Э.Бат-Үүл: Нийслэлд хөрөнгө оруулагчдаа дэмжиж ажиллана
Барилга, бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар нийслэлд 2015 онд хийгдэх барилга, бүтээн байгуулалтын талаар холбогдох албаны хүмүүс дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцов.
Уулзалтыг нээж нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархлаа илэрхийлье. Бид 2 дахь жилдээ хаврын ажлын гарааны өмнө та бүхэнтэйгээ уулзаж саналаа солилцож байна.
Өнгөрсөн жил барилга байгууламж барих зориулалтаар газар олгох, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, барилга барих явцад техникийн нөхцөл олгох талаар үйл ажиллагааны журамтай холбогдсон хэлэлцүүлэг хийж та нарын саналыг журмандаа тусгаж байсан. Тэгэхээр өнөөдөр та нартай ярилцаж, санал солилцон журмаа улам боловсронгуй болгоно. Ажилгүйдэл ихсэж, эдийн засаг саарсан энэ үед ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулагчдаа дэмжиж ажиллана. Харин та нар маань өөрийн ашиг сонирхлын дагуу бусдын эрхэд халдалгүй, стандарт нормын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллаарай” гэв.
Энэ жил нийслэлээс барилгын салбарт 100 гаруй тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Дүүргүүдэд том бүтээн байгуулалтын ажлууд явагдана. Мөн нийгмийн салбарын барилгын ажлууд хийгдэж байна. Тухайлбал, өмнөх онд эхлүүлсэн 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг гүйцэтгэж 06 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнээс оны босгон дээр Сүхбаатар дүүргийн 11,17 дугаар хороонд эхний 2 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Харин энэ жил нийслэлд 40-өөд цэцэрлэг барина.
Одоогоор худалдан авах ажиллагаа дүүргийн худалдан авах ажиллагааны газрууд дээр зохион байгуулж байна. Нийслэлээс 2013 онд дүүргүүдэд эрх шилжүүлснээс хойш дүүргүүд өөрийн нутаг дэвсгэр дээр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг дүүргийн удирдлагууд өөрөө зохион байгуулж хариуцлагаа хүлээдэг болсон. Ингэснээрээ орон нутгийн бие даан хөгжих чадвар сайжирч байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байна.
Мөн одоогоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 26 байршилд 40-өөд аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 16 аж ахуй нэгж ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн жил гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 198 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бол энэ оны 6 дугаар сард 700-гаад айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.