23 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
2015.04.08

23 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан хуралдав.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх байсан ч уг асуудлын талаарх зарим танилцуулга, материал дутуу, ажлын хэсгийн зарим албан тушаалтнууд хуралдаанд ирээгүй учраас энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж буйгаа байнгын хорооны дарга мэдэгдлээ.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа III төслийн санхүүжилтийн хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Засгийн газар энэ оны 2 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлжээ.

Засгийн газрын гишүүн Ц.Цолмон энэ талаар хийсэн танилцуулгадаа, энэхүү төслийн зорилго нь улсын хэмжээнд төслийн эхний хоёр шатанд хэрэгжүүлсэн арга механизмыг бүрэн хэвшүүлэх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт дэмжих, шаардлагатай чадавхи, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, сайн гүйцэтгэлийг урамшуулахад чиглэж байгааг дурдлаа.

Төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас жилийн 1.25 хувийн хүүтэй 23 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох юм байна. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж. Түүнчлэн төслийн санхүүжилтийн хүрээнд Швейцарийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг 11.4 сая ам.долларыг буцалтгүй тусламжийн хэлбэрээр нэмж санхүүжүүлэх юм байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтад парламент, тэр дундаа холбогдох байнгын хороод анхаарч, ил тод байдлыг хангах нь чухал байгааг хэллээ.

Ингээд төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж соёрхон батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.