Нэг их наяд хүртэл төгрөгийн зардлыг хорогдуулах бололцоотой
Сүүлийн жилүүдэд манай улс төсвөө жилээс жилд тэлж ирсэн. Өнөөгийн үүсээд буй эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төсвөө хумих шаардлагатай хэмээн гадаад, дотоодын мэргэжилтнүүд зөвлөж буй. Иймд УИХ-ын гишүүн Ч.Улаанаас түүний байр суурийг тодрууллаа.
-Та Шинэчлэлийн Засгийн газрын үед Сангийн сайдаар ажиллаж байсан. Иймд төсөв хумих тухайд ямар нэг баримжаа байгаа байх гэж бодож байна. Төсвийг хэдий хэмжээнд хумих бололцоотой гэж үзэж байна вэ?
Ашигт малтмалын үнэ ханш харьцангуй өндөр байх үед төсвийн орлого нэмэгдэж, түүнийг дагаж зарлагаа хурдтай өсгөснөөс өнөөгийн хүндрэл үүссэн. Өнөөдөр манай улсын санхүү, эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай болсон. Ашигт малтмалын үнэ унангуут эргээд төсвийн байдал хүндэрдэг ийм нөхцөл байдал руу орчихлоо.
Энэ нөхцөл байдлыг даван туулахын тулд төсвийнхөө орлогыг хурдтай нэмэгдүүлэх ёстой. Гэтэл төсвийн орлого хурдтай нэмэгдэх бололцоо хязгаарлагдмал байна. Тэгэхээр нөгөө талд зарлагаа оновчтой болгохоос өөр аргагүй байдал руу шилжиж байна. Энэ байдал нь өнөөдөр ч үүссэн юм биш. Ер нь хэдэн жилийн өмнөөс л бий болсон.
Өмнө нь Засгийн газар төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлсэн тогтоол гаргаж, УИХ-д эдийн засгийн эрчимжилтийг нэмэгдүүлэх хөтөлбөр оруулж, төсвийн зарлагыг оновчтой болгох, тэвчиж болох зардлыг хэмнэх бодит саналыг дэвшүүлж байсан ч хэрэгжилгүй явсаар өнөөг хүрсэн.
Эдийн засгийн нөхцөл байдал нэгэнт хүнд болчихоор хязгаарлалтын горимд шилжихээс өөр аргагүй болчихоод байна. Ер нь бүхий л бололцоогоо дайчлавал төсөв дээр зардлыг хорогдуулах боломж бий. Сайн тооцоод бүгдээрээ нэгдсэн бодлого барьж ажиллавал 1 их наяд хүртэл төгрөгийн зардлыг хорогдуулах бололцоо байж болох юм гэж үзэж байгаа.
-Төсвийг хумих нь нийгмийг цочроох юм биш үү. Төсөв хумьсны эерэг болон сөрөг тал юу байж болох вэ?
Төсөв хумина гэдэг нийгэмд маш хүнд ачаа болно. Эерэг гэхээсээ сөрөг үр дагавар давамгайлна. Гэхдээ бид гашуун ч гэлээ энэ эмийг “уухаас” өөр аргагүй. Тийм учраас төсвийг оновчтой болгоно гэдэг бол бодитой хөрсөн дээрээ буугаад эрүүл саруулаар цаашид хөгжих бололцоо үүсэх нэг эерэг талтай.
Сөрөг үр дагавар гэвэл олон асуудал үүснэ. Хөрөнгө оруулалтын арга хэмжээ буурна. Үүнээс хамаарч ирээдүйд бий болох боломжийг алдах нөхцөл үүснэ. Нийгмийн амьдралд, ард иргэдийн ахуйд, үндэсний үйлдвэрлэгчдэд багагүй хэмжээний ачаалал болно. Ер нь нийгмээрээ үүрч гарах амаргүй ачаа байх болно.
-Өмнө нь тодорхойгүй хөрөнгө оруулалтаар зарим нэг ажил үйлчилгээ төлөвлөж ирсэн. Өнөөдөр хөрөнгө оруулалт хасах руу орсон үед төсвөө бодитой төлөвлөхийг цаг үе шаардаж байх шиг байна?
Ер нь хөрсөн дээрээ буух хэрэгтэй л гэсэн үг. Өнөөдөр гаднаас манай улсын эдийн засаг руу дэм тус болоод орж ирэх хөрөнгө мөнгөний хэмжээ хязгаарлагдмал байна. Нөгөөтэйгүүр Засгийн газар өрийн таазаа нэмэгдүүлэхгүй гэж байгаа энэ үед дотоод нөөц бололцоогоо ашиглахаасаа өөр зам байхгүй. Ингэхийн тулд төсвийн тодотголоо яаралтай хийх хэрэгтэй. Төсвийг боловсруулахаас эхлээд хэлэлцэж батлах үед ч гэсэн хандлага, арга барилаа өөрчлөх цаг болсон.
Түүнээс Австралид үер болоод нүүрсний үнэ тэнгэрт хадчихсан, Чилид ажил хаялт болоод зэсийн үнэ тэнгэрт хадчихсан нөхцөлд манай түүхий эд борлогдож их хэмжээний орлого орж ирсэн тэр боломжид таарсан зарлагыг энэ чигээр нь авч явна гэвэл дааж давахгүй ачааг үүрэхэд хүрнэ. Тиймээс төсвийг боловсруулахаас хэрэгжүүлэх хүртэлх шат бүрийг цоо шинээр сэтгэж харах хэрэгтэй болчихоод байна.