БОНХАЖЯ-ны харьяа байгууллагууд хамгийн ил тод, иргэндээ хүрч ажиллах ёстой
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Шинэ Засгийн газар байгуулагдаад гурван сар өнгөрч байна. Таны хариуцсан БОНХАЖ-ын салбарын шинэ бүтцийн өөрчлөлтийн онцлог юу байв. Бүтцийн өөрчлөлтийг дагасан халаа,сэлгээний асуудалд ямар тайлбар өгөх вэ?
Улс төрийн намууд зөвшилцөж, ойлголцож хамтарсан Засгийн газар байгуулаад гурван сар илүүгийн нүүр үзэж байна. Миний хувьд БОНХАЖ-ын сайдаар томилогдоод салбарынхаа өнгөрсөн хугацааны бодлого, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн, алдаа сургамжийг судалж, танилцаж, дүн шинжилгээ хийсэн.
Эндээс нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудаа тодорхойлсон. Байгаль орчны салбарт газрын бодлого зохицуулалтын асуудал шинээр орж ирсэн нь нэлээд онцлогтой. Мөн аялал жуулчлалын салбарын асуудал нэмэгдэж орж ирсэн.
УИХ-аас өнгөрсөн жил бодлогыг нь баталсан Ногоон хөгжлийн бодлого гээд асар том, хоорондоо уялдаа холбоотой салбаруудын бодлогыг бүхэлтгэн харах шаардлага энэ салбарын сайдад тулгардаг юм байна.
АЖИЛД ХОЙРГО ХАНДДАГ, ТӨРИЙН АЖИЛД СААД ТЭЭГ БОЛДОГ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧӨЛӨӨЛСӨН НЬ ХАРИН Ч ХҮМҮҮСИЙН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА
Уул уурхайн ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн улмаас байгаль орчны асуудал тэр чигээрээ тулгамдсан асуудал болоод байгааг бид мэдэж байгаа.
Байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах, байгаль дэлхийнхээ даацад тааруулж хөгжих гэсэн дэлхий нийтийн чиг хандлагаас төрийн бодлого, хууль эрх зүйн хүрээндээ бид хоцроогүй юм байна. Гагцхүү энэ бүхнээ амьдралд хэрэгжүүлэхэд учир дутагдалтай, удаашралтай явж ирсэн байна.
Тухайлбал, Хог хаягдлын тухай хууль шинэчлэн батлагдаад гурван жил шахуу болж байхад хуульд нийцүүлж гаргах дүрэм журам, аргачлал жагсаалтыг боловсруулж гаргаагүйн улмаас зохицуулалт хийгдэлгүй өнөөг хүрсэн байх жишээтэй.
Ажлаа аваад танилцаж үзэхэд салбар маань бүх аймаг, суманд нэгжтэй, нийт 2900 гаруй ажиллагсадтай том хамт олон боловч улстөржсөн, гурван намын харьяаллаар талцсан, хоорондоо үл ойлголцсон тийм л дүр төрхтэй угтсан. Энэ нь төрийн үйлчилгээг хагас дутуу хүргэх, үйл ажиллагаагаа хангалтгүй хэрэгжүүлэхэд нөлөөлж байсан учраас зарим хүмүүсийг албан тушаал бууруулах, чөлөөлөх арга хэмжээ авсан. Таны асуусанчлан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр хүмүүс халагдах, солигдох, өөрчлөгдөх, шилжих хөдөлгөөн хийгдсэн.
Үүнийг зориуд улстөржүүлж, хөөрөгдөх үйл ажиллагаа явж байгаа учраас би нарийн тоо баримт ярья. Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр салбарын хэмжээнд нийт 46 албан тушаалтныг чөлөөлснөөс 11 хүнийг тухайн байгууллагад нь албан тушаал бууруулж мэргэжилтнээр томилон ажиллуулж байна. Энэ дүнгээр авч үзвэл нийт ажиллагсадын 1.2 хувьд өөрчлөлт орсон. Зарим нэг нь тухайн албан тушаал дээрээ хэт удсанаас ажилд хойрго ханддаг, өргөдөл материалыг дарж төрийн ажилд саад тээг болдог үзэгдэл байсан.
Тийм албан тушаалтнуудад хариуцлага тооцож чөлөөлсөн нь харин ч хүмүүсийн талархлыг хүлээж байна. Ер нь БОНХАЖЯ-ны харьяа байгууллагууд үйл ажиллагаагаараа ч, боловсон хүчний чадавхийн хувьд ч хамгийн ил тодбайж, үйлчилгээний чанар, хүртээмж нь иргэндээ хүрсэн салбар нэгж байх ёстой.
Ялангуяа манай салбарын орон нутаг дахь нэгжүүд хүн бүр тэр бүр хүрч чадахгүй байгаа газар нутагт байгаль орчны төлөв байдал, ашиглалтанд хяналт тавих, түүнийг хамгаалах, нөхөн сэргээх, чиг үүргийг хэрэгжүүлдэг байх ёстой. Мэдээж төрийн албаны ёс зүйтэй, өндөр ур чадвартай, мэргэшсэн хүмүүс олон ажиллаж байгаагийн ачаар салбарын маань ажил урагшаа явж байгаа.
-Таны хамгийн их санаа зовоож байгаа, анхаарал татахуйц асуудал юу байна вэ?
Юуны түрүүнд хамгийн нэгдүгээрт, Монгол Улсын хүн амын 40 гаруй хувь амьдарч байгаа Улаанбаатар хотын орчны бохирдлын асуудал, тэр дундаа ус, хөрсийг бохирдуулж байгаа Төв цэвэрлэх байгууламж, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн асуудлыг хэлмээр байна.
