Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.21.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл нар танилцуулсан юм.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулгадаа, орчин үеийн техник технологийн хөгжил, дэвшилтэй уялдан санхүүгийн анхан шатны болон бусад баримтууд цахим хэлбэрээр хийгдэх байдал түгээмэл болж байгаа нь одоо үйлчилж байгаахуулийн дагуу татварын алба татвар төлөгчөөс цаасан баримтыг ирүүлэхийг шаардаж байгаатай нийцэхгүй байна. Дээрх нөхцөл байдал нь татварын албаны хувьд хяналт шалгалт хийхэд, татвар төлөгчдийн хувьд татвараа үнэн зөв мэдүүлэхэд ихээхэн хүндрэл үүсгэж байгаа юм.
Иймд татварын хяналт шалгалт хийхэд цахим хэлбэрийн баримтуудыг анхан шатны баримтаар хүлээн зөвшөөрөх боломжийг тусгасан заалтыг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан татвар төлөгчийн үүрэгт “18.1.13.татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах;” гэснийг “татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим буюу цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн ба бусад баримтыг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах;” гэж өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулсан.Ийм өөрчлөлт хийснээр татвар төлөгчийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих томоохон хөшүүрэг болох бөгөөд цаасан баримтын зардал, амархан үрэгдэх эрсдэлийг бууруулна. Энэ өөрчлөлттэй холбогдуулан цахим баримтыг үнэлэх, түүнийг хяналт шалгалтын явцад хэрхэн хадгалах, битүүмжлэх асуудлыг Санхүү татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар холбогдох төслийг боловсруулсан гэдгийг хэллээ.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Дэмбэрэл нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, О.Баасанхүү нар саналаа хэлсэн юм. Улсын Их Хурлын даргын захирамжаар татварын хуулийн шинэчлэлийн асуудлыг судалж хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдаж, татварын асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа үед Засгийн газар татварыг нэг хоёроор нь оруулж ирж байгаа нь буруу юм. Иймээс Засгийн газар хуулийн төслөө татаж авах нь зүйтэй, тэгэхгүй бол дэмжих боомжгүй гэдгээ Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл хэлж байв. Харин Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат татварын асуудлыг цогцоор нь авч үзэж, татварын шинэчлэл хийхийг хүлээвэл цаг хугацаа алдах гээд байна. Иймээс татварын шинэчлэлийн ерөнхий зарчимтай агуулга нь нийцэж байгаа зарим өөрчлөлтийг цаг алдалгүй хийх зайлшгүй шаардлага гарч байгаа учраас энэ төслийг боловсруулсан гэдгээ хэллээ.
Ингээд байнгын хорооны саналаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.1 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан юм.
Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр байнгын хороо хуульчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид болон Хуульчдын холбооны төлөөллийг оролцуулан 4 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс давхардсан тоогоор 100 гаруй санал гарсныг ажлын хэсэг болон байнгын хороогоор авч хэлэлцсэн. Мөн хуулийн төслийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн саналын томьёоллыг нэгбүрчлэн хэлэлцэж шийдвэрлэсэн талаар байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан байна.
Тус байнгын хороо хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 37, найруулгын шинжтэй 9 санал, мөн байнгын хорооноос дэмжигдээгүй 9 саналын томьёолол бэлтгэж гишүүдэд тараажээ.
Ингээд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
Чуулганы нэгдсэн хуралдааны үдийн завсарлагаар Төсвийн байнгын хороо хуралдаж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслий анхны хэлэлцүүлэг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.