“Д.Дорлигжав өрөө төлж байна”
Өчигдөр хуралдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Засгийн газраас оруулж ирсэн Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Хууль зүйн сайд Д.Дорлигжавд хатуу үг нэлээдгүй чулуудав.
Учир нь одоо мөрдөж байгаа Цагдаагийн албаны тухай хуулийг УИХ ердөө хоёрхон жилийн өмнө баталсан. Засгийн газар уг хуулийг 2014 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлээд жил гаруйхны хугацаа өнгөрч байна. Гэтэл Хууль зүйн сайд Д.Дорлигжав уг хуулийг өөрчлөхөөр санал оруулж ирсэн нь экс сайдыг багагүй бухимдуулжээ. Засгийн газраас оруулж ирсэн шинэ хуулийн төслийн тухай Х.Тэмүүжин гишүүн: Хуучин Цагдаагийн албаны тухай хуулийн зорилт нь “Хууль сахиулж , олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй цагдаагийн байгууллагын тогтолцоо ” гэж эхэлдэг. Гэтэл энэ хэсгийг хуулийн заалтаас аваад хаячихсан. Өөрөөр хэлбэл “иргэдэд үйлчлэх” гэдэг чиг үүргийг хуулийн агуулгаас салгаж байна гэж харагдахаар байна.
Хоёрдугаарт, хуулийн 6.5-д байсан “Хотын цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөж хотын захирагч томилж, чөлөөлнө” гэж байсныг буцаагаад цагдаагийн дарга томилж чөлөөлдөг болгож өөрчилж байгаа юм байна. Орон нутаг руу шилжүүлсэн эрх мэдлийг буцаагаад цагдаагийн төв байгууллага руу татаж авч байгаа энэ асуудлаараа жишээ нь хотоос асуусан юм уу, санал авсан юм уу? Гэх мэтчилэн зүйл заалт болгоноор нь харьцуулаад үзэхэд үзэл баримтлал бөгөөд концепцийн хувьд өмнө шийдсэн алхмуудаас ухарсан харагдаж байна.
Хүний эрх рүү халддаг бүх албан тушаалтанд нэг стандарт, журамтай болгоё гэдэг бодлого эргээд унаж байгаа юм байна. Зөвхөн цагдаагийн албаны хуульд процессийг бичих, зөрчил хянан шийдвэрлэх байдлаар бичээд оруулаад ирчихсэн. Нөгөө татвар, мэргэжлийн хяналт, боомт дээр байгаа хилийн албан хаагч, АТГ-ынхан энэ хууль руу орж ирэх боломжгүй болчихож байгаа юм. Цагдаагийн байгууллагын албан хаагч хүнийг шалгах, нэгжихдээ хуулийн хатуу шаардлагаар явдаг, бусад байцаагч нар дураараа шалгаж, хурааж авч, торгож шийтгэдэг тэр процесс дахиад л хэвээрээ үргэлжлэх нь гэсэн юм.
Одоо мөрдөж байгаа Цагдаагийн албаны тухай хуулийг хоёр жилийн УИХ батлахдаа “Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан.
Энэ дагуу тухайн үеийн Засгийн газраас Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч шинээр томилогдсон Хууль зүйн сайд хуулийн төслийг татаж аваад дахин өргөн бариагүй юм байна. Хэрвээ хууль сахиулагчийн эрх зүйн байдлын хууль батлагдвал цагдаа, татвар, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байцаагч гээд иргэний эрхэнд халддаг бүх байгууллага үйл ажиллагааны нэгдсэн нэг стандарттай болох байв.
Гэвч Хууль зүйн сайд уг хуулийн төслийг УИХ-д оруулахын оронд зөвхөн цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулах гэснээс болж шинэ, хуучин хоёр сайдын дунд ширүүхэн тэмцэл үүсээд байна.
Хуулийн салбарт болж байгаа удаа дараагийн энэ ухралтуудаас болж бухимдлаа барьж чадаагүй Х.Тэмүүжин өчигдөр Байнгын хорооны хурал дээр Д.Дорлигжав даргын ярьдаг зүйл, хийдэг ажил газар тэнгэр шиг ялгаатай болоод байна. Өнгөрсөн хавар цагдаагийн хэдэн хурандаа нарыг чуулган, байнгын хороон дээр дагуулж орж ирээд намайг хар тамхины хэрэгт гүтгэж байхад чинь би дуугүй байсан.
Тэр хүмүүсийнхээ туслалцаатайгаар энэ албан тушаал дээр суусан, одоо буцаагаад тэр хүмүүсээ албан тушаалд томилж, өрөө төлж байна. Хүний “хошного” яаж ухаж, хэрэгт яаж гүтгэж болдгийг нийтэд харуулсан, өөрт нь гавьяа байгуулсан тэр цагдаа нараа албан тушаалд томилж байна.
Тэд нартаа тааруулж Цагдаагийн хуулийг бичиж байгаа юм байна. Хуулийн байгууллагуудыг цэгцэнд нь оруулах гэсэн маш олон үзэл санааг өөрийн гараар устгаж байгаа энэ хүнийг хараад дургүй хүрч байна гэж хэлээд хуралдааныг дуусгалгүй хаян гарчээ.
Харамсалтай нь Байнгын хорооны гишүүдийн олонх Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах Д.Дорлигжавын саналыг дэмжсэн юм.