АССА хөтөлбөр нягтлан бодогчдод олон боломж олгож байна
ММНБИ-ийн АССА хөтөлбөрийн багш Эмили Жэйнтэй ярилцлаа.
–Бид тантай хамтран ажилласандаа баяртай байна. Юуны өмнө мэргэжлийн байгууллагын тухай сэтгэгдлийг тань сонсмоор байна?
Би ММНБИ-ийн ACCA хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаадаа их баяртай байна. Миний хувьд ACCA хөтөлбөрийн ур чадварын түвшний хичээлийг заасан нь одоогийн хийж буй ажилдаа арга барил, цаашид энэ чиглэлээр ажиллах туршлагатай боллоо.
ACCA хөтөлбөрийн оюутнууд болон энэ байгууллага дээр тааралдсан хүн бүр найрсаг, уриалгахан, тусч, мэргэжлийн өндөр түвшний ёс зүйтэй харагдлаа.
-Институтээс явуулж байгаа АССА сургалтын үр өгөөж юу вэ?
Институт нь Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэг олгох сургалтаас гадна дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсад итгэмжлэгдсэн ACCA хөтөлбөрийг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж байгаа нь гишүүддээ илүү их боломжийг олгож байгаагийн илрэл юм.
Мэргэшсэн нягтлан бодогч гэдэг нь энэ салбарт мэргэшсэнийг илтгэж буй өндөр зэрэглэл гэж би боддог. MMНБИ-ийн ACCA хөтөлбөрийн оюутнууд салбарын сайн нягтлан бодогчид бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэгт хүрснээрээ дэлхий нийтэд өөрсдийгөө таниулж, олон мянган нягтлан бодогчдод хаа ч мэргэжлээрээ ажиллах боломж буйг харуулж, уриалан дуудах юм.
-Монголын оюутнуудад суралцахад тулгамдаж байгаа ямар асуудлууд байна?
ACCA оюутнууд бол мэргэжлийн нягтлан бодогчид. Тэдэнд тулгарч буй гол асуудал нь англи хэлний бэрхшээл юм. Өөрөөр хэлбэл, өөр хэл дээр нягтлан бодох бүртгэлийн болон бизнесийн нөхцлийг тусгаж, тодорхой санаагаа илэрхийлж шалгалт өгнө гэдэг хэцүү.
Түүнчлэн оюутнуудын ихэнх нь ажиллангаа суралцаж, ажил амьдралаа зохицуулж байдаг болохоор зарим талдаа сурах цаг зав гаргана гэдэг тэдэнд хүнд санагддаг байх гэж би хардаг, гэхдээ тэд сайн суралцаж, шалгалтаа амжилттай өгөхөөр чармайн ажиллаж байгааг хараад би их бахархаж байна.
-ММНБИ-ийн оюутнуудыг хэрхэн үнэлж байна?
Тэдэнтэй ажиллахад маш сайхан байсан. Тэд өөрсдөө мэргэжлийн хүмүүс бөгөөд салбартаа ажиллаж байгаа болохоор ч тэр үү, амьдралд ойрхон бодит жишээ гарган санаанд оромгүй асуулт асуудаг байсан нь их сонирхолтой.
-Та ингэхэд өмнө нь хаана багшилж байв, өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач?
Би Их британи болон Ирланд улсын мэргэшсэн нягтлан бодогч болоод арваад жил болж байна. Би ажил мэргэжлийн гараагаа Ernst&Young компанийн Англи дахь салбарт аудитороор эхэлж, дараа нь Санхүү бүртгэлийн салбарт нь шилжин ажилласан юм.
Энэ компанид ажиллаж байхдаа олон салбараар явж, мэргэжлийн сургалт удирддаг байсан. Би бусадтайгаа мэргэжлийн талаар туршлагаа солилцон санал бодлоо хуваалцахдаа их баяртай байдаг.
–Би таныг бизнес хийдэг гэж сонссон. Нууц биш бол Монголд ямар бизнес хийдэг вэ?
Би Монголд ирээд 3 жил болж байна. Миний бизнесийн хамтрагч болон би “IARUDI Consulting” гэсэн нэртэй нягтлан бодох бүртгэлийн зөвлөх үйлчилгээний бизнес эрхэлдэг. Манайх нягтлан бодогчдын багтай, бид хамтдаа хэрэглэгчдээ нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх, тэдний гадаадын хөрөнгө оруулагчдад санхүүгийн тайлан бэлтгэж өгөх, мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг.
Жишээ нь: нэгтгэлийн тайлан гаргах, хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргахад бэлтгэх, шинэ урьд өмнө гарч байгаагүй ажил гүйлгээний бүртгэл дээр ажиллах гэх мэтэд тусалдаг.
–Монголын эдийн засаг, хөгжлийн тухайд ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?
Монгол бол асар их нөөцтэй, боломжтой орон. Намайг анх Монголд ирж байсан үетэй харьцуулахад Монголын эдийн засгийн үйл ажиллагаа уналттай байгаа хэдий ч цаашид сэргэнэ гэж би найдаж байгаа.
-Монголын хөгжилд санхүүчид ямар үүрэг гүйцэтгэх вэ, энэ талаарх таны бодол?
Олон төрлийн төслийн ажил хэрэгжүүлж эхлэхэд тодорхой төрлийн хөрөнгө оруулалт шаардагдах нь зайлшгүй. Үүнд санхүүгийн мэргэжилтэнгүүдийн үүрэг маш чухал. Санхүүчид маань эндээс Монголын тогтвортой хөгжлийг дэмжих талыг илүүтэйгээр харгалзан үзэж, хариуцлагатай хандана гэж би итгэдэг.
-Танд маш их баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье.
Баярлалаа.