“Улаанбаатар - хөрөнгө  оруулалт 2015” уулзалтын бүртгэл эхэллээ
“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт
2015.04.10

“Улаанбаатар - хөрөнгө оруулалт 2015” уулзалтын бүртгэл эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төв болгон хөгжүүлэх хэтийн зорилготой юм.

Чуулга уулзалтад Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид гээд 1000 орчим төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна.

Тус бизнес чуулга уулзалтаар Улаанбаатар хотын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулж, дэлгэрэнгүй нээлттэй мэдээлэл өгөх бөгөөд тус хөтөлбөрүүдэд хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар харилцан санал солилцоно. Төр-хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад нийслэлээс баримталж буй худалдан авалтын бодлого, горим, төлөвлөгөөг танилцуулна. Энэ удаагийн чуулга уулзалт нийслэлийн эдийн засгийн чадамжийг сайжруулах, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахад томоохон түлхэц үзүүлэх үр дүнтэй ажил болно гэж зохион байгуулагчид тооцож байна.

Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон оролцох хүсэлтэй бизнес эрхлэгчдийг Улаанбаатар хотын Худалдааны танхимын www.ubchamber.mn цахим хуудсаар бүртгэж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.