Орон сууцны 10 хувийн урьдчилгааг ажил хэрэг болгоё
30 хувийн урьдчилгааг 10 болгож, үлдсэн 20 хувийг төр батлан даах талаар Засгийн газар ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.
2015.04.09

Орон сууцны 10 хувийн урьдчилгааг ажил хэрэг болгоё

Хүн амыг орон сууцжуулах төрийн бодлогод нэг зүйлийг өөрчлөхгүй бол цаашаа явахгүй гэдэг нь ойлгомжтой боллоо. Энэ нь хөнгөлөлттэй зээл олголтын 30 хувийн урьдчилгааны босгыг бууруулах. Яагаад гэвэл улсын хэмжээнд орон сууц хэрэгтэй байгаа 200 000 орчим өрх байгаагийн 140 000 нь 30 хувийн урьдчилгааны нөхцлийг хангаж чадахааргүй орлоготой байна.

Төрийн зүгээс цаг үеийн энэ шаардлагыг дагаж иргэдийн төлөх 30 хувийн урьдчилгааг 10 болгох тухай яамны түвшинд ярьж эхэллээ. Гуравдугаар сарын дундуур Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтраад урьдчилгаа төлбөрийн 30 хувийг 10 хувь болгон бууруулж, 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлэх шаардлага хүргүүлсэн. Хэдийгээр заасан хугацаанд нь хэрэгжиж эхлээгүй ч Барилга хот байгуулалтын сайд энэ хувилбарыг судалж Засгийн газар, УИХ-д өргөн барихаар болсон нь иргэдийн дунд том хүлээлт үүсгээд байна. 

Саяхан болж өнгөрсөн “Эдийн засгийн форум-2015”-ын салбар хуралдааны үеэр БХБ-ын сайд Д.Цогтбаатар мэдээлэл өгөхдөө “урьдчилгааг бууруулах боломжтой” гэж ярьсныг нь зарим сэтгүүлчид шүүрэн авч “30 хувийн урьдчилгааг 10 хувь боллоо” гэж цагаас урьтаж яаран мэдээлж нэг хэсэг иргэдийг бужигнуулаад авав. 10 хувиа төлөөд зээлд хамрагдая гэсэн хүмүүс арилжааны банкуудад хандсан тохиолдол ч гарав.

Одоогоор БХБЯ, ХЗЯ, СЯ, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанкнаас бүрдсэн ажлын хэсэг урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах, 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах байрны талбайн 80 м/кв-ын хязгаарыг цуцлах талаар судалж байгаа аж.

Урьдчилгааг бууруулах ажлыг сэтгэлийн хөдлөлөөр шийдэж болохгүй. Хэрэв Засгийн Газар, УИХ зөвшөөрөөд урьдчилгаа төлбөрийг бууруулсан тохиолдолд орон сууцны үнэ өсөх эрсдэлтэй учраас дараах хувилбарыг хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Орон сууцны урьдчилгааны 30 хувийг хэвээр байлгаж, зээлдэгчийн төлөх урьдчилгааг л 10 хувь болгож, 20 хувь дээр нь төр батлан даана. Ингэхдээ хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хамрагдах орон сууцны үнийн хязгаарыг зааж өгч босго тавина. Харин зээлд хамрагдах иргэдийг төрд ажилладаг, хувьд ажилладгаар нь, хөгшин, залуугаар нь ялгахгүй” гэсэн хувилбарыг дэвшүүлж байна. 

Зээлдэгчийн сард төлдөг төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж ачаалал өгөхгүй, зээлийн хүүг нэмэгдүүлэхгүй гэсэн зарчмыг барьж байгаа тул зээлийн хугацааг уртасгах талаар ажлын хэсэг ярилцаж байна.  Хэрэв хөтөлбөр хэрэгжээд эхэлвэл та бид байраа авахаасаа өмнө 30 хувийн урьдчилгаа төлөх байсан бол 10 хувийг нь төлөөд л үлдсэн 20 хувийн урьдчилгааг зээлийн хамтаар олон жилийн хугацаанд төлөхөөр болж байна гэсэн үг. Харин 20 хувийн урьдчилгааг батлан даах сангийн хөрөнгө одоо яригдаж байгаа 80 тэрбумаар хязгаарлагдах уу, цаашид нэмэгдэх үү гэдэг нь тодорхойгүй байна. Одоогийн 8 хувийн хүүтэй зээл олгож байгаа дундаж хэмжээгээр тооцвол 80 тэрбум төгрөгөөр 5000 орчим хүний зээлийг л батлан даана. Энэ нь мөн одоогийн олгож байгаа хэмжээгээр тооцвол 4-5 сарын хүрэлцээ юм.