Төв цэвэрлэх байгууламж хуучирч хоцрогдон усны бохирдлын хамгийн том, хамгийн ноцтой эх үүсвэр болж, шинэчлэх асуудлыг олон жил ярьж байгаа ч хотын зүгээс хайхрамжгүй хандаж, хөрөнгө оруулалт татаж чадахгүй ажил удааширч байна.
Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн 80 гаруй хувь нь доторлогоогүй, стандартын шаардлагад нийцэхгүй байгаагаас гадагшаа хальж асгаран орчныг бохирдуулж, эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахгүй, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Иймд эдгээр байгууламжийн асуудлыг анхааралдаа авч, гадаадын хандивлагч орон, төсөл хөтөлбөрүүдэд асуудлыг шийдэх, хамтарч ажиллах саналыг уйгагүй тавьж байна.
Хоёрдугаарт, байгалийн нөөцийн хууль бус ашиглалт, тухайлбал хулгайн модны асуудал хурцаар тавигдаж байна. Иймд хууль бус зөрчлийг таслан зогсоохын тулд нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг төлөвшүүлэх, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх хамтын оролцоотой хяналтыг бий болгон ажиллуулж байна.
Гуравдугаарт, Хог хаягдлын тухай хууль шинэчлэн батлагдаад гурван жил болж байхад хуульд нийцүүлж гарах дүрэм журам, аргачлал жагсаалтыг боловсруулж гаргаагүйн улмаас амьдралд хэрэгжихгүй байна.
Энэ онд бид холбогдох бүх журам, аргачлалыг боловсруулж батлах, мөрдүүлэх, хог хаягдлын тооллого явуулж мэдээллийн сан бүрдүүлж бүртгэлжүүлэх, хог хаягдлыг ашиглан байгальд халгүй аргаар дахин боловсруулж чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хувийн хэвшлийн бүтээгдэхүүнийг нь борлуулахад дэмжлэг үзүүлэх, урамшуулах гээд олон ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Ер нь хог хаягдлыг нөөц баялаг, түүхий эд гэдэг үүднээс авч үзэж, дахин боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг яамны зүгээс дэмжиж ажиллана.
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ ИРСЭНД АХМАДУУД, ЭРДЭМТЭД ТАЛАРХАЖ БАЙГАА
-Засгийн газрын шинэ бүтцээр газар зохион байгуулалтын асуудал таны эрхлэх асуудлын хүрээнд ирсэн. Газрын асуудал байгаль орчинтой уялдсанаар ямар ач холбогдолтой вэ?
Ажлаа хүлээж аваад анх удаа салбарын эрдэмтэд, ахмадуудтайгаа уулзсан. Тэд газрын ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн асуудал манай улсын газрын нэгдмэл сангийн газрын 0.5 орчим хувь болох хот суурингийн газрын удирдлагыг хэрэгжүүлдэг салбарын нэг яаманд хамаарч байгаа нь газрын асуудлыг цогцоор харж салбар дундын болон орон нутгийн газрын удирдлагыг зохион байгуулахад хангалтгүй байгаа тухай хэлсэн.
Дараа нь тэдэнтэйгээ уулзахад Монгол Улсын Ерөнхий сайд оновчтой зөв шийдвэр гаргаж, газар зохион байгуулалтын асуудлыг БОНХАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулж байгалийн нөөц, үндэсний баялаг болсон газрын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжийг нээлээ гэж талархаж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь газар зохион байгуулалтын асуудал байгаль орчны салбартаа ирсэн нь нүдээ олсон байна гэдгийн л илэрхийлэл байх.
Манай 12 яам өөрсдийн чиглэлээр газрын нэгдмэл сангийн аль нэг ангиллын газарт явагдаж байгаа үйл ажиллагааг бодлогын болон технологийн түвшинд удирдан зохион байгуулж байгаа боловч манай яамнаас бусад нь зөвхөн ашиглах сэтгэлгээгээр газарт хандаж байна гэж хэлэхэд хилсдэхгүй.
Газар зохион байгуулалтын удирдлагыг хэрэгжүүлэгч байгууллагын уялдаа хангалтгүй, газар ашиглалт, эдэлбэртэй холбогдсон хариуцлагын механизм нийгмийн хэрэгцээг хангах чадваргүй байна гэдгийг хүн бүр л хэлдэг. Газрын зөрчил, маргаан даамжирсан, газрыг хамгаалах, нөхөн сэргээх ажил орхигдсон зэрэг нь газар зохион байгуулалтын удирдлагын асуудал ойлгомжгүй явж ирсэнтэй шууд холбоотой.
-Улсын тусгай хамгаалалттай газарт Байгаль орчны яамнаас газар олгодог, дээр нь давхцуулаад нийслэл, сум, дүүргээс газар олгож ирсэн. Үүний нэг тод жишээ Богдхан уулын газар тойрсон маргаан. Энэ асуудлыг ер нь шийдэх боломжтой юу?
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газарт нийт 1405 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 3000 орчим га талбайг ашиглаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсан 1994 оноос хойш нийслэл, дүүргийн үе үеийн Засаг дарга нарын захирамжаар Богдхан уулын дархан цаазат газрын нийт 450 орчим га талбайг эзэмшил, ашиглалтын хэлбэрээр хууль зөрчин олгосон байна.
Баянзүрх дүүрэгт “Улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчин 20 орчим га талбайг өмчлөл, эзэмшлийн хэлбэрээр иргэдэд олгосон ноцтой зөрчил гарсан байна.
Саяхан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар олон жил шийдвэрлэгдэж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн энэ ужгирсан асуудалд онцгойлон анхаарч цэгцлэх үүргийг БОНХАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт өгсөн.
