Эсгий гэрээс өнөөдрийн Нийслэлийг бүтээн байгуулсны баяр
Нийслэлийн МАН-ын хороо 90 жилийн ойгоо өчигдөр ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дэд дарга, МАН- ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Сумъяабазар, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, ХХАА-н дэд сайд Б.Батзориг, НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа болон үе үеийн намын хорооны дарга нар хүрэлцэн ирлээ.
Нийслэлийн МАН- ын 90 жилийн төрсөн өдрөөрөө Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Энэ удаагийн арга хэмжээнд намын гишүүд, дэмжигчид 1500 гаруй хүн хүрэлцэн иржээ. Тусгаар тогтнолын ордны гадна талбайд тусгай тайз засч, хүрэлцэн ирсэн иргэдэд урлагийн тоглолт үзүүлэв.
Нар налайсан ням гаригийн өглөөнөөс нийслэлийн МАН-ын хорооны төрсөн өдрийн бэлтгэл эхэлж, Тусгаар тогтнолын ордны өмнөх шатыг улаан хамба хилэнгээр бүрхсэн нь хажуугаар өнгөрөх иргэдийн сонирхлыг татаж байлаа. Удалгүй энгэртээ одон медаль гялалзуулсан ахмадууд Чингисийн талбайгаас ирж, суудлаа эзэлснээр баярын арга хэмжээ эхлэхэд бэлэн болов. Нийслэлийн МАН-ын хорооны 90 жилийн ойд гурван үеийн төлөөлөл оролцож байв. Залуучууд нь баярын арга хэмжээний ар талыг буюу зохион байгуулалтыг хариуцаж, наагуур цаагуур гүйлдэж, ахмадууд нь гэрийнхээ хойморт налайх адил суудалдаа аль хэдийнэ тухалжээ.
Эргэн тойронд туг далбаа хийсч, дуу хөгжим цангинаж байсан нь баярын уур амьсгалыг улам хүч оруулж байв. Нийслэлийн МАН- ын хорооны дарга Ц.Сандуй арга хэмжээний салхийг хагалж, үг хэллээ. Тэрбээр “Хотын намын хороо 1930 оноос Улаанбаатар хотыг алсын төлөвлөгөөтэй хөгжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 1937 онд нийслэлийг хөгжүүлэх ажлыг эрхэлсэн тусгай хэсгийг сайд нарын зөвлөлийндэргэд байгуулжээ. 1954 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх хоёр дахь төлөвлөгөөг Москва хотод боловсруулж, 1960 он хүртэл мөрдөж, нэг, хоёрдугаар дөчин мянгат, 50 мянгатын орон сууц, Улаанбаатар зочид буудал, Төв цэнгэлдэх хүрээлэн, Ард кино театр, II цахилгаан станц, Улсын их дэлгүүр, чихэр боовны үйлдвэр, сургууль, цэцэрлэг гээд олон барилга сүндэрлүүлсэн түүхтэй.
Хотын ус түгээгүүр, ариутгалын инженерийн байгууламжууд ашиглалтад орж, нийслэлд дулаан, ус хангамж, цэвэрлэх байгууламжийн нэгдсэн систем бий болжээ. Улаанбаатарыг барилгажуулах дараагийн шат нь 1960 оноос эхэлж, хотыг хөгжүүлэх хоёр дахь ерөнхий төлөвлөгөөг баталсан нь барилгын үйлдвэрлэлд угсармал, төмөр бетон хийц нэвтэрч, шинэ технологи, техникийн дэвшил бодлого нэвтэрч нийслэлийн барилгажилт эрчимтэй өрнөжээ.
Үүний үр дүнд орон сууцны иж бүрэн хорооллууд сүндэрлэсэн. Улаанбаатар хотыг 2000 он хүртэл хөгжүүлэх гурав дахь ерөнхий төлөвлөгөөг 1976 онд баталснаар нийслэлийг орон сууцны 21 хороолол, үйлдвэрийн район болгож, Зуун мод, Эмээлт, Сонгино, Налайх зэрэг дагуул хоттой бүхэл бүтэн цогцолбор болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Намын бодлогын хүрээнд үүсээд буй улс төрийн шинэ нөхцөл байдлын хүрээнд нийслэлийн МАН-ын хороо ямар чиг шугам баримтлах, олон нийт болон намын гишүүдтэйгээ хэрхэн харилцах талаар тодорхой бодлого боловсруулж байна.
