Нийслэлчүүд МАН-аас нүүр бууруулаагүй, харин их зүйл хүлээж итгэж найдаж байгаа
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйтай уулзах гэж туслахтай нь нэлээн хэд холбогдож, цаг болзсоны эцэст өнгөрсөн бямба гарагт уулзаж ярилцлаа. Тэрбээр 2012 оны наймдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяртай өрсөлдөн ялалт байгуулж, нийслэлийн МАН-ын хорооны 35 дахь даргаар томилогджээ. Энэ сарын 27- нд тохиох нийслэлийн МАН- ын хороо байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан “Хотын хөгжилд-иргэн таны оролцоо" 26 хоногийн аяны нээлтийг өнгөрсөн бямба гарагт хийхээр төлөвлөсөн ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшлуулсан тул түүнтэй уулзах цаг гарч бидний яриа өрнөсөн юм. Очих болгонд хуралтай байсан түүний тухайд аргагүй л улс төрийн ууган хүчин, МАН- ын нийслэлийн хороон даргын хувьд үнэхээр их ажилтай байдаг бололтой юм.
-Өөрийн тань хувьд нийслэлийн МАН-ын хороон даргын ажлыг аваад хоёр жил найман cap өнгөрч байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн МАН- ын хороог ямар бодлого, чиглэлээр удирдаж ирэв, хойшид гол ажлаа юунд чиглүүлэх зорилготой байна?
Намын гишүүдийнхээ итгэлийг хүлээж, энэ сонгуульт ажилд томилогдсоноос хойш өөрийн тань хэлсэн хугацаа өнгөрсөн байна. Тухайн үед манай нам дараалсан сонгуулиудад ялагдаж, гишүүдийн урам зориг ихээхэн суларч, олон хүн МАН-ын хаалгыг саваад гарч байсан хэцүүхэн цаг үед энэ ажлыг зориглон барьж авч байлаа. Энэ ажлыг аваач гэж намын удирдлагын зүгээс санал тавихад эхний удаад татгалзчихаад байж байтал Ө.Энхтүвшин, Г.Занданшатар дарга нар Удирдах зөвлөлийн хурлын өмнө дуудаж уулзаад “Залуу хүний хувьд энэ ажлыг зориглоод хийгээд үзээч” гэсний дагуу ачааны хүндийг үүрээд үзье гэж зориглоод л зүтгэж эхэлсэн.
Одоо эргээд бодоход олон сорилт, бэрхшээлийг давж, тодорхой ажлуудын ард гарсан байна. Өнгөрсөн 2014 оныг МАН-ын дотоод эв нэгдлийг хангахын тулд “Итгэлцэл эв нэгдэл” уриан дор намын анхан шатны байгууллагуудыг дэмжих жил болгон зарлаж олон чухал ажил амжуулсан. Тухайн үед 2012 оны сонгуульд ялагдсаны дараа намын удирдлагууд болон жирийн гишүүдийн хооронд маш том ангал үүсэж, үл ойлголцол ноёлчхоод байсан.
Жирийн гишүүдээ сонсохоо байж хэдхэн тойрон хүрээлэгч, удирдлагын хэмжээнд бүх асуудлаа шийдэж байсныг үндсээр нь өөрчлөхийн тулд нэлээн зоригтой ажиллаж, бас багагүй эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Намын удирдлагуудын бодлогын алдааг засаж жирийн гишүүдийнхээ дэмжлэгийг эргүүлэн олж авахын тулд Улаанбаатар хотын гишүүдээ шинэчлэн бүртгэж, 50 мянган гишүүнээ цахим бүртгэлд хамруулах ажил өнөөдрийн байдлаар 80 хувьтай явж байна.
МАН-ын үндсэн концевци нь цахим нам болох зорилгыг агуулж байгаа учир энэ ажилд ийнхүү анхаарал хандуулсан хэрэг юм. 2014 оны дөрөвдүгээр сарын 14-нд нийслэлийн намын 33 дугаар бага хурлаар би дахин ялалт байгуулж, Нийслэлийн МАН- ын хороон даргаар улиран сонгогдсон.
