Монголчууд нүүрсний хорт утаагаар амьсгалах ёстой ард түмэн биш
“Улаанбаатар БУК” ХК нь Оросын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар Менежмент” компаний охин компани. Монгол улсад 1984-1991 онд Монголд ажиллаж 1, 3, 10 дугаар хорооллыг барихад бүтээгдэхүүнээ нийлүүлж байв. Зах зээлийн үед үйл ажиллагаа нь тасалдсан ч 4 жилийн өмнөөс шинэ технологи нэвтрүүлж үйлдвэрлэл нь дахин сэргэжээ. Эдүгээ голдуу төмөр бетон эдлэл болон металл хийцүүд үйлдвэрлэдэг. Барилгын салбарын хэлэлцүүлгийн хүрээнд тус компаний гүйцэтгэх захирал Р.Г.Мирзоевтай Монголын барилгын зах зээл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн сэдвээр ярилцлаа.
- Монголд орон сууцны үнэ өндөр байгаагийн шалтгааныг та юу гэж бодож байна вэ?
Хэдийгээр би орон сууцны зах зээлд ажилладаггүй ч гэсэн өөрийн бодлыг хэлье. Монгол бол дэлхийн хамгийн хүйтэн орнуудын нэг. Барилгын ажил цаад тал нь 7-8 сар үргэлжилдэг. Дулаан цагт барилга дээр ажиллаж байсан хүмүүс өвлийн улиралд ажилладаггүй. Барилгын компаниуд жилийн дөрвөн улиралд бүх ажилчдаа цалинжуулах боломжгүй учраас жил болгон ажилчид нь өөрчлөгддөг. Хамт олон байнга өөрчлөгдөх нь үйлдвэрлэлийн бүтээмж, чанарт сөргөөр нөлөөлдөг.
Хоёрдугаарт монгол барилга өндөр өртгөөр босдог. Тайланд мэтийн дулаан орнуудад ямар ч дулаалгагүй б барьдаг байхад Монгол шиг хүйтэн оронд маш сайн дулаалах хэрэгтэй болдог. Зузаан хана барихад мэдээж их хөрөнгө шаардагдана. Дээр нь дулааны төхөөрөмжүүд үнэтэй байдаг нь орон сууцны үнэ өсөх нэг үндсэн шалтгаан гэж бодож байна.
Дараагийн нэг шалтгаан нь монголчууд барилгын салбар луу хошуурсаны үр дүнд барилгын зах зээлд үнийн хөөс бий болсон. Нэг талаас үнэтэй орон сууц худалдаж авах хүмүүс багасч байгаа ч, нөгөө талаас бага орлоготой хүмүүсийн дунд эрэлт өндөр байгаа. Хэрвээ ямар нэгэн зохистой алхам хийхгүй бол барилгын зах зээл хямралд орж болзошгүй.
- Монголд ипотекийн зээлийн бодлого хэр үр дүнтэй хэрэгжсэн гэж та бодож байна вэ?
Монголын эдийн засаг маш жижигхэн учраас байнгын хөдөлгөөнд байх шаардлагатай. Эдийн засгийн аль нэг элемент доголдохоор бусад салбар нь дагаад хямарчихдаг. Валютын ханш, хүмүүсийн орлого тогтворгүй байгаа нь ипотекийн бодлого хэрэгжүүлэхэд саад учруулдаг. Түүнээс гадна ипотекийн зээл өөрөө нэг талаас хүмүүст боломжийг олгодог ч нөгөө талаас хямрал үүсгэдэг тохиолдол бий. 2008 оны дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал үүнээс болж гарсан. Ийм нөхцөлд төр маш зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол буруудна.
2016 онд зэс, нүүрс зэрэг ашигт малтмалын үнэ дахин өсөх хандлагатай байна. Хэдийгээр Монголын имиж хөрөнгө оруулагчдын дунд унасан ч үнэ өсөх нь эдийн засагт шууд үр өгөөжөө өгч эхэлнэ. Тэр болтол барилгын зах зээлд үүсээд буй үнийн хөөс хагарч бусад салбарыг араасаа чирэхгүй байлгаж, тогтоон барих алхамуудыг хийх нь хамгийн чухал гэж бодож байна.
- Хүндрэлийг даван гарахын тулд компаниуд нэгдэх хэрэгтэй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна. Ингэх нь хэр үр дүнтэй вэ?
Зорилгоо зөв тавивал сайн. Гэхдээ компаниудын нэгдэл монополь болж хувирвал аюултай.
- Харин одоо хот байгуулалтын талаар ярилцья. Инженер хүний хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар бодлыг чинь сонсьё.