Энэ хүрээнд намын гишүүдийнхээ итгэлийг хэрхэн алдахгүй байх вэ гэдэг талаас анзаарах нь цаг болжээ. Намын үйл ажиллагааг албан тушаалын гишгүүр, эрх мэдлийн боломж гэж хардаг хүний цуваа намд олширсоор байгааг бид шударгаар хүлээж, энэ зүй бус байдлыг засахаас ажлаа эхлэх нь намын үзэл санаа нэгтний нэгдэл биш ашиг сонирхол нэгтэй хүмүүсийн байгууллага гэж харагчдаар ангижрах боломж юм” гэлээ. Энэ үеэр үе үеийн намын хорооны даргаар ажиллаж, нийслэлийн хөгжил цэцэглэлтийн төлөө оюун бодлоо чилээж явсан, нийслэлийн МАН-ын хорооны 26 дахь дарга Б.Даш-Ёндон, 29 дэх дарга Ө.Энхтүвшин, 30 дахь дарга М.Энхболд нарыг баярын хурлын хойморт урин залж, сэтгэгдлийг нь сонслоо.
МАН-ын дарга М.Энхболд: Нийслэлийн МАН-ын хороо өнгөрсөн хугацаанд ачааны хүндийг үүрсэн
Нийслэлийн намын байгууллага 1924 оны дөрөвдүгээр сард хотын намын анхдугаар хурлаараа бүтэц, бүрэлдэхүүнээ баталж, эн тэргүүнд Монгол Улсын нийслэлийг үндэсний соёлоо хадгалсан орчин үеийн хот болгох шийдвэртэй алхмуудыг хийж эхэлснээр анхны голомтоо бадраасан түүхтэй. Тэр цагаас хойш бараг нэгэн зууныг элээсэн байна. Энэ нь дөрвөн зууны түүхтэй их хот нүүдлийн соёл иргэншлээс суурин соёлд шилжсэн отгон зууны хөгжил дэвшлийн түүх байсан.
Улаанбаатар хотын намын байгууллага ерөнхий боловсролын болон тусгай мэргэжлийн сургууль байгуулан соёл урлаг, шинжлэх ухааны байгууллагуудын . үндэс суурийг тавьсан юм. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хүнд жилүүдэд нийслэлийн МАН-ын гишүүд олноор өртөж байсанд харамслаа илэрхийлж, түүхт 90 жилийн ойн энэ өдөр тэднийг хүндэтгэн дурсан санах нь зүйн хэрэг юм.Эх орны дайны дараа энх цагийн бүтээн байгуулалтын жилүүдэд хотын намын байгууллага нийслэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөх, газар дээрх болон доорх дэд бүтцийг байгуулахад бүх анхаарлаа хандуулсан.
Улаанбаатар хотын таван жилийн төлөвлөгөөг манлайлан биелүүлэгчдийн нэг нь МАН-ын хорооны гишүүд байсан Тус намын байгууллага орчин цагийн хотын соёлтой иргэн, хөдөлмөрийн хамт олныг төлөвшүүлэх талаар олон ажил зохион байгуулсан. Үүний үр дүнд нийслэлийн соёл боловсролтой нэгэн шинэ д үеийг төлөвшүүлсэн. Улаанбаатар маань аж үйлдвэр, дэд бүтэц бүхий боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага төвлөрсөн орон сууц, ногоон байгууламж, цогцолсон орчин үеийн хот болж хөгжсөн. Улаанбаатарчууд дэлхийн улс орны 30 гаруй нийслэлтэй ах, дүүгийн найрсаг харилцаа тогтоож, хамтран ажиллах болсон нь монголчуудыг тив дэлхийд таниулан сурталчлахад ихээхэн түлхэц болсон.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн хөгжиж ирсэн 85 сэргэн мандлын түүхийг бүтээхэд нийслэлийн МАН-ын хороо манлайлан удирдаж байсныг хүн бүхэн мэднэ.Нийслэлийн МАН-ын байгууллага Монголд ардчиллыг төлөвшүүлэх, ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэхэд үлгэр дууриалал болдог. Нийслэлийн намын байгууллагын түүх нь манай гишүүд, дэмжигчдийн хөлс хүч, хөдөлмөр зүтгэл шингэсэн өмнөх зууны их бүтээн байгуулалтын түүх байсныг нийслэлийн өнөөгийн өнгө төрх илтгэн харуулж байна. 90 жилийн хугацаанд нийслэлийн МАН-ын хороо ачааны хүндийг үүрч ирснийг онцлон тэмдэглэж, баяр хүргэмээр байна.