Өнгөрсөн хоёр жил орчмын хувьд нийслэлд МАН-ын рейтинг тасралтгүй өссөөр ирсний нотолгоо нь Сонгинохайрхан дүүрэгт болсон нөхөн сонгуулиар Д.Сумьяабазар гишүүн 54 хувийн саналаар ялалт байгуулсан бол хамгийн сүүлд энэ дөрөвдүгээр сарын эхний байдлаар УИХ дахь бие даагчид 21 хувь, МАН 18 хувь, АН 16 хувийн санал иргэдээс авснаас тодорхой харагдаж байгаа юм. Энэ бүхэн дээр дүгнэлт хийхэд нийслэлчүүд МАН-аас нүүр бууруулаагүй юм байна, харин биднээс их зүйл хүлээж, итгэл найдвар тавин улс орны ирээдүйг даатгаж байгаа юм байна гэдэг нь харагдаж байна.
Нийслэлийн МАН-ын хувьд АН засагласан өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд ард иргэдийн амьжиргаа хэрхэн доройтов, улс орны эдийн засаг, санхүүгийн байдал ямархуу болов гэдэгт нарийн дүн шинжилгээ хийж бодлогоо боловсруулсан. Ард түмэн МАН-д урьдын адил итгэж, найдсан хэвээрээ байгаа, гагцхүү бид туйлбартай, зорилготой ажиллах ёстой гэдгийг ч “Ардын нам жагсаж чаддаггүй, АН засаглаж чаддаггүй” гэж ард иргэд маань тодорхойлоод байгаад бид гол ажлаа чиглүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн 2014 онд намын дотоод ажлаа сайжруулах, гишүүдтэйгээ тулд ажиллахын тулд ерөөсөө ил гаралгүй, дотроо ажилласан. Харин энэ 2015 онд бид ил гарч, олон нийт рүүгээ хандаж ажиллана. Нөгөөтээгүүр урьд нь гаргаж байсан бодлогын алдаануудыг үндсэнд нь томьёолж гаргасны үр дүнд 2016 оны сонгуульд ялалт байгуулах мөрийн хөтөлбөр гаргах нь одоо бидний гол зорилт гэж ойлгож болно. 2012 онд МАН сонгуульд ялагдахдаа үндсэндээ залуучууд, цахим ертөнцөд алдаа гаргасан.Тийм ч учраас 2015 оныг “Залуучууд, олон нийттэй ажиллах жил” болгоод ажлаа чиглүүлээд явж байна. Энэ жил бидний хувьд 100 гаруй мянган залуучууд буюу оюутан залуустайгаа ихээхэн тулж ажиллаж эхлээд байгаа.
-Нийслэлийн МАН-ын 90 жилийн ойд зориулсан “Хотын хөгжилд-иргэн таны оролцоо” 26 хоногийн аяныг зүгээр нэг шоу болгоод өнгөрүүлэхгүйн тулд яг юу хийх вэ?
Яг л тэр чиглэлд ажлаа зохион байгуулж байна. Улаанбаатар хотыг хөгжүүлэх таван ерөнхий төлөвлөгөө гарсан байдаг. Сүүлийн 25 жилийг тооцохгүй бол Улаанбаатар хотын төлөвлөлт графикийн дагуу зөв явсан. Харин зах зээлийн системд шилжсэнээс хойш шилжилт хөдөлгөөн замбараагаа алдаж 500-800 мянган хүнээр төлөвлөгдсөн хотод өнөөдөр нэг сая 400 мянга орчим иргэн аж төрж байна.
Тухайн үед ажил хариуцаж байхдаа бид ч тодорхой бодлогын алдаа гаргаж байсан нь өнөөдөр ингээд хөндлөнгөөс харж байхад илэрхий анзаарагдаж байгаа юм. Холоос Лондон, ойроос Сөүлийн туршлагыг харахад ерөөсөө л хот байгуулалтын бүхэл бүтэн институциуд ажиллаж мега хотын бүх төлөвлөлт, тулгамдсан асуудлуудыг шийдсэн байдаг.
