Азийн бүсийн сургалт Монголд эхэллээ
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол сургалтыг нээж үг хэлэв.
2015.02.09

Азийн бүсийн сургалт Монголд эхэллээ

“Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Био аюулгүй байдлын асуудлыг тусган оруулах, нөөц боломжийг дайчлах, чадавхийг бэхжүүлэх” сэдэвт Азийн бүсийн сургалт өнөөдөр эхэллээ.

Монгол Улс НҮБ-ын суурь гурван Конвенцийн нэг болох Биологийн олон янз байдлын конвенцийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Био аюулгүй байдлын Картагены Протоколыг 2002 онд соёрхон баталж, 2007 оноос Хувиргасан амьд организмын тухай хуулийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ удаагийн сургалтыг Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран манай улсад анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол сургалтыг нээж үг хэлэв. Тэрбээр Биологийн олон янз байдлын Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран ийм чухал сургалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлэв. Мөн Монгол Улс Биологийн олон янз байдлын конвенцийг хүчин төгөлдөр олон улсын хууль болоход чухал үүрэг гүйцэтгэсэн орны хувьд тус конвенцийг хэрэгжүүлэх, био аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр чармайн ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Даяарчлал, зах зээлийн харилцаа өргөжихтэй уялдан Биологийн олон янз байдлыг хамгаалах, Био аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэхтэй холбоотой бүх төрлийн харилцааг зохицуулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, энэ салбарт ажиллаж буй боловсон хүчнийг чадавхижуулах шаардлага тулгарч байгаа энэ цаг үед энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болохыг сайд мөн онцолсон юм.

Биологийн олон янз байдлыг хамгийн энгийнээр тайлбарлабал дэлхий дээрх амьдралын олон хэлбэр юм. Өөрөөр хэлбэл,манай гаригийн амьтан, ургамал, мөөг, бичил биетний зүйлүүд төдийгүй тэдгээрийн генийн сан хөмрөг, амьдралын хам бүрдэл, амьдрах орчин, экосистемийн олон янз байдал, тэнд явагдах эволюци, экологийн нийлмэл үйл явц гээд бүгд багтана. Амьд биетийн ямар нэг зүйл дангаараа оршин тогтнож чадахгүй. Амьд биетүүд бие биенээсээ хамааралтай байж амьдралын нэгдмэл тогтолцоо үүсгэнэ.

Нэг зүйл оршин тогтноход бусад олон зүйл хамаатай болохын нэгэн адил ямар нэг зүйл устахад түүнийг дагаад өөр олон зүйл устах нөхцөл бүрдэнэ. Иймээс биологийн олон янз байдлыг хамгаалах хамгийн чухал нөхцөл бол экосистемийн нэгдмэл үйл ажиллагааны хэвийн байдлыг хадгалахад оршиж байгаа юм.

Азийн бүсийн энэхүү сургалтад Биологийн олон янз байдлын конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчид, Бангладеш, Бутан, Брунэй Даруссалам, Камбодж, Хятад, Энэтхэг, Индонез, Иран, Япон, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улс, Лаос, Малайз, Малдивийн Бүгд Найрамдах Улс, Монгол, Мянмар, Непал, Пакистан, Филлиппин, Бүгд Найрамдах Солонгос улс, Сингапур, Шри-Ланк, Тайланд, Тимор-Лесте болон Вьетнам зэрэг 19 орны 40 гаруй төлөөлөгч оролцож байна.

Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй био аюулгүй байдлын асуудлыг уялдуулах замаар биологийн олон янз байдлыг хамгаалах, био аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход шаардлагатай олон асуудлыг шийдвэрлэх арга зам, боломж, нөөц бололцоог тодорхойлох уг сургалт таван өдрийн турш үргэлжилнэ гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.