Б.Даш-Ёндон: Ялалт, ялагдал үүрдийнх байдаггүй
Улаанбаатар хотын намын хороо гэдэг энэ их айлын гал голомтыг сахиж, цааш нь асааж байгаа энд хүрэлцэн ирсэн хүмүүст 90 жилийн ойг тохиолдуулан ажлын амжилт сайн сайхныг хүсч байна. Түүхээр бол 90 жил өчүүхэн бага хугацаа. Хүнтэй адилтгавал өтөл насны цаг. Манай намаар бол идэр залуу үе юм. Улаанбаатар намын хороо МАН-ын зохион байгуулалтын бүтцийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг. Нийслэлийн намын байгууллага 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нь түүхэн чухал үйл явдлын нэг яах аргагүй мөн.
Ухар мөчид миний бие энэ арга хэмжээнд оролцож, үг хэлэх хүний тоонд орсондоо баяртай байна. Би Л.Лантуу даргын халааг авч Улаанбаатар хотын намын хорооны даргаар жилийн гаруй хугацаанд ажилласан. Энэ хооронд хотын намын хорооны бодлого, зохион байгуулалт, албан хаагчдынх нь ажил, амьдралд бидний оруулсан хувь нэмэр далайд дуслын төдий юм.
Гэхдээ өнгөрсөн үе бол манай нам, Улаанбаатар хотын намын хороо, гадаад, дотоодоос дарамт шахалт амссан хүнд хүчир цаг үе байсан.Энэ үед надтай хамт хотын намын хороонд бодлогын төвшинд ажиллаж байсан нөхөд эгзэпгэй нөхцел байдлыг амжилттай давсан. Би хэлэх зүйлээ хэлнэ. Ард түмэн, МАН яавал сайн сайхан байх вэ гэдгийг бодож асуудлыг ярьдаг. Одоогийн залгамж халаагаа аятайхан нөхцөлд ажиллаж, амьдарч байна гэж хэлэхэд хэцүү. Хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байна. Мэдээж энэ бэрхшээл нь олон зүйлээс шалтгаалж байгааг та бүхэн мэднэ. Намын эрх мэдлийг сольж барина гэдэг гуталчин, мужаан хоёр хийх ажлаа сольж байгаагаар гуталчин нь үүрд мужаан, мужаан нь дандаа гуталчин болохгүй ээ. Нэг үгээр хэлбэл, ялалт, ялагдал үүрдийн юм биш гэдгийг ухаарах хэрэгтэй.
Ө.Энхтүвшин: Бид үнэнийг хэлж сонгуульд ялах ёстой
Ард түмэн, улс оронд хэрэгтэй гэж үзсэн бол ажлыг миний, чиний, хүний өөрийн гэж ялгахгүйгээр хүнд, хэцүү гэж шантрахгүйгээр шууд барьж аваад хийдэг байсан манай ахмадуудын зан чанарыг авууштай гэж би боддог. Одоо бол мөнгө өгвөл зүтгэнэ. Алга тэнийлгэхгүй бол “Үгүй” гэдэг болж. Өөр нэг чухал туршлага байсан нь өндөр шаардлага, хариуцлага. Энэ нь хүнд итгэл хүлээлгэнэ, эргээд хариуцлага тооцно гэсэн үг. Ийм зарчим үйлчилж байсан учраас ажлыг ч хийдэг боловсон хүчнийг ч бойжуулдаг байж. Магтаалдаа малийж, шүүмжлэлд шөвөгнеөд хариуцлага ярих гэхээр “Нам намайг хэлмэгдүүлж байна” гэх өнгө аястай болсон энэ цаг үед бас л хэрэгтэй зүйл гэж би бодож байна. Шинэчлэл гэдэг мартагдах дөхсөн сайн зүйлийг хэрэгжүүлж эхлэхийг хэлнэ гэж зарим эрдэмтэн, мэргэд сургадаг юм билээ.