Гэр хорооллын дахин төлөвлөлт бол хэдэн компаний баяжих боломж бус монголчуудын аюулгүй, тухтай орчинд амьдрах эхлэл.
Аль ч талаас нь харсан маш чухал ажил. Экологийн талаас нь авч үзвэл Улаанбаатарчууд гэр хорооллоос гарсан нүүрсний хортой туаагаар амьсгалж байна. Хоёрдугаарт гэр хороолол нийслэл орчимд их хэмжээний талбайг бохирдуулдаг, эрүүл ахуйн түвшин маш доогуур. Энэ маш аюултай. Монголчууд ийм нөхцөлд амьдрах болтлоо дордсон үндэстэн биш.
Эдийн засгийн талаас нь авч үзвэл гэр хороололд барилгажилт эрчимжвэл хүмүүс ажилтай болно. Хүн амын худалдан авах чадвар дээшилнэ. Их хямралын үед Рузвельт юу хийснийг санаж байгаа биз дээ. Америкчууд зам барилга барьж дэд бүтцээ хөгжүүлснээр хямралаас гарсан.
Гэхдээ нэг НО бий. Гэр хорооллыг барилгажуулахдаа санхүүгийн ямар системээр, эрх зүйн ямар механизмаар энэ бүхнийг гүйцэтгэх вэ гэдэг нь чухал.
Миний бодлоор гэр хорооллыг дахин төлөвлөх ямар их ач холбогдолтой зөв ажил болохыг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн бодитоор, мэргэжлийн түвшинд хүн амд таниулж чадахгүй байна. Үүнд би гайхдаг.
Газар чөлөөлөх болж газрыг нь зах зээлийн боломжийн үнээр худалдаж авья гэхээр тэнгэрт хадсан үнэ хэлээд гэдийчихдэг хүмүүс байна. Ийм зан надад таалагддаггүй. Яагаад гэвэл тэр хүний шунал улс орны эрх ашгаас дээр гарчихаад байна. Энэ ажил бүх нийтийн зүтгэл байхын тулд зөв мэдээлэл түгээх нь маш чухал.
Нөгөө талаас гэр хорооллын хөгжилд оролцох компаниудын үйл ажиллагаа туйлын ил тод байх хэрэгтэй. Тэдний үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байхад төрийн хяналт чухал. Гэр хорооллын дахин төлөвлөлт бол хэдэн компаний баяжих боломж бус монголчуудын аюулгүй, тухтай орчинд амьдрах эхлэл. Энэ ажилд төр гол үүрэг гүйцэтгэх ёстой.
Түүнчлэн гэр хороолол барилгажих нь хотын төвийг тэлж ачааллыг тархаана. Өнөөдрийн байдлаар ихэнх барилгыг нөгөө барилгынх нь бараг цонхонд тулгаж барьдаг. Ийм байж болохгүй.
Монголчууд “зүгээр”, “гайгүй”, “сүртэй ш дээ” гэсэн гурван аймшигтай үгийг мартах хэрэгтэй.
- Монголчуудтай хамтарч ажиллахад ямар нэгэн хүндрэл гардаг уу?
Монголчууд гурван аймшигтай үгийг мартах хэрэгтэй. Энэ нь “зүгээр”, “гайгүй”, “сүртэй ш дээ”. Би хүмүүсийг ажилд авахдаа эдгээр үгийг март гэж зөвлөдөг. Энэ гурван үгнээс болж бүх салбарт хэрэгжиж буй том, жижиг ажлууд бүтэлгүйтдэг. Үүнийг засахын тулд хүмүүсээ сайн хөгжүүлж сургах ёстой. Үнэндээ монголчууд маш авьяаслаг ард түмэн. Манай компаний 90 орчим хувь нь монголчууд. Компани өдий чинээ яваа нь тэдний гавьяа. Би өөрөө бараг монгол болчихсон гэхэд болно.
- Танай компаний хувьд өнөөдөр ямар ямар бүтээн байгуулалт дээр ажиллаж байна вэ?
Манай компани голдуу аж үйлдвэрийн барилгын ажил гүйцэтгэдэг. Орон сууцны салбарт бараг ажилладаггүй. Одоогоор Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажилд оролцож байна. Бид Нийслэлийн авто замын газартай байнгын түншийн харилцаатай ажилладаг. Саяхан бид Япон руу яваад хотын ус зайлуулах системийг хэрхэн хийж болох талаар судлаад ирлээ. Нийслэлтэй хамтраад гурван төрлийн ус зайлуулах системийг Улаанбаатарт байгуулахаар болоод ажил нь эхлээд явж байна.