Гэхдээ улсын тусгай хамгаалалтаас сөөм ч газар гаргахгүй байхаар тогтсон. Энэ дагуу бид нийслэлийн Засаг даргатай хамтран ажлын хэсэг байгуулж Богдхан уулын дархан цаазат газар дахь газар ашиглалттай холбогдон үүссэн олон асуудлыг судлан шийдвэрлэхээр ажлаа эхлээд байна.
Ажлын хэсэг нийслэл, дүүргээс хууль зөрчин олгож давхцал үүсгэсэн газрын асуудлыг судалж шийдвэрлэхээс гадна үе үеийн Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдуудын хуульд нийцээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гаргасанзарим тушаал, шийдвэрийг ч эргэн харж зохих хууль, журамд нийцүүлнэ.
-Ерөнхий сайдын захирамжаар Та Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах салбар дундын ажлын хэсгийг ахалж байгаа юм байна. Шинэчлэн батлагдах хуулийн гол агуулга юу байх вэ?
Монголын газар нутаг бол улс орны тусгаар тогтнолын үндэс, эдийн засаг нийгмийн хөгжлийн тулгуур асуудал юм. Дэлхийн бүх орнуудтай зэрэгцүүлэхэд Монголын Улс нэг хүнд ноогдох газрын хэмжээгээрээ хамгийн их буюу нэг хүнд 52.1 га газар ноогддог. Энэ үзүүлэлтээр дэлхийн хамгийн баян орон юм шиг харагдах мөртөө нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ хамгийн баян орноос 27 дахин бага байгаа юм.
Энэ асар их нөөц, баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээг нэмэгдүүлэх, хүмүүсээ ажлын байраар хангах, аж амьдралыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудал эдийн засгийн хямралаас гаргах нэг арга зам юм.
Энэхүү эзэнгүй байгаа баялгаа яаж эзэнтэй болгох, яаж ашиглах талаар болон Газрын хуулийн талаар баримтлах бодлогын үндсэн чиглэлийн талаар Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын эдийн засгийн чуулга уулзалтан дээр хэлсэн үгэндээ “ Газар нутгаар баялаг ард түмэн үнэхээр баян амьдарч болдоггүй юм уу? Үүнийгээ ард иргэддээ өгч болдоггүй юм уу?
Тэр газрын хуулийнхаа эхэнд гурван зүйл биччих гэж хэлдэг. Юу гэвэл “Нэгд, зөвхөн Монгол Улсын иргэн л газар өмчилнө. Монгол Улсын иргэнд л газар өгнө. Хоёрт, Монгол Улсын иргэн авсан газраа гадаадын иргэнд зарсан, ямар нэг байдлаар өгсөн байвал буцааж авна. Гуравт, гадаадын иргэн гадаадын аж ахуйн нэгжтэй газрын харилцаатай холбоотой асуудлыг тусдаа өөр хуулиар шийднэ.
Эхлээд Монгол Улсынхаа иргэний асуудлыг шийдье” гэж. Ийм хууль хийгээд хэрэгжүүлэхэд бид энэ асуудлыг шийдэж чадна. Төв суурин газарт заавал тэр 0.7 га гэж бутархай тооны хэмжээтэй газар өгөхгүйгээр нэг га ч юм уу хэмжээтэй, жаахан алсраад ирвэл хоёр га газар, цаашилбал гурван га газар өгдөг байя. Өөрийн гэсэн газартай байхад үүн дээрээ хийсэн жаахан зүйл, ганц гадас хүртэл өөрийн баялаг болоод явчихдаг шүү дээ. Дээр нь ургасан ногоо, мод хүртэл өөрийн баялаг болно шүү дээ” гэж тодорхойлжээ. Энэхүү чиглэлийг баримтлан хуулийн төслөө боловсруулж, батлуулахаар ажиллаж байна
-Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэж, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах бодит боломжийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр заасан. Эдийн засгийн хүндрэлтэй үед энэ зорилт хэрэгжих бололцоо бий юу?
Яг энэ үед л энэ зорилтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Төр ард иргэдээсээ дандаа авах биш, дотоод нөөц бололцоогоо ашиглан хувь хүн, өрх гэрийн хөгжлийг дэмжиж хийж бүтээх нөхцөл боломжоор нь хангаж өгөх хэрэгтэй юм.
Иргэдэд зөвхөн амьдрах орчны буюу хашаа байшингийн газрыг өмчлүүлж байгаа хязгаардлагдмал байдлыг хуулиар өөрчилнө. Жижиг үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх чиглэлээр иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, хэмжээг нэмэгдүүлж, иргэн, өрх бүр үндсэн хөрөнгөтэй, бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд оролцох боломжийг Газрын тухай хуулиар нээх шаардлага бий.
Тухайлбал, одоо иргэдийн эзэмшин амьдралаа залгуулж байгаа хүнсний ногооны жижиг газрууд, өрхийн гар үйлдвэрлэл эрхэлж байгаа газрыг давуу эрхээр үнэ төлбөргүй хувьчлах асуудлыг шийдвэрлэх арга замыг эрх зүйн хүрээнд хайх болно. Тийм газрын нөөц ч бий. Манай судлаачид, мэргэжилтнүүдийн хийсэн тооцоо, судалгаагаар энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд 80-90 мянган га газар шаардлагатай бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 0.05 хувь юм. Ингэснээр иргэд хөрөнгөжиж, улсын дотоод хуримтлал нэмэгдсэнээр улс орны зээлжих чадвар, эдийн засгийн өсөлтөд бага ч гэсэн хувь нэмэр оруулах байх аа.