Монголд энэ нам, тэр нам гэж ярихаар дургуйцдэг болох гээд байна. Сүүлийн үед төр, төрийн албан хаагчид гэж ярихад хүртэл таатай хандахгүй байна. Тиймээс төр, төрийн алба гэж нэрлэхээс цэрвэж, нийтийн алба болгон өөрчлөх хуулийн төслүүд ч явж байна. Манай Төрийн тэргүүн 2009 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хэлсэн үгэндээ “Монголын хөгжил, дэвшил Монголын төрийн төлөвлөгөөнөөс огт хамаарахгүй ээ. Монголчууд төрийн төлөө биш өөрсдийнхөө төлөө амьдарцгаа. Төрийг бодож биш гагцхүү өөрийгөө бодож, бүтээлч байхыг иргэн бүрээсээ хүсье” гэж уриалсныг та бүхэн санаж байгаа байх. Манай Ерөнхийлөгчийн үг иймэрхүү агуулгатай байдаг юм.
Төрөө битгий бод гэж хэлэхээр надад улсаа битгий бод гэснээс өөрцгүй сонсогдож байна. Тэгэхээр хэн нэгэн иргэнийг хувиа бодлоо гэж буруутгах аргагүй. Уг нь эрх ашгийг эрэмбийг дараалуулбал, эхлээд Монгол Улс, төр дараа нь намын сүүлд нь амин хувийн гэж байх ёстой. Гэтэл энэ эрэмбэ эсрэгээрээ эргэчихээд байна. Сүүлийн үед манай намд маш н туйлын үнэн бий болчихоод байна. Би бол хоёр, хоёрын дөрөв эдэг шиг нэг асуудалд ганц үнэн байдаг гэж итгэдэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Тавантолгойн асуудалд тав, зургаан үнэн байна. Бид үгийн сайхныг.олж хэлэх гэж эрмэлзэх хэрэггүй.
Өнгө хэлбэрийг гоё харагдуулах гэж шохоорхох шаардлагагүй. Гол нь жинхэнэ үнэнийг хэлж сонгуульд ялах ёстой гэж бодож байна. Үе үеийн нийслэлийн намын хорооны дарга нар үг хэлж дууссаны дараа гадаадын улс орнуудын Элчин сайдуудаас ирсэн баярын мэндчилгээг цугласан олонд уншиж сонордуулсан юм. Үүний дараа нийслэлийн МАН 90 залуу боловсон хүчнээр эгнээгээ нэмлээ. МАН-ын гишүүн болсон шижигнэсэн залуусыг төлөөлж, Г.Алтанзагас хэлсэн үгэндээ “Нийслэлийн намын хорооны 50 мянган гишүүн 90 залуугаар бүл нэмж байгаадаа баяртай байна.
Ахмадууд маань тусгаар тогтнол эв нэгдлийн төлөө маш их зүйл хийсэн. Бид үүнийг нь үргэлжлүүлэн авч явах үүрэгтэй. Нийслэлийн МАН- ын хорооны нэр хүндийг сурлага, хөдөлмөрийн амжилтаараа өндөр өргөж явна” гэлээ. Дараа нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мэндчилгээ дэвшүүлж, МАН-ын удирдлагууд болон үе үеийн намын хорооны дарга нарт шагнал гардуулж, урлагийн тоглолт болсноор арга хэмжээ өндөрлөлөө. Ийнхүү нийслэлийн МАН-ын хорооныхон 90 жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн юм.