Тэгэхээр бид давын өмнө Улаанбаатарт хот судлалын институци байгуулах шаардлагатай. Монгол Улсын хөгжлийн олон гарцын хамгийн чухал хэсэг нь хотын хөгжил юм шүү дээ. Тэгэхээр өнөөдрийнх шиг ганц нэг гудамж, гарцыг шинэчлэх биш хотын хөгжлийн цогц бодлоготой болох шаардлагатай гэдгийг эрх баригчдад сануулж, энэ талаар нэлээн дорвитой ажиллах бодолтой байна.
-Өөрийн тань талаар “М.Энхболдын буюу хотын фракцын хүн, Газрыналбаны Сандуй” гэсэн л ерөнхий нэршил байдаг. Ингэхэд та хаана ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй хүн бэ. Ер нь хувь хун талаасаа өөрийгөө жаахан танилцуулахгүй юу?
Би 1970 онд Улаанбаатар хотын II төрөх газар төрсөн, унаган хотын иргэн. Нэгдүгээр арван жилд сурч байгаад 31 дүгээр сургууль байгуулагдахад орж суралцан төгссөн. Нэгдүгээр сургуулийн өмнөх V байранд хүүхэд насаа өнгөрүүлсэн. 10 ангиа онц төгсөөд Эрхүүгийн хэлний бэлтгэлд очсон.
Дараа нь Москва хотын Эдийн засаг, статистикийн дээд сургуульд сурч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсчихөөд аспирантурт сурах гээд сэдвээ авчхаад байхдаа 1996 онд Монголдоо иртэл тэр үеийн МАХН сонгуульд ялагдсан хүнд үе таарсан. Яг тэр үед манай аав “Чи ер нь төрийн албан хаагч бол” гэснээр нийслэлийн Газрын албанд бүр доороос нь эхлээд л ажилласан.
Москвагийн Эдийн засаг, статистикийн дээд сургуулийг П.Жасрай, Д.Бямбасүрэн гуай, өнөөдрийн УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Монгол банканд байсан Ж.Үнэнбат гээд олон мундаг хүмүүс төгссөн. Надтай хамт “Жаст’’-ын Ш.Батхүү суралцан төгсөж байсан. Тэнд сурч байхдаа эхнэртэйгээ танилцан оюутан байхдаа аав, ээж болоод амьдралын аз жаргалыг амсаж байлаа. Уг нь би чинь мэргэжлээрээ эдийн засагч болохоос газрын албаны хүн биш л дээ. Тухайн үед нийслэлийн Газрын алба дөнгөж байгуулагдаж хотын дарга Ж.Наранцацралт, Газрын албаны дарга Даваабаатар нар багаа бүрдүүлж байсан юм билээ.
Хамгийн анх Улаанбаатар хотын газрыг бүсчилж, төлбөр авдаг систем тогтоохоор ажиллаж, эдийн засагч хэрэгтэй болоход нь л нагац ахынхаа зөвлөснөөр л ажилд орж, Сонгинохайрхан дүүргийг хариуцсан төлбөрийн байцаагчаар ажлын гараагаа эхэлж байлаа.
Тэр үед газар сонирхдог хүн ч байхгүй, газрын түрээс, мөнгө авна гэхээр бөөн уур уцаар болж том газар авчихсан зарим нь газраа буцааж өгөх гэж заргалддаг л үе байлаа шүү дээ. Байцаагчаас ахлах мэргэжилтэн, Хэлтсийн дарга болоод нийслэлийн Газрын албаны бүх хэлтсийн даргыг хийж үзсэн. Бүр дараа нь Мэдээллийн төв байгуулагдахад анхных нь даргаар ажиллаж, газрын төлөвлөлтийг цахимаар хийх ажлыг хэрэгжүүлж байлаа.