ДЭЛХИЙН ДУЛААРАЛ МОНГОЛД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛЖ, ЦӨЛЖИЛТ ИДЭВХТЭЙ ЯВАГДАЖ БАЙГАА УЧИР МОД ТАРИХ АЖЛААС ХОЙШ СУУЖ БОЛОХГҮЙ
-Төрөөс ойн талаар баримтлах бодлого, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярьж байгаа. Зарчмын өөрчлөлтүүд юу вэ?
Байгаль дэлхийн өөрөө өөрийгөө нөхөн төлжих бололцоог бий болгох ганц зүйл бол ерөөсөө л ой модоо хамгаалах, тарих, ургуулах ажил. Энэ чиглэлээр хууль эрх зүйн хувьд ч, бодит үйл ажиллагааны хувьд ч цогц байдлаар ажил эхлээд явж байна. Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж эхэлсэн.
Өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн бодлогоор ой модыг иргэдийн хэрэглээг хангах талаас нь түлхүү анхаарч ирсэн бол шинэ бодлогын гол ялгаа нь ойн хөрс, цэвдэг хамгаалах, усны горимыг зохицуулах, хүлэмжийн хийг шингээх, хүчилтөрөгч ялгаруулах зэрэг экологийн ач холбогдлыг чухалчлан авч үзэж байна.
Ойн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д удахгүй өргөн барихаар ажиллаж байна. Хуульд шинээр тусгах хамгийн гол заалт бол хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажилд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талын заалтууд орно. Хууль бус мод бэлтгэлийн тухай мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах механизм бий болгож, эндээс орсон орлогын 70 хувийг урамшуулал болгож өгдөг байх заалтыг хуульчилж өгнө.
Хууль бус мод бэлтгэл нь зөвхөн Монгол орны төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд ойн нөөцийг хомсдуулж хүлэмжийн хийн ялгаруулалтыг нэмэгдүүлж, тэр хэрээр дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлдэг гээд асар хор уршигтай асуудал учраас энэ тулгамдсан асуудлыг шийдэхэд бодит үр дүн гаргахыг зорьж БОНХАЖ-ын сайдын албан даалгавар гаргаад ажиллаж байгаа.
Нэгэнт ой мод ярьсных хаврын хаварт дэгддэг ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд анхаарал хандуулж байгааг хэлэх хэрэгтэй байх. Өнгөрсөн өвөл нийт нутгаар цас бага орсны улмаас ерөнхийдөө хуурайшилт ихтэй байгаа нь ой, хээрийн түймэр гарах байгалийн урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Богд ууланд түймэр гарсан нь байгаль дэлхий ямар их хуурайшилттай байгааг илтгэсэн том дохио болсон. Азаар байгаль дэлхий хураа хайрлаж зохицуулж байгаа ч гэсэн ард иргэддээ хандаж, ялангуяа хуурайшилтын улиралд болгоомж, сэрэмжтэй байхыг хүсэж, уриалж байна.
-Саяхан танай яам “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” эхлүүлж байгаагаа саяхан зарласан. “Ургуулах” гэдэг зорилго хүмүүсийн санаанд нийцэж байх шиг санагдсан шүү?
Монголчууд уламжлалаасаа байгаль дэлхийтэйгээ харьцан, зохицолдон амьдарч ирсэн ард түмэн. Гэтэл бидний амьдрах орчин сүүлийн жилүүдэд эрс доройтож, хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод л гэхэд агаар, хөрсний бохирдол, тоосжилт аюулын харанга дэлдсээр удаж байгаа. Энэ гамшгийн эсрэг мод тарьж, ногоон байгууламж бий болгож тэмцэх ажил бас л учир дутагдалтай явж ирсэн. Дэлхийн дулаарал Монголд хамгийн их нөлөөлж, цөлжилт идэвхтэй явагдаж байгаа нь мод тарих ажлаас хойш сууж болохгүй гэдгийг л сануулаад байна. Судалгаанаас харахад хайлаас 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, шар хуайс 0,2 кг тоосыг жил бүр өөртөө шингээж авдаг.
Үүнийг мөнгөөр үнэлж тооцвол 50 жил ургасан нэг мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж, 197 сая төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулдаг юм байна. Ой мод агаар чийгшүүлж, хур тунадас унах нөхцөлийг бүрдүүлдэг, хүчилтөрөгч ялгаруулдаг, газрын үндэс хөрсийг эвдрэлээс хамгаалдаг, агаарт байгаа хорт хийг шингээн авч дэлхийн уур амьсгалыг зөөлрүүлдэг гээд асар олон талын ач тустай юм. Ялангуяа нийслэлд мод тариад л байх юм бол бид утаа, тоос, дуу чимээ зэрэг агаарын бохирдлын төрлүүдээс бага багаар ангижрана.
Мөн энэ хөдөлгөөнийг улс даяар өрнүүлснээр байгаль орчноо хайрлан хамгаалах, ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, мод, сөөг тарьж, арчилж, ургуулах арга технологид сургах, амьдрах орчноо цэцэрлэгжүүлэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй, таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Байгаль, эх дэлхийдээ буян болох талаасаа ч мод тарих ажил бол үнэхээр сайхан үйл хэрэг.
Бурхан багшийн сургаальд “Мод их амь, хүн бага амь”, "Нэг мод тарих нэг насны буян” , “Хоёр мод тарьвал хойд насны буян” хэмээх айлдварыг ч манай ард иргэд сайн ойлгож өөрийн итгэл үнэмшлээрээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.
