Хууль гэхээс илүү байгаль дэлхийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах нь чухал
Төслийг санаачлагч БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Төсөл санаачлах болсон тухай тань яриагаа эхэлье?
Миний хувьд ажлаа аваад удаагүй, гурван сар л болж байна. Юун түрүүнд тулгамдаад байгаа хамгийн чухал 10 асуудлаа тодорхойлж хэрхэх тухай төлөвлөсөн. Үүний үр дүнд хамгийн тэргүүнд хийгдэх ажлыг мод ургуулах гэж бодсон. Тиймдээ ч "Нэг сая мод ургуулах хөдөлгөөн"-ийг санаачилсан юм. Монголчууд бид нэг мод таривал нэг насны буян гэж үздэг. Мөн Буддын гүн ухаанд мод их амь, хүн бага амь ч гэдэг. Тиймдээ ч Монгол Улс мод тарих, хулгайн мод бэлтгэлтэй тэмцэх гэх мэт асуудалд анхаарч буйн гол учир нь байгаль эх дэлхийнхээ өмнө хүлээх үүрэг, хийх ёстой ажил юм гэж харж байна. Бидэнд мод тарих, ургуулах хууль зүйн орчин, мэдлэг, туршлага хангалттай бий.
Ойн тухай хуульд жил бүр мод тарих ажилд аймаг, дүүрэг, айл өрх, аж ахуй нэгж байгууллага тэр ч бүү хэл 16 нас хүрсэн иргэн бүр гар, бие оролцоно хэмээн заасан байдаг. Гэсэн ч хуулийн заалт амьдрал дээр тэр бүр хэрэгжихгүй байна. Яахав, эдийн засаг хүнд байхад мод тарихад мөнгө хэрзпэй гэж хэлэх нь бий. Тийм ч учраас энэ жил БОНХАЖЯ-наас тодорхой хэмжээний зардал, төсвийг нь гаргаж нэг сая мод тарих ажил зохион байгуулах төсөл санаачилж, комисс байгуулан ажиллахаар боллоо.
-Иргэд, аж ахуй нэгжийн идэвх ямар байх бол. Энэ тал дээр тандалт хийж үзсэн байх?
Нэг сая мод ургуулах нь хэсэг бүлгийн хийх ёстой зүйл биш бүх нийт, ард түмний гар бие оролцох ажил юм. Үүнд үнэхээр сайн оролцсон аймаг, сум, дүүрэг, байгууллага, хувь хүнийг урамшуулахаар шийдвэрлэж хөрөнгө санхүүг нь төсөвлөсөн. Мэдээж иргэд, олон нийтийг уриалж суртал ухуулга хийх нь зөв ч тэдний ухамсарт нөлөөлөх нь илүү чухал.
Үр хойч, эх орон цаашлаад байгаль дэлхийгээ оршин тогтнохын үндсээ гэж боддог, ухаардаг хүмүүс сайхан сэтгэлээр энэ ажилд идэвхийлэн оролцох байх гэж найдаж байна. Ер нь, хууль гэхээс илүү байгаль дэлхийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах нь чухал.
-Орон даяар хэрэгжих ажил учир зохион байгуулалтын асуудал чухал шүү дээ. Үүнийг хэрхэн шийдсэн бол?
Ажил цэгцтэй, төлөвлөсний дагуу хийгдэхэд мэдээж зохион байгуулалт чухал. Яамнаас ерөнхий зохион байгуулалт хийж дэд ажлын хэсгүүд байгуулна. Энэ ажлыг аймаг, орон нутагт ажиллаж буй байгаль орчны асуудал хариуцсан хэлтсийн дарга нар хариуцна.
Мөн сум, дүүрэгт дэд ажлын хэсэг байгуулагдаж байгаль орчны байцаагч, сайн дурынхан, тухайн орон нутгийн засаг захиргааны нэгж, дарга цэрэг нар зохион байгуулах юм. Гэхдээ хамгийн чухал үүрэг гүйцэтгэх хүмүүсийг иргэн, өрх бүрт хүрч үйлчилдэг хороо хорины байцаагч нар байна гэж бодож байгаа.
-Мод ургуулахтай энэ дүйх ажлыг хулгайн мод бэлтгэлтэй тэмцэх гэж ойлгож байна. Энэ тухайд?
Өмнө нь бид тэнд тэдэн мод тарилаа гэж ярьдаг байсан. Нэг үгээр газар ухаж суулгаж орхичихоод ганц нэг усалсан болоод хаядаг. Харин одоо бол ургуулах тухай ярьж байна. Нэгэнт төсөл хөтөлбөр санаачлан улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргаж хийх ажил учир хийсэн бүтээснийхээ бодит үр дүнг үзэх нь чухал.
Гэвч наана нь тариад байдаг цаагуур нь огтлоод байвал бодит үр дүн биш биз. Тиймээс хулгайн мод бэлтгэлтэй холбоотой хуулиа чангатгах, хяналтаа сайжруулах хэлбэрээр тэмцэх нь зөв. Бидэнд энэ тал дээр төлөвлөж буй зүйл цөөнгүй бий. Удахгүй ажил хэрэг болно.