Татварын шинэчлэлийг хүлээвэл цаг хугацаа алдана
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл нар танилцуулсан юм.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулгадаа, орчин үеийн техник технологийн хөгжил, дэвшилтэй уялдан санхүүгийн анхан шатны болон бусад баримтууд цахим хэлбэрээр хийгдэх байдал түгээмэл болж байгаа нь одоо үйлчилж байгаахуулийн дагуу татварын алба татвар төлөгчөөс цаасан баримтыг ирүүлэхийг шаардаж байгаатай нийцэхгүй байна. Дээрх нөхцөл байдал нь татварын албаны хувьд хяналт шалгалт хийхэд, татвар төлөгчдийн хувьд татвараа үнэн зөв мэдүүлэхэд ихээхэн хүндрэл үүсгэж байгаа юм.
Иймд татварын хяналт шалгалт хийхэд цахим хэлбэрийн баримтуудыг анхан шатны баримтаар хүлээн зөвшөөрөх боломжийг тусгасан заалтыг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан татвар төлөгчийн үүрэгт “18.1.13.татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах;” гэснийг “татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим буюу цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн ба бусад баримтыг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах;” гэж өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулсан.
Ийм өөрчлөлт хийснээр татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих томоохон хөшүүрэг болох бөгөөд цаасан баримтын зардал, амархан үрэгдэх эрсдэлийг бууруулна. Энэ өөрчлөлттэй холбогдуулан цахим баримтыг үнэлэх, түүнийг хяналт шалгалтын явцад хэрхэн хадгалах, битүүмжлэх асуудлыг Санхүү татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар холбогдох төслийг боловсруулсан гэдгийг хэллээ.
Ингээд байнгын хорооны саналаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.1 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.