УСНЫ МЕНЕЖМЭНТИЙН НЭГДСЭН БОДЛОГО УСНЫ САВ ГАЗРУУДААР ДАМЖИН ХЭРЭГЖИЖ БАЙНА
-Монгол орны усны салбарт бодлогын шинжтэй ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
Чандмань эрдэнэ болсон усаа хайрлах, хамгаалах талаарх төрийн бодлого хууль эрх зүйн хүрээнд бас боломжийн гарсан байна. Гэхдээ баталсан хуулиудаа хэрэгжүүлэх, усны салбарын бодлого, зохицуулалтад өөрчлөлт оруулах, сайжруулах зайлшгүй шаардлагатай асуудлууд бий. Тухайлбал, аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зарцуулах ёстой усны норм нормотивыг шинэчлэн тогтоох, Ус бохирдуулсны төлбөрийн хуулийг хэрэгжүүлэх, газрын доорх усны хэрэглээг бууруулж, гадаргын усаа хуримтлуулж хэрэглэх хэрэглээг нэмэгдүүлэхэд бодитой ажил хийх цаг болсон байна. Монгол орон усны нөөцөөр хомс орны тоонд ордог.
Тийм учраас усны нөөцөд тулгуурласан менежмэнт, төлөвлөлт хийх шаардлагын үүднээс улсын хэмжээнд 29 усны сав газрын хилийн цэсийг баталж, энэ онд 26 сав газрын үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулж үйл ажиллагааг эхлүүллээ. Бүс нутаг бүр усны нөөцийн хувьд харилцан адилгүй, гадаргын болон газрын гүний усны нөөц багатай бүс нутагт томоохон уул уурхайн төслүүд үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа зэрэг нөхцөл шалтгааны улмаас усны менежмэнтийн нэгдсэн бодлого зохицуулалт зайлшгүй шаардлагатай болсон. Энэ зохицуулалт Усны сав газруудаар дамжин хэрэгжиж байна.
Цаашид усыг боловсруулж дахин ашиглах саарал усны болон гадаргын усыг хуримтлуулаад шилжүүлэн ашиглах технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Хуурайшилт ихтэй, уур амьсгалын өөрчлөлтөд их өртөж байгаа газар нутагт гадаргын усыг хамгаалах асуудлыг бид онцгойлон авч үзэж байна.
Ялангуяа тал хээр, говь, хангайн бүсэд булаг шанд, гол горхийг хамгаалах, хур тунадас, цас борооны усыг хуримтлуулах хөв цөөрөм, усан сангуудыг олноор байгуулах ажлыг яамны зүгээс бодлогоор дэмжиж байгаа. Байгалийн нөөц ашигласны бүх орлого орон нутгийн төсөвт орж байгаа. Энэ орлогын 35-аас доошгүй хувийг ус, усан орчныг хамгаалахад зарцуулахаар гаргасан Засгийн газрын журмыг ажил хэрэг болгох ёстой.
Энэ тодорхой асуудлаар би салбарын сайдын хувиар орон нутгийн Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгайлан оруулж өгсөн. Ер нь Монгол орны хэмжээнд 2007-2014 оны хооронд улсын төсвийн хөрөнгөөр болон төсөл хөтөлбөр, орон нутгийн хөрөнгөөр бороо, цасны усыг хуримтлуулах нийт 108 хөв, цөөрмийг барьж байгуулсан тоо байна. Мөн 2006-2014 онд нийтдээ 900 булаг шандыг хашиж, хамгаалж тохижуулжээ. Цаашдаа эдгээр ажлыг орон нутаг хийгээд явна. Мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байгаа.
Бохирдуулагч нь төлбөр төлдөг байх зарчмын хүрээнд бид хоёрдугаар улиралд багтаан энэ хуулийг хэрэгжүүлэх холбогдох дүрэм, журмыг өргөн барина. Энэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор бүх төрлийн цэвэрлэх байгууламж дээр хяналт тавигдана. Мөн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдөдөө тохирсон хэмжээний цэвэрлэх байгууламж ажиллуулах сонирхлыг өдөөх, дэмжих ажлыг бодлогоор хийх шаардлагатай. Үүний тулд цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх асуудлыг Засгийн газарт тавихаар төлөвлөж байна.
-Монголын хүн амын 50 хувийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын бохирдол дэлхийд дээгүүрт тооцогдоод удаж байгаа. Энэ асуудалд Таны ажиллах 1.6 жилд ямар нэг ахиц гарах болов уу?
Үнэхээр Туул голын бохирдол, экологийн доройтол түгшүүр төрүүлэх хэмжээнд очоод удаж байгаа. Дэлхийн хамгийн их бохирдолттой голуудын тавдугаарт бичигдэж байгаа хатан Туул бол таны хэлдгээр Монголын хүн амын тал хувийн ундны усны гол эх булаг. Юуны өмнө Туул голыг бохирдуулагч гол эх үүсвэр болсон Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Туул голын сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах ажлыг хийхгүйгээр бохирдлыг бууруулах боломжгүй юм.
Шинэ цэвэрлэх байгууламж барихад урьдчилсан байдлаар 400-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Эхний ээлжинд ямар ч байсан 2015 онд шинэ цэвэрлэх байгууламжийн нарийвчилсан зураг төсөл гаргаж батлуулах, болж өгвөл хөрөнгө оруулалтын асуудлыг шийдүүлэхээр ярьж байна.
