Энэ төслийг батлах юм бол Засгийн газрыг огцруулах саналд гарын үсгээ зурна шүү
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү өөрчлөлт төслийн агуулга нь төмөр зам, эрчим хүчний салбарын өрийг Засгийн газрын өрөөс хасах юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлэх гишүүн цөөхөн байсан бөгөөд Д.Дэмбэрэл, Ч.Улаан нар л асуулт асууж саналаа хэлсэн юм.
Д.ДЭМБЭРЭЛ: Энэ жижигхэн өөрчлөлт юм шиг боловч цаанаа их том зүйлийг агуулж байгаа төсөл шүү. Тиймээс гишүүд үүнд анхааралтай хандах хэрэгтэй. Саяхан Цэцийн шийдвэр гарч Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ердийн олонхиор өөрчлөлт оруулдаг болчихсон. Энэ нь тогтвортой байх ёстой хуулийг тогтворгүй болгож байна. Энэ хуульд өөрчлөлт оруулах нь хортой. Ялангуяа, орлогоороо өрөө төлөх боломжтой хоёр салбарыг Засгийн газрын өрөөс гаргаад зээлээ эргэн төлөх найдвартай төслүүдийг нь үлдээж байгаа нь буруу. Энэ төслийг баталж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулснаар ямар үр дүнтэй гэж үзэж байгаа юм бэ?
Ж.ЭРДЭНЭБАТ: Энэ хоёр салбар бол орлого олох боломжтой салбар. Тиймээс гадаадын хөнгөлөлтгэй зээлээр хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг нь эрчимжүүлэх шаардлагатай гэж үзсэн.
Ч.УЛААН: Төмөр зам, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт авах нь зөв. Үүнийг нь ойлгож байгаа. Харин арга нь буруу байна. Ашиг олж болох салбараа Засгийн газрын өрийн багцаас гаргаж байгаа нь буруу. Энэ хоёр салбарт авсан зээлээ бүртгэхгүй, Засгийн газрын өрөндөө тооцохгүй байна гэдэг өөрсдийгөө л хуурч байгаа хэрэг. Түүнээс биш үүнийг нь гаднынхан ойлгоно, хууртахгүй. Засагт хамтран ажиллах гэрээндээ өрийн таазыг нэмэхгүй гээд заачихсан учраас өрийн таазыг нэмэх санал оруулж ирэхээсээ ичээд ийм зүйл оруулж ирж байна гэж ойлголоо.
Уг нь ийм зүйл оруулж ирэхийнхээ оронд нөхцөл байдалдаа тохируулан өрийн таазаа нэмэх санал оруулж ирсэн нь дээр байсан юм. Тиймээс би үүнийг дэмжихгүй. Гишүүд түрүүчээсээ Засгийн газрыг огцруулах санал цуглуулаад эхэллээ. Энэ төслийнхөө дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах юм бол Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг дэмжиж гарын үсгээ зурж, тэдэнтэй нэгдэнэ шүү.
Ийнхүү гишүүд саналаа хэлж дууссаны дараа Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. Энэ нь УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нарын гаргасан дээрх хоёр салбарыг Засгийн газрын өрөөс хасахгүй байх тухай санал юм. Байнгын хорооноос дэмжлэг авч чадаагүй энэ саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд ч дэмжсэнгүй. Ингэснээр Засгийн газраас өргөн барьсан хувилбараараа эцсийн хэлэлцүүлэгт шилжиж байна.
УИХ-ын чуулганаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл байв. Одоо мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын таван хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилдаг. Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг.
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн' төсөлд энэ хуваарилалтад өөрчлөлт оруулах талаар тусгасан. Тодруулбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутагт шилжүүлэх хувийг нэмэгдүүлж, Хүний хөгжил санд төвлөрүүлэх мөнгөний хэмжээг багасгах юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан Д.Дэмбэрэл гишүүн “Орон нутгийн хөгжлийн санд өгөх төсвийг нэмэгдүүлж орон нутгийг дэмжиж байгаа боловч цаагуураа муу үр дагавартай төсөл санагдсан.
Яагаад гэвэл, орон нутгийн удирдлагууд ахиухан төсөв төвлөрүүлэхийн тулд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө хараа хяналтгүй олгож эхлэх юм биш үү. Дээрээс нь, эдийн засаг одоогийнхоосоо ч илүү уул уурхайн салбараас хамааралтай болох нь. Бүр цаашлаад дэлхийн зах зээл дээр уул уурхайн гаралтай түүхий эдийн ханш савлах бүрт манай эдийн засаг дагаж савладаг болно” гэсэн юм.
Түүний энэ байр суурьт Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор хариу тайлбар өгөхдөө, “Байнгын хорооны хуралдаан дээр таны санал яригдсан. Орон нутгийнхан маань газар нутгаа хараа хяналтгүй сүйтгээд байя гэж бодохгүй байлгүй дээ” гэв. Улмаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон , гишүүдийн олонхийн саналаар баталлаа.