Хууль бус мод бэлтгэсэн хүмүүсийн талаар мэдээлэл өгвөл урамшуулна
Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.
Хууль бусаар мод бэлтгэх уйлдэл экологийн гэмт хэргийн дотор нэг, хоёрдугаар байрыг хуваан эзлэн 2009-2011 онд нийтдээ 4000 орчим мод хууль бусаар бэлтгэсэн нь бүртгэгдэж байгаль орчны эсрэг гэмт хэргийн бараг 70 хувьд хүрчээ. Эрх зүй шинэтгэлийн хүрээнд байгаль орчны багц хууль 2012 онд шинэчлэн батлагдаж, Ойн тухай хуульд орон нутагт ойн ангийн бүтэц бий болж эерэг үр дүн гарч зарим тодорхой үр дүнд хүрсэн байна. Гэвч хүний шууд үйл ажиллагаатай холбоотойгоор мод хууль бусаар бэлтгэх нь буурахгүй, зарим харилцааг зохицуулсан зохицуулалт үгүйлэгдэж, эрх зүйн давхардал хийдэл, зөрчил бий болгожээ.
Мод бэлтгэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа орон нутагт явагддаг байтал, хяналт тавих, зөвшөөрөл олгодог албан тушаалтнууд ажилдаа хайнга ханддагаас хууль бус үйл ажиллагаа газар дээрээ таслан зогсоогдохгүй, Улаанбаатар хотод орж ирсэн хойноо зөрчил илэрдэг байна.Төсвийн тухай хуулиар төсөвт хамаарах бүх гүйлгээг төрийн сангийн нэгдсэн дансаар гүйцэтгэдэг болсноор байгаль орчинд учирсан нөхөн төлбөр болон торгууль нь орон нутгийн төсвийн давсан орлогод тооцогддог аж.
Энэ мөнгө нь орон нутгийн төрийн санд ордог тул Засаг дарга тухай бүрт нь урамшууллын мөнгийг гарган олгох эрх зүйн боломжгүй гэнэ.Байгаль орчныг хамгаалах тухай болон Ойн тухай хуулиар зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэн, зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагчийг урамшуулах зохицуулалт бий. Гэсэн ч "хууль сахиулагч", "сайн дурын бүлэг"- мэдээлэл өгсөн иргэн хүмүүсийг нэмж оруулах саналыг иргэд байгууллагаас ирүүлжээ. Мөн сайн дурын бүлгийг иргэн хүн зөрчлийн талаархи мэдээллийг өгдөг учир хуулийн төсөлд нэмж оруулсан байна.
Олон нийтийн идэвхтэй оролцоонд тулгуурласан хяналтын тогтолцоог бий болгох, урамшуулах, урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох замаар хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх эрх зүйн орчинг сайжруулахаар зорьж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар зарлигийг хэрэгжүүлэх үүднээс Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, хуулийн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийг боловсруулжээ.
УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийн үеэр Монгол орны ойн нөөц ямар хэмжээтэй байгаад хэрхэн буурсан, ойн хэдэн хувь нь хөгширсөн, нөхөн сэргээх, ойн хамгийн том дайсан хор- тон шавьжтай тэмцэх талаар ямар арга хэмжээ авч байгааг тодруулав. Ойн санд эзлэх газрын хэмжээ нийт газар нутгийн 12 хувийг эзэлж байснаа 11.79 болж буурсан бол ойгоор бүрхэгдсэн газрын хэмжээ нийт газар нутгийн 8.03 хувийг эзэлдэг байсан бол 7.78 болж буурчээ. Монгол Улсын ойн сангийн 78 хувь нь хөгширсөн бөгөөд ойн нөхөн сэргээлтийг байгалиараа сэргэн ургахыг дэмжихээс гадна нөхөн сэргээх ажил хийж байгаа аж.
Ойг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахад төсөв санхүүжилт дутагдалтай байгаа учир олон улсын байгууллагуудад хандсанаар хоёр төсөл хэрэгжиж эхлэхээр болжээ. Ирэх жил хортон шавьжний их өсөлтийн жил болох учир 2.5-3 тэрбум төгрөг зарцуулан эхний ээлжид Завхан, Хөвсгөл, Булган аймагт 150 мянган га ойд хортон шавьжнаас хамгаалах хор цацахаар төлөвлөөд байна. Модыг хулгайлсан хойно нь хулгайчтай тэмцэх үү, мод хууль бусаар бэлтгэхтэй тэмцэх үү гэдгийг бодож үзэх нь зүйтэй гэж УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар хэлэв.
Харин салбарын сайд Д.Оюунхорол 1990 оноос хойш хууль бусаар ашигт малтмал олборлох явцад их хэмжээний ойг сүйтгэсэн гээд "урт нэртэй" хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмал олборлох явцад үгүй хийсэн нэг модны оронд 10 мод тарих, олборлолт эхлэхээс өмнө нөхөн сэргээх зардлаа 100 хувь санд байршуулах зэргийг хуульчилсан нь байгаль орчныг нөхөн сэргээхэд ихээхэн чухал шийдвэр болсныг хэллээ.
Хууль бусаар мод бэлтгэсэн хүмүүстэй холбоотой мэдээлэл өгсөн хүнийг урамшуулахаар хуулийн төсөлд тусгасныг гишүүд дэмжээд мэдээлэл өгсөн гэрчийг хамгаалах ёстой гэв. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих, байгаль хамгаалах үйл ажиллагааг уул уурхайн' нөхөн сэргээлттэй уялдуулах зэрэг асуудлыг төсөлд тусгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр цааш хэлэлцүүлэхээр боллоо.