Гадаад хэргийн яаманд ажиллав
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр болон тус байнгын хорооны гишүүн Д.Дэмбэрэл, Н.Энхболд нар өнөөдөр /2015.05.19/ Гадаад хэргийн яаманд ажиллалаа.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, дэд сайд Н.Оюундарь болон тус яамны хэлтсийн дарга нар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан шийдвэр, тогтоолуудын хэрэгжилтийн талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулаад энэ онд хийгдсэн өндөр дээд хэмжээний айлчлалуудын талаар мэдээлэл өглөө.
Мэдээлэл сонссоны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын гадаад бодлогыг төлөөлж буй Гадаад хэргийн яамны үйл ажиллагааг байнгын хорооны зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Мөн тэрээр, Гадаад хэргийн яамны бодлогыг нэг цонхны бодлогод барихыг чухалчилж, ингэснээр Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын нэгдмэл бодлогод нийцүүлэх нь нэн шаардлагатайг онцлов. Түүнчлэн гадаадад ажиллаж буй төрийн тусгай албанд ажиллагсадын мэргэшил, ур чадвар болон гадаад хэлний бэрхшээлийн талаар Байнгын хороонд нэлээдгүй гомдол ирж буй талаар дурдаад үүнийг хэрхэн шийдвэрлэж байгааг лавлав.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ, “Монгол Улсын 340 гаруй иргэн гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд үүнээс 200 гаруй нь төрийн тусгай алба хашиж буй дипломат ажилтнууд юм. Бид хүний нөөц, мэргэшсэн боловсон хүчний шинэчлэлийн талаар зохистой арга хэмжээ авч байна.
Тухайлбал, Монгол Улсыг гадаад орнуудад төлөөлөн сууж байгаа дипломат ажилтнуудыг төрийн албаны шалгалт өгүүлэх талаар мэдэгдсэн байгаа. Мөн түүнчлэн гадаад хэл болон бусад шаардлагатай хууль эрх зүйн мэдлэгт өндөр шаардлага тавин ажиллаж байгаа" гэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.