Бидний төлөвлөснөөр ажил хэрэг бүтвэл 2016 оноос барьж байгуулж эхэлнэ. Туул голын усыг нөхөн сэргээх бас нэг том ажил бол голын эхэнд буюу Туул, Тэрэлжийн бэлчирт усаа цуглуулж хадгалаад хаврын хуурайшилтын үед сэлбэж байх зориулалт бүхий усан сан байгуулах шаардлагатай. Энэ хоёр мега төслөөс Туул голын хувь заяа шууд шалтгаална. Мэдээж бохирдол, экологид нөлөөлж байгаа олон зүйл бий. Манай харьяа байгууллагууд Туул голын эргийн тохижилт, хог цэвэрлэх асуудал, иргэдийг тав тухтай аялуулж, амраах нөхцөлийг бий болгох ажлуудыг шат дараатай хийгээд явж байгаа.
Манай яам, харьяа газрын хамт олон уламжлал бэлгэдлийг бодож цагаан сарын өмнө Туул голоо цэвэрлэсэн. Одоо ингээд цас ханзарч байна, удахгүй оюутан залуусыг хамруулсан томоохон кампанит ажлыг өрнүүлж Туул голоо хог шорооноос нь салгана. Ер нь сүүлийн үед иргэдийн ухамсар, соёл бас ч гэж сайжирч байгаа. Тийм учраас их хэмжээний хөрөнгө мөнгө шаардахгүй, улирлын чанартай ажлуудыг нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтраад хийгээд явна.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫНХАН МААНЬ ҮНЭХЭЭР ИХ АЖИЛТАЙ, ӨӨДРӨГ ӨРНҮҮН БАЙНА
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар олон жил олон ч төсөл хөтөлбөр хэрэгжиж ирсэн байдаг. Нэг хэсэг нь үр дүнгээ өгсөн байх, үр дүн муутай нь ч бий байх. Үр ашгаа өгсөн бодлого, хөтөлбөрийн залгамж халааг үргэлжлүүлж ажиллаж байна.Сүүлийн гурван жилийн өвлийн оргил хүйтний үед хийсэн агаарын чанарын мэргэжлийн байгууллагуудын харьцуулсан судалгаагаар агаарын бохирдлын хувь хэмжээ 24 хүртэл хувиар буурсан дүн гарч байгаагаас харахад “утаатай дайн зарласан” төр, засгийн бодлого бас үр дүнгээ өгсөн гэж харж байна.
Цаашид үргэлжлүүлж Дэлхийн банктай хамтарсан гэр хорооллын айл өрхийг сайжруулсан зуухаар хангах ажлыг дуусгахаар ажиллаж байна. Мөн Нийслэлийн 39 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 113 дугаар сургууль орчмын байгууллагуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил үргэлжлэн хийгдэнэ. Ингэснээр тэдгээр байгууллагуудын халаалтыг шийдэж байсан түүхий нүүрс түлдэг бидний нэрлэж заншсанаар уурын зуухнуудыг татан буулгах юм. Энэ ажлыг хийснээр агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна. Мөн энэ онд шинээр боломжит газруудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг үргэлжлүүлэн хийнэ.
Ер нь цаашдаа байгаль орчинд ээлтэй хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахаар бодитой ажлууд хийхээр төлөвлөж байна. Түүнээс гадна гэр хорооллын айл өрх, байгууллагуудыг цахилгаанаар халаах боломжийг нэмэгдүүлэх үүднээс дэд станцыг өргөтгөх, шинээр шугам татах ажлыг санхүүжүүлэхээр нийслэлтэй хамтран ажиллана. Манай яамнаас санаачлан эхлүүлж байгаа “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” агаарын бохирдлыг бууруулах, тоосонцрыг багасгах, хүчилтөрөгчийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж бид үзэж байгаа.
-“Цэвэр агаарын сан”-гийн удирдлагууд багагүй хэл аманд өртөж байсан. Одоо үйл ажиллагаа нь хэвийн явж чадаж байна уу?
“Цэвэр агаарын сан”-гийн Удирдах зөвлөлийн даргын хувьд өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй. 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас шалгалт хийсэн. Аудитын албан ёсны дүгнэлтээр сангийн санхүүгийн үйл ажиллагаа хэвийн, зөрчилгүй гэж дүгнэгдсэн. Тиймээс үйл ажиллагаа хууль дүрмийнхээ дагуу хэвийн явагдаж байгаа гэж ойлгож байгаа.
-Таны хариуцдаг нэг чухал салбар бол аялал жуулчлалын салбар. Сүүлийн үед гадаад, дотоодгүй үзэсгэлэнд оролцоод тун их сонинтой байгаа. Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тулгуур том бүтэц болгохын тулд ямар ажлууд хийж хэрэгжүүлэх вэ?
Сүүлийн үед аялал жуулчлалын салбарынхан маань үнэхээр их ажилтай, өөдрөг өрнүүн байна. Жил бүрийн гуравдугаар сарын эхээр ХБНГУ-ын Берлинд болдог олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin-2015” үзэсгэлэнд Монгол Улс анх удаа түнш орноор амжилттай оролцсон. Берлиний үзэсгэлэнд Түншилж орно гэдэг улс орныхоо онцлогийг товойлгон гаргаж, урлаг соёл, түүх, өв уламжлал, онгон зэрлэг байгаль, хүн зон, хоолоороо хүртэл дамжуулж улсаа сурталчлах боломжийг олж авч байгаа юм. Анх удаа олдож байгаа энэ боломжийг бид чадлынхаа хэрээр ашигласан. “ITB Berlin-2015” үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож үг хэлсэн нь дэлхийн бусад улс орнуудад Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалын салбарт илүү анхаарч байгааг харууллаа.
