Мэндчилгээ
Эх орныхоо итгэлийг дааж, эр цэргийнхээ үүргийг нэр төртэй биелүүлж, монгол цэргийн алдар сууг дэлхий даяар дуурсган байгаа цэрэг эрс, эрхэм дайчид аа!
Нийслэлийн Монгол Ардын намын байгууллагын мянга мянган гишүүд дэмжигчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Та бүхэндээ Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Монголын ард түмний баатарлаг дайчин түүхэн уламжлалыг өвөлсөн Ардын намын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-нд Шивээ Хиагтыг гадаадын булаан эзлэгчдээс чөлөөлснөөр мөнхөд дуурсагдах ялалт байгуулж, түүхэн энэ өдрийг бий болгосон билээ.
Ардын хувьсгалын партизанууд, 1939, 1945 оны байлдаанд болон 1940-өөд онд Баруун хязгаарын зэвсэгт тулалдаанд оролцсон улсынхаа дархан хилийг амь биеэрээ хамгаалсан ардын журамт цэргийн дайчид, тэднийг удирдаж манлайлсан цэргийн удирдлагуудын ард түмэн, эх орондоо байгуулсан баатарлаг гавьяа хэзээ ч мартагдахгүй.
Зэвсэгт хүчний баярыг тохиолдуулан эх орноо хамгаалах ариун үйл хэрэгт залуу нас, эрч хүч, эрдэм боловсролоо харамгүй зориулсан ахмад дайчид болон өнөөдөр Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, хүчний бусад байгууллагад алба хааж буй бүх генерал, офицер, цэрэг дайчиддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Монгол цэргийн сүр жавхаа, сүлд хийморь үеийн үед мандан бадарч байх болтугай.
Нийслэлийн МАН-ын Хорооны Дарга Ц.Сандуй