрэг байгууллагуудад нийтдээ 6450мод тарьж “Ногоон хашаа” бий болгох ажлыг эхлүүллээ.
Мөн дээрх байгууллагууд эхний 3 жилийн хугацаанд тарьсан модныхоо усалгаа, арчилгаа, харуул хамгаалалт зэргийг бүрэн хариуцахаар гэрээ хийсэн ба сар тутам төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс мэргэжлийн баг тарьсан моднуудад хяналт тавин зөвлөгөө өгч ажиллах юм.
Уг “Ногоон хашаа” нь зөвхөн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад олон чухал үүрэг гүйцэтгэхээс гадна хот төлөвлөлтөнд дуу чимээ шингээх, орчиндоо дулаан уур амьсгал бүрдүүлэх, тоосжилт, утаа тортог зэргийг шингээх, хүчилтөрөгч ялгаруулах гээд асар чухал үүргүүдийг гүйцэтгэнэ.