Энэ үзэсгэлэнд оролцох төсөв зардлыг баталж, зохион байгуулалтын талаар дэмжсэн УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүддээ үзэсгэлэнд оролцсон нийт иргэд байгууллагуудын баярлаж талархсаныг дамжуулахад таатай байна. Үзэсгэлэнд оролцсоноор НҮБ-ын дэргэдэх аялал жуулчлалын байгууллага, бусад холбоод, улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр хамтран ажиллах өргөн үүд хаалгыг нээсэндээ баяртай байна.
Зөвхөн мал аж ахуй, уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа солонгоруулах нэг гарц бол яах аргагүй аялал жуулчлалаа хөгжүүлэх юм. Саяхан БОНХАЖЯ, Аялал жуулчлалын холбоо хамтраад “ITM” үзэсгэлэнг дотооддоо зохион байгууллаа.Тун саяхан салбарын сайдын хувьд энэ салбарын хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийнхэнтэй уулзаж салбарын хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцлоо. Тэд маш олон зүйлийг хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бид зөв зохистой санал, санаачлагыг дэмжин ажиллах болно.
Монголд 2016 онд зохиогдох ACEM-ийн чуулга уулзалт ч Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд түлхэц болно гэж ойлгож байна. Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшилтэйгээ хамтраад 2016 онд буюу ирэх жил нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Энэ тоог 2020 онд хоёр саяд хүргэхээр төлөвлөж байгаа. Мэдээж олон ажил нь түүхий байж том том тоо ярилаа гэсэн шүүмжлэл гарч магадгүй. Гэхдээ хийж эхэлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлууд болон энэ салбарт ажиллагсдын сонирхол, идэвхи санаачлага зэргээс харахад биелэх боломжтой гэж өөдрөгөөр төсөөлж байгаа юм.
-Таны хэлснээр жуулчдын тоо үнэхээр үсрэнгүй өсөх үү. Өслөө гэхэд хүлээж авах хүчин чадлаа нэмэгдүүлэх, дэд бүтцээ сайжруулах юу хийх вэ?
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тооцоогоор түнш орноор оролцсон улсад ирэх жилд нь аялах жуулчдын тоо нь дунджаар 8-20 хувь өсдөг таатай мэдээ байгаа. Гадаад сурталчилгаа сайн хийгдэж байгаа болохоор Монголыг зорин ирэх жуулчдын тоо өсөх магадлалтай. Иймд манай улс гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлийг хангах цогц арга хэмжээг хууль эрх зүйн хүрээнд болон дэд бүтэц, зочлохуйн үйлчилгээний чиглэлд авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Энэ хүрээнд бид Аялал жуулчлалын тухай хууль, Үндэсний хөтөлбөрөө батлуулна. Эрх зүйн зохицуулалтаас гадна гадаадын жуулчдад ээлтэй хандах, монгол хүний зочломтгой сайхан сэтгэлээр угтаж, үдэх хандлагыг ард иргэдийнхээ дунд хэвшүүлэх ажлыг хийх ёстой гэж ойлгож байгаа. Берлиний үзэсгэлэнгийн үеэр аль ч улсад аялахад жуулчдын аюулгүй байдлын асуудлыг дэлхий нийтээрээ онцгойлон авч үздэг нь харагдсан. Гэтэл Монголд “харийн хүн” гэж хэт үндсэрхэг үзлээр хандаад байгаа нь аялал жуулчлалын салбар хөгжихөд том саад тушаа болохоор байна.
Мөн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд стандарт тогтоох, жуулчин тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, үндэсний болон олон улсын нислэгийн компаниудын тоо, нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэх, хил орчмын болон дамжин өнгөрөх аяллын бүтээгдэхүүний хөгжлийг дэмжих ажлуудыг хийх шаардлагатай байгаа.
Мөн Монгол улсад нэвтрэх виз авах процессыг хялбарчлах, 42 орон руу визгүй зорчих журмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, e-visa үйлчилгээ, 72 цагийн түр виз олгох зэрэг визийн хөнгөлөлтийн эрх зүйн орчныг сайжруулах гэх мэтчилингийн олон ажлыг шат дараатай хийхээр төлөвлөж байна.
-Танай яамнаас Казиногийн тухай хуулийг өргөн барьсан. Хаврын чуулганаар батлах уу?
Казиногийн тухай хуулийг батлан гаргахаар ажиллаж байгаа нь аялал жуулчлалын хөгжилдөө дэм тус болж, эдийн засгийн өсөлтөө хангах гэсэн гол зорилготой. Тухайн улс оронд казиногийн үйл ажиллагаа эрхлэх нь аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл болдог. Тийм учраас олон улсын стандартад нийцсэн хоёр казиногийн үйл ажиллагааг монгол хүн тоглуулахгүй байх нөхцөлтэйгээр зөвшөөрч ажиллуулахаар хуулийн төсөл боловсруулсныг Засгийн газар хэлэлцээд УИХ-д өргөн барьсан. УИХ-ын гишүүд олон талаас нь хэлэлцээд батлах болов уу гэсэн бодолтой байна.
ОРОН НУТГИЙН ҮҮСГЭЛ САНААЧЛАГАТАЙ БАЙГАЛЬ ХАМГААЛАХ НӨХӨРЛӨЛҮҮДИЙГ ИЛҮҮ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
- Ойн сан, усны сав газарт ашигт малтмал олборлох харилцааг зохицуулж байсан “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуульд өнгөрсөн намрын чуулганаар өөрчлөлт оруулж баталсан. Энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан байгаль орчноо хэрхэн хамгаалах вэ?