Тэгж явсаар 2007 онд Газрын албаны дэд дарга, 2008 онд нийслэлийн Газрын албаны дарга болж дөрвөн жил ажилласан. 2012 оны сонгуулийн өмнө улс төрийн албан хаагч болж нийслэлийн Засаг даргын орлогчоор гурван cap ажилласан байдаг юм. Тэгээд сонгуульд орсон, ялагдсан. 2012 оны наймдугаар сарын 10-нд Засаг дарга Э.Бат- Үүл намайг ажлаас чөлөөлсөн, тав хоногийн дараа нийслэлийн МАН-ын хорооны хурлаар энэ албан тушаалд томилогдсон. Үндсэндээ тав хоног гэртээ ажилгүй сууж үзсэн, ийм л намтартай хүн дээ би.
-Аргагүй л МАН-ын бэлтгэгдсэн кадр ажилтан юм байна. Ингэхэд энэ намтай амьдрал, хувь заяагаа холбосон нь хэдэн он байна даа?
Сургууль төгсөж ирээд Ардчилсан социалист залуучуудын холбооны гишүүнээр элсэж, Баянгол дүүргийн залуучуудын холбоог Э.Мөнх-Очир даргалж байхад тэргүүлэгчээр нь ажиллаж байсан. Тухайн үед нам сонгуульд ялагдан У.Хүрэлсүх зэрэг залуучууд намаа аврахын төлөө тэмцэж эхэлж байхад Баянгол дүүрэгт ажиллаж байлаа.
Дараа нь нийслэлийн тэргүүлэгчээр ажиллаж байгаад 35 нас хүрээд ажлаа өгч байсан. Намын хувьд 2000 онд хуучнаар MAXH-д элсэж байсан. 2008 онд Төрийн албаны хуулийн дагуу намаасаа түдгэлзэж Газрын албаны даргаа хийж байгаад хотын намын хорооны даргад нэр дэвшихээс өмнөхөн гишүүнчлэлээ сэргээж байсан.
-Өөрийг чинь яагаад “Хотын фракцын буюу М.Энхболдын хүн” гээд байдаг юм бэ?
Би уг нь М.Энхболд даргын удирдлагад ерөөсөө ажиллаж байгаагүй юм шүү дээ. Яагаад тэгж нэрлээд байдаг юм гэхээр “хотын фракц” гэдэг нь хотод ажиллаж байсан хүмүүсийн л нэгдэл байхгүй юу даа. Тэгж яривал миний аав ч хотын орлогч даргаар ажиллаж байсан хүн.
Сонгинохайрхан дүүргийн анхны Засаг дарга, Алтангэрэл, Мөнхжаргал дарга нарын үед Улаанбаатар хотын орлогч даргаар ажиллаж III,IV хорооллыг гардан байгуулалцсан хүн л дээ. Тухайн үедээ Энэбиш дарга манай аавын цэрэг нь байсан юм. Тухайн үед М.Энхболд дарга хотын дарга болоод тэр дор байгаа Газрын албаны нэг байцаагчтай харьцаад байхгүй шүү дээ.
Хотод ажиллаж байхдаа би М.Энхболд даргатай бараг нүүр тулан уулзаж байгаагүй санагддаг. Харин яах аргагүй ажлаа сайн хийж байсны хувьд дарга нарын хараанд өртөж байсан байх гэж одоо боддог.Газрын албатай холбогдсон нь нэгдүгээрт аавын нөлөө байсан, хоёрдугаарт би өөрт ногдсон ажлаа хийсэн шиг хийгээд явсан нь л өнөөдрийн амжилтад минь нөлөөлсөн. Товчхондоо ийм.
-Өнөөдөр нийслэлийн МАН-ын хороон даргын хувьд намын даргатайгаа байнга уулзаж, ажлаа ярилцдаг байх даа?
Намын дарга болохоос өмнө, өдөр болгон шахуу уулздаг байсан. Харин одоо бол МАН-ын даргын ажлын ачаалал үнэхээр их шүү дээ. Тийм болохоор тэр хүнтэй ойр ойрхон уулзаж ярилцаад байх боломж бага.Тэгээд ч хотын намын хороон дарга бол МАН-д дээрээсээ гуравт жагсдаг эрх мэдэлтэй албан тушаалтан учир өөрөө ихэнх ажлаа төлөвлөж, бодлогоо гаргаад явдаг.
