Бие даагчдын зөвлөлөөс ээлжит мэдээллээ хийлээ
УИХ дахь Бие даагчдын зөвлөл
2015.05.25

Бие даагчдын зөвлөлөөс ээлжит мэдээллээ хийлээ

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс ээлжит мэдээллээ хийлээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд тодруулах зүйл их байгааг дурдлаа.

Тухайлбал төлөвлөгөөний 4.4 заалтад “Сангийн яам Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийнэ тайланг хүлээн авч баталгаажуулна” гэсэн  нь хоёр тэрбум долларын хэтрэлтийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Сангийн сайд энэ асуудлыг сайтар судлах хэрэгтэй  гэсэн юм.

Тэрбээр, “Оюутолгой хөдөлж эхэлснээс хойш Монгол Улсын эдийн засаг маш хурдан хөгжиж байгаа. Жил 7.8 хувийн өсөлттэй. Гэхдээ бид яагаад хямраад байна вэ. Учир нь Оюутолгой нийт борлуулалтынхаа 5 хувийг л татварт төлдөг. Гэтэл одоо дахиад 6 тэрбум ам.долларын зээл авлаа. Энэ мөнгөний 2 тэрбум ам.долларыг нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах бол үлдсэн 4 тэрбумаар нь хөрөнгө оруулагч компани өөрийнхөө зээлийг төлөхөд зарцуулна.

Ингээд хөрөнгө оруулагч өөрийн өрийг төлсөн мөнгөө Оюутолгойд үүрүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Далд уурхайн төлөвлөгөөний 5.5 дахь заалтад “Далд уурхайн төслийн санхүүжилт болон үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогоос илүү гарсан хөрөнгөөр хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийг эргэ төлнө” гэж заасан. Энэ нь хөрөнгө оруулагчийн зээлийг Оюутолгойгоос төлнө гэсэн үг.

Монголын өр одоо 20 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 6.1 тэрбумыг Оюутолгойн зээл эзэлж байсан. Одоо дахин 6 тэрбум ам.доллар нэмлээ. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийн тайланг баталгаажуулан гарын үсэг зурсан тохиолдолд Сангийн сайд огцрох ёстой” гэлээ.

Тэд  Оюутолгойг явуулахыг хориглоогүй, гагцхүү муу гэрээг сайжруулаагүй байж дахин зээл авах ёсгүй гэх байр суурьтай байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.