Улс орны эдийн засгийн гол тулгуур нь уул уурхайн ашиглалт учраас ус, голоо хамгаалж байна гээд баялгаа хэтэрхий хав дараад сууж болохгүй гэдэгтэй бид санал нэгдсэн учраас хуулиа өөрчилсөн. Шинэчлэгдэн батлагдсан нэмэлт, өөрчлөлтөөр тухайн аж ахуйн нэгж нөхөн сэргээлтийн зардлаа төрд 100 хувь барьцаалсан тохиолдолд ашигт малтмалын болон нөхөн сэргээлтийг зөв зохистой уялдуулан хийх бололцоотой болсон.
Мөн ойн сан бүхий газар ашигт малтмал олборлосон тохиолдолд ойн экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоон, хохирлыг гурав дахин нэмэгдүүлж төсөвт төлүүлэхээр боллоо. Түүнчлэн тухайн байршилд байсан нэг ширхэг модны оронд 10 мод тариулах гэхчилэн байгаль экологидоо илүү ээлтэй, өндөр шаардлагатай нөхцөлүүд хуульд тусгагдлаа. Монгол Улс газрын доорх төдийгүй дээрх баялгаар ч яндашгүй баян.
Энэхүү нөөц,баялгаа зүй зохистой ашиглах болон байгаль орчноо хамгаалах асуудлыг цогц,тэнцвэртэй байдлаар авч үзэх нь улс орны ирээдүйн хөгжлийн тулгуур асуудал, амин сүнс нь юм. Салбарын сайдын хувьд нөхөн сэргээлтийн шилдэг арга, технологийг Монголын хөрсөнд нутагшуулахын төлөө хамтран ажиллах саналыг зарим олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрт тавьж байгаа.
Ер нь цаашдаа уул уурхайн компаниуд нь нөхөн сэргээлтээ хийхгүй байгаа тохиолдолд төр нөхөн сэргээлтийнх нь зардлыг аваад энэ үйл ажиллагаагаар дагнаж мэргэшсэн мэргэжлийн байгууллагаар хийлгэх нь зохимжтой гэж үзэж байгаа. Манай уул уурхайн компаниуд дунд ч нөхөн сэргээлтийг сайн хийдэг, арвин туршлагатай, гаднын шилдэг технологийг нутагшуулсан аж ахуйн нэгжүүд бас бий. Тэдний арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, дэмжих ажлыг бас хийх шаардлагатай.
-Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг багасгах, шийдвэрлэх ямар нэг төлөвлөгөө, зорилт байна уу?
Энэ салбарын сайдаар томилогдож ирэхэд санаа зовоосон олон тулгамдсан асуудлын нэг бол Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдол гэж харсан. Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгаа орон нутагтай харьцуулахад харьцангуй сайн хийгдсэн байна. Харамсалтай нь судалгааны материалуудын үр дүнг үзэж ажил хэрэг болгосон зүйл бараг алга байна.
Ямар ч байсан энд тэнд хийгдсэн судалгааны материалуудыг яаман дээрээ нэгтгэж мэдээллийн санг бүрдүүлээд дууссан. Өнөөдөр хөрсний бохирдлыг агаарын бохирдлын түвшинд анхаарч тэмцэх цаг нь болсон учраас манай яамнаас төслийн саналууд боловсруулж, олон улсын байгууллагууд, Элчин сайдын яаманд хүргүүлээд байна.
Дээр нь хөрсний бохирдолтой тэмцэх хөтөлбөр батлуулж ажиллахаар төлөвлөөд явж байна. Нийслэлийн гэр хорооллынхны нэг хэсгийн ил задгай жорлон, муу усны нүхийг илүү боловсронгуй арга технологиор шийдэж загвар болгон үзүүлэхийг оролдож байна. Одооноос энэ асуудалд онцгой анхаарахгүй бол Улаанбаатарчууд элдэв халдварт өвчин, харшил, хорт хавдрын өвчлөлөөс ангид байх боломжгүй юм.
-Танай салбарын гадаад хамтын ажиллагаа асар өргөн хүрээтэй. Гадаад хамтын ажиллагаанд ямар зарчим баримталж байна вэ?
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гадаад хамтын ажиллагаа хамгийн өргөн агуулгаар хөгжсөн салбаруудын нэг бол байгаль орчны салбар. Бид байгаль орчны салбарт хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн судалгааг нэгтгэн, мэдээллийн сан бүрдүүлж, хэрэгжилтэд мониторинг хийж байна.
Гадаад бодлогоо нэг цонхоор харах, үр өгөөжийг дээшлүүлэх, төсөл бүхнээс үр дүн гаргаж, бодит ажил болгох, төрийн ажлын уялдаа холбоог сайжруулахад энэ ажил үр дүнгээ өгөх байх аа.
-Байгаль орчныг хамгаалах чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа иргэний хөдөлгөөн, ТББ, хөдөлгөөнүүдтэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
Монголд уул уурхайн бизнесийн үйл ажиллагаа эрчимжсэнтэй зэрэгцээд байгаль орчны чиглэлийн ТББ, хөдөлгөөн 700 гаруй байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Цаашид байгаль хамгаалах чиглэлийн ТББ-ууд, хөдөлгөөн, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд мониторинг хийж, хүний нөөцийг чадавхжуулахад анхаарч, орон нутгийн иргэдийн үүсгэл санаачлагатай байгаль хамгаалах чиглэлийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг илүү дэмжиж, хамтран ажиллана.
Ирэх тавдугаар сард бид орон нутгийн уугуул иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
-Та УИХ-ын жирийн гишүүн байсан, одоо Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллахын хооронд ямар ялгаа байна вэ?
-Их ялгаатай, гол нь ажлын ачаалал эрс нэмэгдсэн. Би УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллаж байна. Тодорхой хуулиудыг боловсруулах, хамтран оролцох, Их хурлаар орж батлагдах хууль,