Өнөөдөр ялангуяа хамтарсан Засгийн газар байгуулагдаж улс эх орны өмнө адилхан үүрэг хүлээгээд явж байгаа үед МАН- ын даргын ажлын ачаалал маш их болсон. Тэгэхээр тэр их ажлынх нь хажуугаар би байн байн садаа болоод, элдэв асуудлаар хандаад байх нь зохимжгүй, Харин би өөрөө бүх бодлогоо боловсруулаад, үүрэг хариуцлагаа үүрээд л явах ёстой.
-Өөртэй чинь уулзахаар “Тусгаар тогтнол”-ын ордноор нэлээн хэд орж, ажиглаж явахад нийслэлийн МАН-ын хороо, ялангуяа таны хувьд 2016 оны сонгуульд эмэгтэй гишүүд, ялангуяа залуу бүсгүйчүүддээ ихээхэн итгэл хүлээлгэж, дэмжиж оролцохоор бэлтгэж байгаа байдал ажиглагдлаа. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?
Улстөрийн томоохон намд ахмад үеийнхний зөвлөгөө, оролцоо зайлшгүй байх нь мэдээж. Гэхдээ аливаа томоохон арга хэмжээ, жишээлбэл сонгуульд яг зүтгэх хүч нь залуучууд байдаг юм шүү дээ. Би өнөөдөр 45 настай буюу яг л ачаа үүрэх насан дээрээ явна.
Би үүнийг л хийчих юмсан, энэ ажлын ард гарчих юмсан гэж үнэхээр бяр амтагдаж байгаа үед нь залуучуудаа дэмжсэн шиг дэмжих ёстой. Залуу хүний хувьд би залуучуудаа давын өмнө дэмжиж ажиллана. Нөгөөтээгүүр би эмэгтэй хүнийг ямар нэгэн хариуцлагатай ажилд тавих, итгэл хүлээлгэх, дараа нь үр дүн шаардах дуртай гэх юм уу даа. Эрчүүдийг үгүйсгээгүй ч эмэгтэйчүүдийн ажлын гүйцэтгэл цаанаа арай л өөр байдаг юм.
Манай намын дүрэмд УИХ-д эмэгтэй гишүүдийн эзлэх квотыг 25- аар тогтоосон бол миний хувьд энэ тоог 50-д хүргэчих юмсан гэсэн бодол салдаггүйг нуугаад яах вэ. Ямар ч гэсэн нийслэлийн МАН-ын хороог толгойлж байгаагийн хувьд ирэх сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг аль болох олон болгохын төлөө ажиллаж байна.
-Эмэгтэйчүүдээ дэмжих сан байгуулж, хувиасаа 10 сая төгрөг хандивласан гэж сонссон нь ийм учиртай байж. Улстөрийн ч бай, төрийн албан хаагч ч бай хувиасаа 10 сая төгрөг гаргаад өгөх боломжтой, зоригтой дарга ер нь олон байгаа болов уу?
Тийм ташаа мэдээлэл цацагдсан байсан. Би юу гэж тийм их мөнгө хувиасаа гаргаж чадах вэ дээ. Хотын намын хорооноос хандивласан мөнгө л дөө. Эмэгтэй гишүүдээ дэмжих, тэдний мэдлэг боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тэр сан маань нэлээн амжилттай ажиллах байх гэж бодож байгаа. Ер нь эмэгтэйчүүдээ тодорхой бодлогоор дэмжихгүй бол бас хэцүү, бэрхшээлтэй асуудал олон байдаг шүү дээ.
-УИХ дахь МАН-ын бүлгийн олонх гишүүд жижиглэсэн можаритор буюу нэг тойрогт нэг нэр дэвшигч гэсэн байр суурийг дэмжиж байгаа. Тэдний санал таны эмэгтэй гишүүдээ дэмжих саналтай зөрчилдөх болов уу?
