Тусгай хамгаалалттай газарт мөнгө хийх боломж
Олон улсын жишгээр тусгай хамгаалалттай газруудыг үнэлж, хүрээлэн буй орчинд хор хүргэлгүй зах зээлийн эргэлтэнд оруулах шаардлага тулгарч байна
2015.03.24

Тусгай хамгаалалттай газарт мөнгө хийх боломж

Өнөөдөр тусгай хамгаалалттай газарт тусгай менежмент хэрэгтэй байна. Монгол улсын хуулийн дагуу Дархан цаазтайгаас бусад тусгай хамгаалалттай газрыг амралт, аялал жуулчлалын чиглэлээр ашиглаж болно. Энэ нь байгалийн дурсгалт газар, нөөц газар, байгалийн цогцолбор газар юм.

Улсын тусгай хамгаалалтад 99 газар, орон нутгийн тусгай хамгаалалтад 1200 орчим газар байдаг ч эдгээрийг зах зээлийн эргэлтэнд оруулж мөнгө олох арга ухаан дутагдаж байна. Улсын хэмжээнд 32 хамгаалалтын захиргаа ажилладаг. Тэдэнд өгч буй төсвийн 95 хувь нь урсгал зардал болоод дуусдаг. Аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх,  биологийн төрөл зүйлийг хадгалах, судалгаа шинжилгээ, мониторинг хийх гэсэн чухал ажлуудад зарцуулах мөнгө үлддэггүй.

Тэгвэл хамгаалалтын захиргаад төрийг царайчлахгүйгээр өөрсдөө мөнгө олдог дэлхийн жишиг бий. Тухайлбал Хятадын тусгай хамгаалалттай газруудад нэвтрэх цэгийн хураамж гэж бий.  Нэг хураамжийн хэмжээ 220 юань буюу 70 000 орчим төгрөг.  Харин Монголд ердөө 300 хан төгрөг авдаг. Монголд ирж буй гадаадын 10 жуулчны 8 нь Монголын аль нэг тусгай хамгаалалттай газарт зочлохдоо хөтөлбөрийн дагуу нэгээс дээш газруудад аялж үзсэн гэсэн тооцоо бий. Зах зээлийн ийм боломж байхад нэвтрэх цэгийн хураамжийг ашиг авчрах түвшинд нэмэхэд ямар ч асуудалгүй.

Д.Оюунхорол сайд 2020 он гэхэд аялал жуулчлалаас олох орлогыг ДНБ-ий 15 хувьд хүргэнэ гэж хэлсэн. Тэгвэл тэр орлогыг бүрдүүлэх нөөц бололцоо тусгай хамгаалалттай газруудад бий. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлал бол нэг зоосны хоёр тал. 

Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлал эрхэлдэг компаниудаас авсан татварын орлого шууд улсын төсөвт ордог бөгөөд тухайн хамгаалалтын захиргаа татвараас ямар нэгэн ашиг хүртдэггүй. Тиймээс ядаж татварын орлогын 30 хувийг нь тэр газарт нь зарцуулах хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ

Хоёрдугаарт маш эмзэг экосистемтэй Монголын нөхцөлд зөвшөөрөлгүй мод огтолсон, ан хийсэн хүмүүст дэндүү энэрэнгүй ханддаг. Өөрөөр хэлбэл байгальд асар их хор хөнөөл учруулж буй этгээдүүдэд зохих түвшинд өндөр торгууль тавьдаггүй.

Тусгай хамгаалалттай газруудын үйл ажиллагаанд орон нутгийн захиргаадын үүрэг асар их. Гэвч нөөц газар, дурсгалт газар, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нь хамгийн муу хамгаалалттай, муу менежменттэй байдаг. Гэхдээ үүний буруу нь хүндээ биш хуулиндаа бий. Тухайн газрыг орон нутагт хариуцуулсан мөртөө ямар замаар санхүүжүүлэх арга замыг нь тусгаагүй. Орон нутаг зарцуулах төсөвгүй, ганцхан байдаг байгаль хамгаалагч нь энэ ажлыг хийж хүчирдэггүй.

Ер нь тусгай хамгаалалтанд авсан гээд зүгээр нэг хав дараад байлгүй хүрээлэн буй орчинд хор хүргэхгүй нөхцлөөр тусгай хамгаалалттай газруудыг зах зээлийн эргэлтэнд оруулах нь чухал. Үүний тулд одоогийн менежментээ өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал гэрээний үндсэн дээр тусгай хамгаалалттай газрын менежментийг хувийн хэвшил, иргэн, нөхөрлөл, ТББ-д хариуцуулж болно. Ийм туршлагын бэлээхэн жишээ манайд бий. Тухайлбал Хустайн нурууг ТББ гэрээгээр хамгаалдаг бөгөөд өнөөдөр шилдэг менежменттэй тусгай хамгаалалтын бүс болоод байгаа. Энэ байгууллага төрөөс санхүүжилт авдаггүй.

“Хэн сайн хамгаална түүнд илүү санхүүжилт өгнө” гэсэн урамшууллын систем хэрэгтэй.

Хэрэв “хэн сайн хамгаална түүнд илүү санхүүжилт өгнө” гэсэн урамшууллын зарчмыг хэрэгжүүлвэл хамгаалалтын түвшин ч сайжирна, тусгай хамгаалалттай газар нутгийн эдийн засгийн өгөөж ч дээшилнэ.

Энэ мэт үнэтэй санааг мэргэжлийн хүмүүс гаргадаг ч амьдралд нэвтрүүлэхэд том тээг болдог нэг зүйл бий. Энэ бол хууль өөрөө. 1994 онд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль хэдийнэ үеэ өнгөрөөсөн.

Анхнаасаа менежментийн бодлогыг тусгаагүй, төгс бус хуулиас болж үүссэн зөрчилтэй асуудлууд цөөнгүй. Тухайлбал хувийн хэвшил ТХГН-ийг аялал жуулчлал, амралт сувилалын зориулалтаар таван жилийн хугацаанд ашиглаад шаардлагатай бол хугацаагаа сунгадаг. Сунгахгүй гэвэл тухайн газрыг онгон байдалтай нь улсад эргүүлж өгөх ёстой. Энэ таван жилийн хугацаанд тухайн компани байшин барилга барьдаг. Гэтэл манай холбогдох хуулинд тусгай хамгаалалттай газарт хувийн хэвшлийнхний бий болгосон хувийн өмчид халдаж болохгүй гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл ТХГН-т тухайн компаний барьсан байшинг яах вэ гэдгийг нь хуулинд зааж өгөөгүй. Ингээд хугацааг нь сунгахаас өөр аргагүй болдог. Харин дэлхийн практикт, ялангуяа Хятадад ТХГН-т буй хувийн өмчийг нүүлгэж, газрыг чөлөөлөх хэрэгтэй бол төр тухайн үеийн зах зээлийн ханшаар нөхөн төлбөр өгдөг. Манайд ийм л эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна.