Манай ажлын онцлог 24 цагаар, хоёргүй сэтгэлээр зүтгэдэгт оршдог
Монгол Улсын Ерөнхий сайдын гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хамаарагддаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар нь Монгол Улсад цахим засаглал тогтоох, “Онлайн эрх чөлөө”-г хэрэгжүүлэх ХХI зууны их үйлсийг гардаж, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах гэсэн Монголчуудын мөрөөдлийг ажил хэрэг болгож байгаа байгууллага билээ.
2012 оны есдүгээр сарын 27-нд тус газрын даргаар томилогдож, өнөөдөр амжилттай удирдаж яваа Ц.Жадамбаатай уулзаж Монгол Улсын ард иргэдэд хамгийн хүртээмжтэй үйлчилдэг, өдөр тутмын амьдралтай нь салшгүй холбоотой Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарт хийгдэж байгаа шинэчлэл, салбарынх нь өмнө шийдлээ хүлээгдэж байгаа ажлуудын талаар ярилцлаа.
Урьд нь Ардчилсан намын нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн бодлогын хэлтсийн даргын албыг хашиж байсан Ц.Жадамбаа даргын өнөөдрийн хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр зорьж яваа ажлуудыг нь сонсож суухад түүнийг энэ албанд томилсон нь зөвхөн улстөрийн томилгоо байгаагүйн нотолгоо мэт санагдсаныг хэлэх ёстой.
-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга ойрдоо тун их ажилтай байх шиг. Өнгөрсөн даваа гарагт төрийн ордонд нэлээн яарчихсан явж харагдсан. Ямар асуудал хөөцөлдөж байгаагаас тань ярилцлагаа эхлэх үү?
Засгийн газар дээр асуудлаа танилцуулаад явж байсан юм. Тэр асуудал маань Засгийн газрын “Шийдлийн цаг”-аар орно. Бидний хувьд 2015 оныг “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жил” болгон зарласан. Энэ ажлынхаа хүрээнд төрийн бүх л үйл ажиллагааг автоматжуулах чиглэлээр ажиллаж байгаа. Гэхдээ энэ ажлыг төр өөрөө мөнгө гаргаж хийхдээ гол нь биш, хувийн хэвшилтэйгээ хамтарч хийх зорилт дэвшүүлсэн.
Энэ нь хувийн хэвшлийг эдийн засгийн хувьд бэхжүүлэн иноваци хийх боломжтой болгож, цаашлаад цахим засаглал хөгжиж байгаа орнуудын сонгодог жишиг болсон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэвшүүлэх логик байгаа юм. Мэдээж шинэ тутам, цахим засаглалын хэлбэр рүү шилжиж байгаа энэ ажил маань хүндрэл, бэрхшээл их дагуулдаг.
Хамгийн гол нь манай хэрэглэгч иргэдийн оролцоо, идэвх хамгийн чухал юм. Өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж сурах хүртэл үл итгэх, эргэлзэх зэрэг сорилтын цаг үеийг даван туулаад явж байна.
-Тэгвэл өнгөрсөн хугацаанд ард иргэдийн эргэлзээг арилгаж өдөр тутмынх нь амьдралын салшгүй хэсэг болсон ямар ажлыг танай байгууллага хийж амжуулав?
Тийм. Их чухал асуулт байна. Өнөөдөр манай иргэдийн өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болсон ТҮЦ машиныг энд дурдах ёстой. Өнөөдөр ТҮЦ машин аль нэг цэг дээр доголдож, ажиллахгүй болоход 11:11 төвд маш олон гомдол ирж байх жишээтэй. Дээр нь “Ухаалаг шуудан” төсөл байна. Замын цагдаагийн бэлэн бус төлбөр тооцоо байна. Хийж амжуулсан томоохон төслүүдээ эргээд харахад иймэрхүү дүр зурагтай.
Манай иргэд төрийн үйлчилгээг ТҮЦ-ээс биеэрээ очиж авдаг байсан бол өнгөрсөн долоо хоногоос эхлээд шууд комьпютер, гар утас, таблет, нөүтбүүкээсээ “www.ezasag.mn” вэб хуудас руу ороод авдаг болсон.
Ер нь л аливаа ажлыг хийхэд хамгийн том бэрхшээл нь хүний л асуудал байдаг.
Өөрөөр хэлбэл хэн ч бай интернет байгаа газраас ямар ч чирэгдэлгүй төрийн үйлчилгээг авдаг боллоо гэсэн үг. Эхний ээлжинд 25 төрийн үйлчилгээг нэвтрүүлсэн байгаа. Энэ дунд өнөөдрийн байдлаар Замын цагдаагийн гурван төрлийн лавлагаа багтсан гэх жишээний. Энэ мэтээр үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгон нэмэгдүүлээд явах болно.
-Та бүхний эдгээр ажил мэдээж хэрэглэгч, ард иргэдэд зориулагдсан. Харин хэрэглэгчээ бэлтгэж, өдөр тутам ашигладаг болгож чадсан уу?
Одоо хамгийн гол асуудал яг наадах чинь болоод байна. Цахим Засгийн орчинд хэрэглэгчээ бэлтгэх асуудал хамгийн гол тулгамддаг юм байна. Жишээ нь одоо бол ямар ч хүн “АТМ” машиныг асуудалгүй хэрэглээд сурчихлаа шүү дээ.
Яг үүнтэй адилхан бидний шинэ тутам нэвтрүүлж байгаа цахим засаглалыг өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлэх асуудал нь үе шаттай, бүр бодлогын процесс болж явдаг юм байна. Энэ чиглэлд бид нэлээн дорвитой, бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөөд явж байна.
-ХХI зуунд Монгол Улсын нүүр царайг илтгэх энэ салбарыг удирдаж багагүй ажлын ард гарчихаад одоо эргээд харж байхад цахим засаглалд учирдаг гол хүндрэл, бэрхшээл нь юу байх юм?
Ер нь л аливаа ажлыг хийхэд хамгийн том бэрхшээл нь хүний л асуудал байдаг. Хоёр байшин ярьдаггүй, хоёр хүн л ярьдаг шүү дээ. Тэр хоёр хүний хоорондын харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчин, тухайн хүний технологид хандаж байгаа хандлагаас технологийн хөгжил, дэвшил шууд хамаарч байна.
Өнөөдөр бид ямар нэгэн шинэ систем нэвтрүүлье гэхэд ойлгодоггүй ч юмуу, хувийн үзэл бодлоосоо хамаарч, эсвэл санхүүгийн боломжоосоо шалтгаалан эсэргүүцэх, няцаах хандлага ажиглагддаг.
Жишээлбэл “iPhone” утсанд монгол хэлийг нэвтрүүлэх, Андройд утсанд албан ёсоор монгол хэл орох тухай асуудал юм.
Тэгээд асуудал болгоныхоо шийдлийг нүүр нүүрээ харж сууж байгаад ярилцаж шийдэхгүй цаас шидэлцэх, бултаж зугатах нь бидний ажилд маш их чөдөр, тушаа болдог. Ингэхийн оронд тойрч сууж байгаад бүх л шийдлийнхээ гарцыг харилцан ярилцаж, асуудлыг шийдэхэд ердөө л 30 минут шаардагдаж байх жишээтэй.
Тийм болохоор хүн нэг ажил зориглон барьж авсан л бол гарцыг нь хамгийн түрүүнд олж хараад, эхнээсээ сайтар ойлголцоод явбал хөрөнгө санхүүгийн асуудлыг ч зохицуулж болж байна. Манай салбарын хувьд хамгийн гол нь хүмүүсийн харилцан ойлголцлын асуудал л байгаа юм. Нөгөөтэйгүүр төрийн бүх л үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хүргэх зорилготой манай салбарын гол онцлог 24 цагаар, хоёргүй сэтгэлээр зүтгэдэгт оршдог.
-Сүүлийн үед дэлхий нийтээрээ “Онлайн эрх чөлөө” гэж их ярьдаг болж. Монгол Улсад энэ талын ойлголт ямархуу түвшинд явдаг юм бол?
Дэлхийн олон улстай харьцуулах юм бол хэд хэдэн үзүүлэлтээр Монгол Улс “Онлайн эрх чөлөө”-тэй орон. Жишээлбэл сайт дээр гарсан аливаа мэдээлэлд захын хүн ямар ч байдлаар сэтгэгдлээ бичиж л байна. Түүнээс хамаарсан эдийн засгийн болон, эрх чөлөөнд нь халдсан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн орчин өнөөдөр бүрдээгүй.
Мөн интернетийн бүх л үйлчилгээнд ямар нэгэн хязгаарлалт хийгдээгүй. Яах аргагүй гэмт хэргийн сэдэлтэй үйлдлүүд гараад байгаа учир хамгийн сүүлд Эрүүгийн цагдаагийн газраас порно сайтуудыг хаасан нь энэ талын ганц хязгаарлалт болсон. Түүнчлэн гар утас болон интернетийн үнийн хувьд маш хямдад ордог. Зүгээр “3G” гар утасны үйлчилгээ харьцангуй шинэ тутам харилцаа учир үнэтэй байж магадгүй.
Бидний зүгээс Монгол шиг цөөн хүн амтай улсын хувьд Олон улсын цахилгаан холбооны хурлуудад нэг асуудлыг байнга хөндөж тавьдаг. Тэр нь юу вэ гэвэл Монгол үндэсний эрх ашиг гэж маш чухал асуудал юм. Нэг үгээр хэлбэл цөөнхийн эрх ашгийн тухай энд ярьж байгаа хэрэг л дээ. Даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцийн хөгжлийг дагаад Монгол хэл, бичиг устаж алга болох магадлал их өндөр шүү дээ.
Жишээ нь гар утсаар мессеж бичихдээ ихэнх хүн баяртай гэхийг “bye” гэдэг болсон Сайн байна уу гэхийг “Hi” гэж байх жишээтэй. Энэ бол дараа дараагийн үед маш муу нөлөөтэй. Аливаа үндэстэн эхлээд хэл нь устаад тэгээд соёл нь байхгүй болж эцэст нь үндэстний хувьд сүйрч алга болдог. Энэ том асуудлыг бид яг одоохон гаргаж ирэх болсон.
Жишээлбэл “iPhone” утсанд монгол хэлийг нэвтрүүлэх, Андройд утсанд албан ёсоор монгол хэл орох тухай асуудал юм. Үүнийг л бид үе шаттайгаар хийгээд явж байна. Эхний ээлжинд бид “Google”-д монгол хэлний тухай асуудлыг хөндөж тавьсан. Ямар ч гэсэн өнөөдрийн байдлаар “Google” дээр Монголын тухай асуудал нэлээн гайгүй түвшинд оччихлоо.
Бид одоо “iPhone” болон Андройдтой яг энэ асуудлыг ярьж байна. Дуугарах ч ёстой. Түүнээс биш интернет үнэтэй байна, хурд муу байна гэдэг асуудал бол харьцангуй ойлголт. Эсрэгээрээ интернетийн эрх чөлөө дотор Монгол Улсын эрх чөлөөний асуудлыг ярих ёстой юм. Энэ ч үүднээс ирэх тавдугаар сарын 4-5-нд Монгол Улсад “Интернетийн эрх чөлөөг хэрэгжүүлэгч орнууд”-ын чуулга уулзалт болох гэж байна. Тэр чуулганд манай агентлагийн зүгээс яг саяын асуудлыг хөндөж тавихаар бэлтгэж байна.
-Одоо хоёулаа ажлаа жаахан хойш нь тавъя. Таны хувьд АН-ын нарийн бичгийн дарга, Улстөрийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад энэ ажилд томилогдсон. Зарим улстөрийн хүчин, хувь улстөрчдийн зүгээс өөрийг чинь улстөрийн томилгоогоор энэ албан ирсэн гэдэг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
Томилгооны хувьд хүн болгон өөр өөрийнхөөрөө л харах байх. Тухайн үед мэргэжлийн бус гэж их гоочлуулж байсан нь үнэн. Эхний үед өөрөө ч “Ямар газар ирчихэв дээ. Би энд юу ч хийх билээ” гэж эргэлзэж байснаа нуухгүй. Харин одоо бол томилогдож ирсэн албан тушаалтан тухайн салбарынхаа маш сайн менежер байх ёстой юм байна гэдгийг л хэлнэ.
Удирдагч хүн хурдан сэтгэдэг, асуудлын голыг олж хардаг, маш сайн менежер л байх ёстой. Сайн менежер бол тухайн салбарыг нүүр улайхааргүй аваад явчихна аа л гэдэг асуудал юм. Хүнээ яаж удирдах вэ, хамгийн гол асуудлаа өмнөө яаж тавих вэ, асуудлыг хэрхэн оновчтой өөрчилж хүндрэлийг тойрох вэ гэдгээс л бүх асуудал эхэлнэ. Энэ бүхнээ л зөв тодорхойлчих юм бол аль ч салбарт амжилт гаргаж чадна. Ямар ч гэсэн өнөөдрийн хувьд би өөрийгөө энэ салбарын гайгүй сайн менежер болсон гэж харж байгаа.
Гэхдээ хамгийн гол нь миний менежментийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хэрэглэгч миний ажлыг дүгнэх ёстой юм. Товчхондоо Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар татвар төлөгчдийн мөнгөөр Цахим засаг гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм байна.