Зөрчилдөхгүй. Улстөрийн нам бодлогоо гаргахдаа хэдэн дарга нь ярьж сууж байгаад гаргачихдаг юм биш л дээ. Бид Монгол орын бүх аймаг, сумдаар явж гишүүд дэмжигчдийнхээ санаа бодлыг маш анхааралтай сонсож, судалсны үндсэн дээр нэг тойрогт нэг нэр дэвшигч гэдэг байр суурийг олонх нь дэмжээд явж байгаа. Гэхдээ тэр асуудлыг бүр эцэслэн шийдчихсэн ч юм биш. Намын нэрийн ард нуугдаж, УИХ-ын гишүүн болж байгаа өнөөдрийн тогтолцоог манай иргэд, гишүүд, сонгогчдын дийлэнх олонх нь эсэргүүцэж байна. Маш хүчтэй шүүмжилж байна. Тэгэхээр энэ асуудлыг энэ хаврын чуулганаар ярьж байж нэг тийш нь шийдэх л ёстой.
-Тэгвэл УИХ-д 20 жил сууж байгаа МАН-ын лидер улстөрчдийн зүгээс нэлээн хүчтэй эсэргүүцэх нь тодорхой. Тэр үед асуудлыг олонхоороошийдээд явчихна гэсэн бодолтой байгаа юу?
Би сая энэ асуудлыг яг албан ёсоор эцэслэн шийдээгүй байна гэдгийг хэлсэн. Мэдээж Удирдах зөвлөлөөр ярилцаж таарна. Миний хувьд “76 можаритор тойрог” гэсэн хувилбарыг дэмжиж байгаагийн хувьд байр сууриа хамгаална. УИХ-д 20 жил суусан, манай намын лидер улстөрч гээд хэдхэн хүний ашиг сонирхлыг хамгаалаад байж таарахгүй. Бид улс эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавиад дараа нь намын эрх ашгийг тавих учиртай юм.
-МАН-ын дайчин туслагч, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ АНУ-д сургуульд сурч байгаа юм билээ. Өнөөдөр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг жинхлэх гэсэн чинь насны хязгаар давсан гээд хэл ам болоод байгаа дуулдсан. Энэ асуудалд нийслэлийн МАН- ын хороо оролцдог уу?
За яах вэ. Өнгөрсөнгүй өнөөдөр, өнөөдөргүй ирээдүй гэж байхгүй шүү дээ. Намайг жаахан байхад ч баатарчууд, пионер, тэгээд залуучуудын эвлэл, нам гээд дамжаад явдаг байсан. Ер нь аливаа нийгэм бүх төлөөллүүдээ багтаасан ТББ-уудтай байх ёстой. Түүнийг үгүйсгэж яасан ч чадахгүй. Тэгэхээр аливаа улс төрийн намын хажууд янз бүрийн байгууллагууд байх нь зүй ёсны эрүүл үзэгдэл юм.
Тэгээд ч манай намын сүүлийн их хурлаар намын дэргэд байх ТББ-уудын үйл ажиллагааг зөвшөөрсөн. Тийм болохоор намын дэргэдэх энэ байгууллагуудын үйл ажиллагаа руу шууд хөндлөнгөөс оролцож, аливаа шийдвэрт нь нөлөөлөх боломжгүй юм. НАМЗХ-ны талаар гарч байгаа мэдээллийг би хэвлэлээс л уншиж байгаа. Үүсээд байгаа асуудлаа шийдээд явах чадвартай л гэж харж байна.
Нөгөөтээгүүр таны асуултад дурдагдсан “Дарга нарын цүнх барьж явсаар албан тушаалд шургалдаг” асуудлын тухайд ганц нэг хүмүүс байсан. Одоо ч байгаа. Ганц нэг хүний зохисгүй үйлдэл, авир аашнаас болоод манай олон залуучуудын ажил үйлс, нэр төрийг гутааж байгаа юм өнөөдөр ч байж л байна.
