Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах журмыг баталлаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан
2015.04.25

Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах журмыг баталлаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”-ыг хэлэлцэн баталлаа.

“Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НИТХ-ын 2014 оны 24/03 тогтоолоор “Улаанбаатар-орон сууц сангаас төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг баталсан. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам”-ыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.

Уг журамд нийслэлийн харьяа төрийн байгууллагын төрийн албан хаагч нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн Ажлын алба, нийслэл, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг, хэлтэс, алба, нийслэлийн өмчит төсөвт байгууллага, нийслэлийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийслэл, дүүргийн эмнэлэгт ажиллаж буй төрийн албан хаагчид хамрагдах боломжтой. 

Журмаар тогтоосон нийтлэг шаардлага нь:

  • Нийслэлийн харьяа төрийн байгууллагад 3-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх,
     
  • Ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангаж, үр дүнтэй хэрэгжүүлдэг байх,
     
  • Тухайн ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллах, ёс зүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх,
     
  • Худалдан авах орон сууцныхаа зээлийн урьдчилгаа төлбөрийн 50-иас доошгүй хувийг бүрэн төлж барагдуулах чадвартай байх,
     
  • Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл, шалгуурыг хангасан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг журамд тусгажээ.

Эдгээр шаардлагыг хангасан төрийн албан хаагч Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнаас сонгож урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах хүсэлтээ ажил олгогчдоо гаргах бөгөөд ажил олгогч “Улаанбаатар - Орон сууц сан”-д хандах юм.

"Улаанбаатар - Орон сууц сан"-аас ажил олгогчид квот өгснөөр төрийн албан хаагч, “Улаанбаатар – Орон сууц сан”, банк хамтран гурвалсан гэрээ байгуулах юм байна.