Тэгвэл тэр хөтөлбөр нь иргэнд яаж хүрч, хэрэглэгдэж байна гэдэг нь л хамгийн гол ойлголт юм. Өнөөдөр таны гар утасны сүлжээ сайн, интернет нь хямдхан, хурдтай байж хаа ч явсан төрийн үйлчилгээг интернетээр авч дээрээс нь телевизээ тасралтгүй үзээд, FM-ээ сонсоод явж байвал манай салбарын ажил хэрэглэгч танд хүрч байна л гэсэн үг.
Дараа нь дээрх бүх үйлчилгээний үнэ тариф нь хямдарч, өөр олон төрлийн шинэ үйлчилгээ нэвтрүүлээд байвал манай салбарын ажил тэр хэрээр урагштай, өөдрөг явж байна л гэсэн үг.
-Өөрийн чинь саарал дээлтэй, жижиг саарал машины өмнө авхуулсан зураг цахим ертөнцөөр багагүй шуугиулсан. Том тэргэнээсээ татгалзаж, жижиг машин унасан хэвээрээ юу?
Би одоо ч тэр “Prius” унаж байгаа. Манайд бүртгэлтэй нэг 105 машин байдаг ч ашиглалтын хугацаа нь аль эрт дуусч, актлуулах хэмжээнд оччихсон. Өмнө нь Радио, телевизийн сүлжээ компаниас нэг машин түрээсээр унаж байтал Засгийн газрын тогтоолоор Төрийн өмчийн хороо хураасан.
Дараа нь тэр “Prius”-ыг аваад нэг телевизийн “Сүлд” гэдэг морины нэвтрүүлэгт орох гэж явах замдаа машины өнгө, дээлний өнгө хоёр адилхан байхаар нь хувийнхаа хуудас руу зургийг нь хийчихсэн юм. Тэгсэн чинь түүнийг мэдээ болгоод олон нийтэд цацчихсан л байсан. Түүнээс биш өөрийнхөө талаар популизм хийсэн асуудал ерөөсөө байхгүй.
Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хүндэтгэдгийн хувьд тэр асуудлыг тэр чигт нь орхисон. Ер нь бол тамга барьж төрийн ажлыг амжуулж суугаа хүмүүст төрөөс олгосон машин, тасралтгүй үй ажиллагаа явуулахад чиглэгдсэн туслах байдаг, мэдээж энд тэндээс машинаа хайгаад явахгүйн тулд нэг жолооч байдаг. Ийм л гурван зүйл байдаг, өөр илүү тансаглал байхгүй.
-Таны өрөөний хананд Н.Алтанхуяг даргатай авхуулсан зураг байна. Ингэхэд та АН-ын аль фракцад харьяалагддаг хүн бэ?
Би бол АН-ын л гишүүн. Гэхдээ төрийн жинхэнэ албан хаагч болоод тангараг өргөчихсөн болохоор албан ёсоор гишүүнээсээ түтгэлзчихсэн байгаа. Тодорхой хугацааны дараа төрийн албыг өгсний дараа гишүүнчлэлээ сэргээх нь дараагийн асуудал болох байх.
-Харьяа газруудынхаа дарга нартай 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулсан гэсэн. Танай харъяа ямар байгууллагууд байдаг юм бэ?
Яг манай харьяаны Мэдээлэл холбооны сүлжээ компани, Монголын цахилгаан холбоо компани, “Монгол шуудан” компани, Радио, телевизийн үндэсний сүлжээ улсын үйлдвэрийн газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Үндэсний Дата төв гэсэн зургаан газар байдаг. Бүтцийн хувьд нэлээн том шүү. Харин манай салбар гэж явдаг Харилцаа, холбооны зохицуулах хороог зарим хүмүүс Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын шууд харъяа мэтээр ташаарч ойлгоод байдаг.
Үнэн хэрэгтээ бол бие даасан бүтэцтэй, хараат бус, үнэ тарифын бодлого, зохицуулалтын асуудал хариуцдаг байгууллага юм. Эцэст нь хэлэхэд өнөөдөр төрийн үйлчилгээг 24 цагийн турш авах боломжтой 108 ширхэг ТҮЦ машин улсын хэмжээнд ажиллаж байна. Одоогоор 25 үйлчилгээ үзүүлж байгаа бол удахгүй төрийн 167 үйлчилгээг цахимаар хүргэх боломжтой.
Эдгээр үйлчилгээг амжилттай нэвтрүүлчихвэл төсөвт том хэмнэлт гарна. Ингэж үйлчлүүлэхэд иргэдээс 1000 төгрөгийн хураамж авдаг. Өнөөдөртөө Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын ажлын үр дүн ийм байна.