ЗГ: Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина
2025.06.04

ЗГ: Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. 

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлж, дундаж давхаргыг бүрдүүлнэ”, “Хүн амын худалдан авах чадварт нийцсэн, ногоон шийдэл бүхий чанартай орон сууцны хүрэлцээ, хангамжийг сайжруулна” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дунджаар зургаан хувьд хадгалж, нэг хүнд ногдох үндэсний орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний оролцооны түвшнийг 65 хувьд хүргэнэ гэж тус тус заасан.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан "Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т татвар, нийгмийн даатгалын шинэчлэл хийхээр заасан. Энэ хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууц барих, худалдан авахад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах, татварын дэмжлэгүүдийг оновчтой болгож, цахим татварын тогтолцоог сайжруулах, бүс, орон нутагт ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг тусгасан.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх, иргэн, өрхийн бодит орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч буйг харгалзан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөлд дараах үндсэн чиглэлийг баримталж, холбогдох зохицуулалтыг тусгасан. Үүнд:

·               Иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, бүх нийтээрээ тэгш шударга татвараа төлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

·               Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалтыг татварын бодлогоор дэмжинэ.

·             Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулж, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Хуулийн төсөл батлагдсанаар, иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, тэдний бодит орлого өсөх, худалдан авах чадвар нэмэгдэх, өрхийн амьжиргаа дээшлэх, бүс орон нутаг бие даасан, өрсөлдөхүйц, ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх, татвар төлөгчдийн татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхтэй холбоотой зардал буурах зэрэг эерэг үр дагавартай байна.