Ганцхан НАМЗХ ч биш бусад байгууллагыг “Ахихдаа гишгэх шат, айхдаа урдаа барьдаг мод” шиг боддог хүмүүс байсаар байсан, хойшид ч ганц нэг байх нь тодорхой. Бид тийм хүмүүсийг эртхэн таньж хаалгаа өмнүүр нь хаах ёстой. Ер нь ч тийм хүмүүс өнгөрсөн сонгуулийн үеэр бараг бүгдээрээ танигдаж, цэвэрлэгдээд дуусаж байгаа гэж ойлгож байна.
-МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригтой Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдад нэр дэвшин өрсөлдөөд санал тэнцсэн ч М.Энхболд даргын шийдвэрээр Батзориг нь дэд сайд болсон байдаг. Үүнээс болж жаахан маргаан үүссэн юм билээ. Ер нь хотын намын хорооны даргын хувьд шинэчлэгч залуучуудтайгаа аль хэр холбоотой ажилладаг вэ?
Миний хувьд шинэчлэлийн хорооны залуучуудыг их дэмждэг юм. Намд байгаа болж бүтэхгүй бүхнийг уудлан гаргаж ирснээрээ тэд намын эв нэгдлийг сэргээж, гишүүдийн урам зоригийг бадраасныг мартаж болохгүй. Харин намыг хагаран бутаргахаар оролдож, хэсэг бүлгээрээ хэтэрхийамбицлахыг би зөвшөөрөхгүй. Т.Аюурсайхан тэргүүтэй манай тэр хэдэн залуучууд намд бугшаад байсан идээ бээрийг шахаж чадсан. Намын даргад өрсөлдөхдөө намд шинэчлэл ямар хэрэгтэй байгааг тодорхой харуулсан л даа. Ардчилал ганцхан АН-д байдаг юм биш. Дэд сайдын асуудлын хувьд намын дүрэм, өрсөлдөөний шударга зарчмаар л асуудал шийдэгдсэн юм билээ. Өмнө нь дэд сайдын төлөө 50 гаруй хүн нэр дэвшин өрсөлдөж байсан түүх байхгүй. Харин ч шударгаар шийдэгдсэн гэж боддог шүү.
-Хамгийн сүүлд үүсээд байгаа маргаанаар иргэн Г.Алтан 2012 оны сонгуулиар МАН-д нэг сая ам. доллар зээлснийхээ төлбөрт“Тусгаар тогтнол”-ын ордны шинэ эзнээр тодрохоор шүүхдэлцэж явааюм билээ. Энэ талаар та энэ байрны гол түрээслэгчийн хувьд юу хэлэх вэ?
Та сая хэллээ. Нийслэлийн МАН-ын хороо энэ байрыг түрээслээд л явж байгаа. Та бүхэн санаж байгаа бол би чинь хоёр байраа хураалгаж, их зовлон туулсан л даа. Намайг намын хороон дарга болсны маргааш нь Э.Бат- Үүл, Батаа эд нар ирээд манайхыг хөөгөөд л гаргаж байсан. Дараа нь Лениний музейг шүүхийн шийдвэрээр бас л булаагаад авчихсан.
Шүүхийн шийдвэрээр улс төрийн намыг байргүй болгож, нухчин дарах гэсэн бусармаг ажиллагаа болоод өнгөрсөн. Энэ байшингийн тухайд тэр Алтан, түүнээс зээлсэн мөнгө, барьцаа хөрөнгө энэ тэрийн тухайд надад яриад байх юм алга. Энэ асуудлыг шийдэх, мэдэх газар нь тусдаа байгаа.
Уг нь Г.Алтан манай намын Бага хурлын гишүүн хүн шүү* дээ. Тийм болохоор юу юугүй хөөж туугаад байгаа юм байхгүй болов уу. Өөрөө тэр хүн өнөөдрийг хүртэл нам дээр ирээд энэ асуудлыг албан ёсоор дэлгэж тавьсан юм байхгүй. Тэгэхээр энэ бол зориуд зохиомлоор дэвэргэж байгаа бас л нэг улс төрийн бохир ажиллагаа л гэж дүгнэж байгаа.
