“Ногоон хэрэм” төслийн хүрээнд 800 хайлаас шинээр тарилаа
“Ногоон хэрэм” төсөл
2015.05.20

“Ногоон хэрэм” төслийн хүрээнд 800 хайлаас шинээр тарилаа

Манай улсад 9 дэх жилдээ хэрэгжиж байгаа “Ногоон хэрэм” төслийн хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд, холбогдох албаны хүмүүс хамтран өнгөрсөн 7 хоногт төсөл хэрэгжиж байгаа Өмнөговь аймаг дах Ойжуулалтын талбайд мод тарьсан юм. 

Монгол Улсын цөлжилт эрчимтэй явагдаж байгаа бүс нутагт айлчилж ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг дэмжсэнээр Монгол-Солонгос хоёр орны Ногоон хэрэм ойжуулалтын тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уг төслийн хүрээнд говь нутагт 800 хайлаас шинээр ургуулж эхэлсэн байна. 

2012 онд БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүд дотроос дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд санаа зовнин Солонгос, Зүүн хойд азийн цөлжилттэй тэмцэх, ойн нөхөн сэргээлтийн ажилд сонирхолтой 10 гишүүн нэгдэн “Мод тарьдаг хүмүүс” нэртэй бүлгэм байгуулжээ.

Энэ бүлгэм нь 3 дахь жилдээ Монголд айлчлан Солонгосын засгийн газраас хэрэгжүүлж байгаа Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төсөлтэй танилцан, МУ-ын Их Хурлын гишүүд, БОНХАЖЯам болон орон нутагтай хамтран мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. 

Өмнөговь аймагт мод тарих арга хэмжээнд Монгол дахь БНСУ-ын Элчин сайд Оh Song, “Мод тарьдаг хүмүүс” Ассемблейн гишүүн И Вон Үг, “Ногоон хэрэм” төслийн Ерөнхий захирал Чой Сүн Чон, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, БОНХАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатар, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, Өмнөговь аймгийн БОАЖГ-ын дарга Д.Дэндэвсамба нарын 100 гаруй зочид төлөөлөгчид оролцсон юм. 

2014 оны эцсийн дүнгээр төслийн үр дүнд нийт 1,946 га талбайд ойжуулалт хийгджээ. 
 

БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж байгаа Ногоон хэрэм төсөл нь Өмнөговь аймгийн Даланзадгад, Булган сум, Төв аймгийн Лүн, Баянцагаан сумдад хэрэгжиж байгаа юм.

Хоёр орны Засгийн газар хамтран шар шороон шуургыг сааруулах, цөлжилттэй тэмцэх түүний хор хөнөөлийг багасгах зорилгоор 3,000 га-д ойн зурвас байгуулах, эрдэмтдийн хамтарсан судалгаа, мэргэжилтэн бэлтгэх зорилготой юм. 2014 оны эцсийн дүнгээр төслийн үр дүнд нийт 1,946 га талбайд ойжуулалт хийгджээ. 

Өмнөговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд уул уурхай хөгжиж байгаа ч нөгөө талаас байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай хангалттай түвшинд хөгжиж чадахгүй байна. 

Тиймээс цөлжих аюулд ороод байгаа говь нутгаа ойжуулах ажилд орон нутгийн зүгээс ч хамтарч санаа нэгтэй ажиллаж байна. 

“Ногоон хэрэм” төслийнхөн манай улсад ойжуулалт хийж байгаагийн зэрэгцээ БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалт, хоёр орны эрдэмтдийн хамтарсан зөвлөл, ойн хортонтой тэмцэх, орон нутгийн иргэдэд сургалт зохион байгуулах, орон нутгийн иргэдэд орлого олох нөхцөл бүрдүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм.