Сөүл хотын нэрэмжит хүүхдийн тоглоомын талбайн ажил эхэлнэ
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ нь гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд ах дүү хотууд, ОУ-ын байгууллага болон нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран ажилладаг билээ.
Үүний нэг жишээ бол “Сөүлийн ой төгөл” юм. Сөүл хот болон Улаанбаатар хот нь анх 1995 онд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш эдийн засаг хамтын ажиллагааны хүрээнд хоёр хотын хөгжил дэвшил, хот байгуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр олон талт ажлууд зохион байгуулж ирсэн билээ.
2009 онд Улаанбаатар хотноо айлчилсан Сөүл хотын дарга асан У Сэ Хүн-ний айлчлалын хүрээнд зурагдсан санамж бичигт манай талаас санал болгосны үндсэн дээр Сөүл хотын нэрэмжит төгөл байгуулахаар болсон юм.
Ингээд Сөүл хотын 100 хувийн хөрөнгө оруулалтаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөө зураг төслийн дагуу 1,6 га талбайг хамарч Солонгосын уламжлалт гүн ухааны шийдлийг харуулсан дүрслэлтэй хийгдсэн.
Тэгвэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ нь 2015 онд багагүй бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байгаагийн нэг нь Сөүл хотын нэрэмжит хүүхдийн тоглоомын талбайн ажил юм байна. Энэхүү хүүхдийн тоглоомын талбайн ажил энэ онд эхлэх гэнэ. Мөн Эко танхим, Хүүхдийн номын сан байгуулж, Цагдаагийн талбайн орчны тохижилтын ажлыг хийх гэнэ.