Мөн цаашид 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг тэтгэврийн даатгалын сантай холбож орон сууцны эх үүсвэрийг өргөтгөх талаар ярьж байна. Засгийн газрын бондын эх үүсвэрээр Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, Монголбанкны эзэмшиж буй Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг тэтгэврийн даатгалын сангийн активт хөрвүүлэх замаар Орон сууцны санхүүжилтын урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилт тавьсан тухайгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэж ажлын хэсэг гарган С.Эрдэнэ сайдаар ахлуулсан билээ.

Гэхдээ 8 хувийн зээлийг тэтгэврийн сантай холбоно гэдгийг олон нийт тэр болгон ойлгохгүй байна. Энгийн үгээр хэлбэл иргэн та сар бүр нийгмийн даатгал төлж ирээдүйд авах тэтгэврийнхээ хуримтлалыг үүсгэж 50 юмуу 55 насанд хүрэхээр тэтгэвэр авах эрхтэй байдаг. Харин тэтгэврийн санг 8 хувийн зээлтэй холбовол тухайн хүн тэтгэврийн нэрийн дансанд байгаа хуримтлалаа барьцаалаад орон сууц авах боломжтой болно гэсэн үг. Ийм жишиг дэлхийд багагүй бий. Тухайлбал Канад улсад байр худалдаж авах, эсвэл бариулахыг хүссэн иргэн тэтгэврийнхээ данснаас 25 000 хүртэлх долларыг ашиглах эрхтэй. Ингэхдээ тухайн хүн орон сууцаа өөрөөсөө гадна хөдөлмөрийн чадваргүй ойр дотныхоо хүнд зориулан худалдан авч, эсвэл бариулж болно. Тэтгэврийн сангаас авсан мөнгөө 15 жилийн дотор эргүүлэн төлөх учиртай. Хэрвээ иргэн тухайн жилдээ тодорхой мөнгийг буцаан өгөөгүй бол түүнд нь орлогын албан татвар ногдуулдаг жишиг байдаг.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газар дөрөвдүгээр сарын 6-ны хуралдаанаараа 1300 айлын түрээсийн орон сууц барих ажлыг хэлэлцсэн нь орлого багатай иргэдийн хувьд чихэнд чимэгтэй мэдээ болов. Уг ажлыг төр, хувийн хэвшлийн концессийн гэрээгээр хийж гүйцэтгэх үүргийг Барилга хот байгуулалтын сайдад даалгав.

Хямд түрээсийн байраар орлого багатай иргэдийг хангах тал дээр Япон улс хамгийн туршлагатай. 1960-1970 аад онд Японд орлого багатай, тэр тусмаа нийгмийн эмзэг хэсэгт зориулсан маш олон түрээсийн орон сууцыг улсын болон орон нутгийн төсвөөр барьжээ.

Нэг сумаар хэд хэдэн туулай буудъя

Дээр дурьдсан санал санаачлагууд хэрэгжээд эхэлвэл эрэлтэд зохицож чадаагүй орон сууцны зах зээл хэвийн хөгжих нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр борлогдохгүй үлдэх магадлалтай байгаа 30 мянган орон сууц эргэлтэнд орно. Хэрвээ 30 хувийг бууруулж 10 болгоод, төр 20 хувийг нь батлан даачихвал орон сууц худалдан авагчдын тоо эрс нэмэгдэж барилгын салбарт ажиллаж буй 5500 ААН, 95700 хүн ажилтайгаа, орлоготойгоо үлдэнэ. Үлдээд зогсохгүй улам олон болж барилгын салбар өмнөхөөсөө ч эрчимтэй хөгжинө.  Одоогоор 30 хувийн босгыг давж чадахгүй байгаа 140 000 айл орон сууцтай болох боломж нээгдэнэ.

Хэрэв тэтгэврийн санг ипотекийн зээлтэй холбох санаа үр дүнтэй хэрэгжвэл зээлийн эх үүсвэр ч нэмэгдэж, ёроолгүй сав шиг болсон тэтгэврийн сан маань хөрөнгийн зах зээлээс мөнгөжих таатай нөхцөл бүрдэх юм.

Түрээсийн орон сууцны хөтөлбөр амжилттай хэрэгжвэл гэр хорооллын дахин төлөвлөх ажилд том түлхэц болно. Өөрөөр хэлбэл дахин төлөвлөлтөд орох сонирхолтой компаниудын хувьд нэгэн том зах зээл үүсч, тэнд ажиллаж цалин авах хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Энэ нь цаанаа агаарын бохирдлыг бууруулах, хүн амын амжиргааг дэмжих гээд олон эерэг талтай. Түүнээс гадна өнөөдөр иргэдийн газрыг авч орон сууц барих явцдаа тухайн айлын амьдрах байрны түрээсийн мөнгийг өгч байгаа компаниудын хувьд тэр айлдаа хямдхан түрээстэй орон сууц олж өгөх бололцоотой болно.

Гол нь ямар нэгэн байдлаар улстөржиж бүх ажлыг нураахгүй  байгаасай л гэж залбиръя.