Ц.Даваасүрэн: Сангийн сайд огцрох ёстой
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.05.25

Ц.Даваасүрэн: Сангийн сайд огцрох ёстой

УИХ дахь Бие даагчдийн зөвлөл Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Энэ төлөвлөгөөнд тодруулах зүйл их байна. Тухайлбал,  төлөвлөгөө эсвэл гэрээ хоёрын аль нь вэ гэдэг нь тодорхойгүй байна. Мөн төлөвлөгөөний 4.4 заалтад “Сангийн яам Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийн тайланг хүлээн авч баталгаажуулна” гэсэн заалт байна. Энэ заалт хоёр тэрбум долларын хэтрэлтийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Сангийн сайд энэ асуудлыг сайтар судлах хэрэгтэй" гэсэн юм.

Мөн тэрбээр, “Оюутолгой хөдөлж эхэлснээс хойш Монгол Улсын эдийн засаг маш хурдан хөгжиж байгаа. Жил 7.8 хувийн өсөлттэй. Гэхдээ бид яагаад хямраад байна вэ. Учир нь Оюутолгой нийт борлуулалтынхаа 5 хувийг л татварт төлдөг. Гэтэл одоо дахиад 6 тэрбум ам.долларын зээл авлаа. Энэ мөнгөний 2 тэрбум ам.долларыг нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах бол үлдсэн 4 тэрбумаар нь хөрөнгө оруулагч компани өөрийнхөө зээлийг төлөхөд зарцуулна. Ингээд хөрөнгө оруулагч өөрийн өрийг төлсөн мөнгөө Оюутолгойд үүрүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Далд уурхайн төлөвлөгөөний 5.5 дахь заалтад “Далд уурхайн төслийн санхүүжилт болон үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогоос илүү гарсан хөрөнгөөр хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийг эргэ төлнө” гэж заасан. Энэ нь хөрөнгө оруулагчийн зээлийг Оюутолгойгоос төлнө гэсэн үг. Монголын өр одоо 20 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 6.1 тэрбумыг Оюутолгойн зээл эзэлж байсан. Одоо дахин 6 тэрбум ам.доллар нэмлээ. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийн тайланг баталгаажуулан гарын үсэг зурсан тохиолдолд Сангийн сайд огцрох ёстой” гэв.

Түүнчлэн, “Энэ төсөл 100 төгрөгийн борлуулалт хийхэд Монгол Улс ердөө таван төгрөг л авах гэрээтэй. Ийм муу гэрээг сайжруулаагүй байж дахин зээл авах ёсгүй. Бид Оюутолгой төслийг зогсоохыг хүсээгүй. Харин Монгол Улсад ашигтайгаар үргэлжлүүлэх хэрэгтэй” гэлээ.