-Улаанбаатар хотын өнгөрсөн 25 жилийн түүхийг эргээд харахаар сүүлийн гурван жилд л АН-ын төлөөлөл засаглаж байгаа. Харин энэ гурван жилийн ажилд нь нийслэлчүүдийн ихэнх нь сэтгэл ханамжтай байгаа. Үнэхээр МАН-ын гишүүд засаглаж байхдаа ажил хийх боломжгүй байсан юм уу, сэтгэ гаргаагүй хэрэг үү?
Өнөөдрийн Улаанбаатар буюу нийслэл хот маань нэг өдөр сүндэрлэчхээгүй юм. Э.Бат-Үүл даргын хувьд зүгээр л их азтай хотын дарга юм. Намайг ажиллаж байхад хотод зориулагддаг хөрөнгө оруулалт нь 20 хэдхэн тэрбум төгрөг байсан юм шүү. Тэгвэл өнөөдөр Э.Бат-Үүлийн мэдэлд 800 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байгаа дуулдсан. Дээр “Гудамж” төсөл гээд Чингис бондын мөнгийг тэр чигээр нь үрлээ, зарлаа шүү дээ.
Гэхдээ “Гудамж” төсөл энэ тэр чинь аль эрт зураг төсөл нь хийгдээд бэлэн болчихсон байсан юм шүү. Өнөөдөр Э.Бат-Үүл хийчихлээ гээд байгаа замын уулзваруудыг өргөжүүлэх “Гудамж” төслийг бид нар байхдаа гардан хийж, эхлэлийг нь тавьсан юм шүү. “Гудамж” төслийн удирдагч Батболд чинь Мөнхбаяр даргын зөвлөхөөр ажиллаж байсан хүн. 2009 онд намайг Газрын албаны дарга байхад УИХ-ын гишүүн “Фортуна" Н.Батбаяр уулзаад “За Сандуй энэ гудамжуудыг яаж жаахан өргөжүүлэх вэ” гээд санал солилцож байсан юм.
Бид анх 24 уулзварыг өргөжүүлэх зураг төслийг нь хийж тооцоо судалгаатай нь бэлэн болгочхоод байсан. Тэгж яривал энэ хэдэн уулзварыг би өөрөө Батболдтой хамт явж тоолж, судалж, тооцоог нь гаргаж байсан юм шүү. Хэдийгээр мөнгө олоод хийсэн нь сайшаалтай ч бондын мөнгийг ийм зүйлд зарцуулдаггүй л юм билээ. “Гудамж” төсөл бол богино хугацаанд үр ашгаа өгөх төсөл биш шүү дээ.
Хэрвээ бондын мөнгөөр зам барьж болдог байсан бол бид аль эрт энэ хэдэн уулзварыг хийчих байсан юм. Одоо тэдгээр уулзварууд эхнээсээ зам нь хагараад нураад эхэлчихлээ. Тэр бондын мөнгийг одоо яаж төлөх гэж байгаа нь үнэхээр гайхал төрүүлж байна. Бидний үед нэг км замыг 300 саяар барьж байсан бол өнөөдөр тийм замыг тэрбум 400 сая, бүр “Гудамж” төслийн замыг гурван тэрбумаар барьсан шүү дээ.
Одоо тэгээд ч “Гудамж” төслийн мөнгийг хааш нь үрэн таран хийсэн нь шалгагдаж байгаа. Товчхондоо Э.Бат-Үүл даргын ажилд авууштай дэмжүүштэй зүйл байгаа ч тун удахгүй базаахгүй үр нөлөө үзүүлэх, иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарах олон асуудал байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Жишээлбэл, хамгийн сүүлд Налайх, Багануурыг Улаанбаатарын дагуул хот болгох шийдвэр гаргасныг учир мэдэх хүмүүс маш их шүүмжилж байгаа. Яривал маш их зүйл бий. Гэхдээ энэ удаад ингээд орхиё.