Х.Болорчулуун: Өнөөдөр Ноён уул, маргааш Бурхан халдун руу дайрах вий
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2015.01.21

Х.Болорчулуун: Өнөөдөр Ноён уул, маргааш Бурхан халдун руу дайрах вий

Засгийн газраас Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамааруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.

-Гацууртын ордыг стратегийн ордод хамруулахыг та эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байгаа харагдсан. Яг ямар учраас эсэргүүцэх болсон бэ?

Ноён-Уул бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн, түүх соёлын хосгүй нандин өв дурсгалыг хэвлийдээ нуусан газар. Одоогоос 100 гаруй жилийн өмнө Оросын эрдэмтэн Козловын экспедиц анх энд малтлага хийсэн байдаг. Тэд Монголын өвөг дээдэс болох Хүннү гүрний үеийн хаад ноёдын бунхан, онгон байгааг тогтоож.

Нийт 200- 300 орчим онгоноос ердөө 10 гаруйг нь л нээж судалсан байдаг юм. Хорьдугаар зуунд ч бас цөөнгүй хайгуул шинжилгээ хийгдсэн. Эндээс олдсон олдворууд Монголын түүхийг тодорхойлохоос гадна дэлхийн хүчирхэг төртэй, соёлт улсуудын үүсэл хөгжлийн талаар түүхэнд шинэ хуудсыг нээж өгсөн юм. Эрдэмтэн Козлов энэ нээлт, үнэт олдворуудаараа тухайн үед дэлхийн эрдэмтдийн бүхий л дээд цол, шагнал хүртсэн шүү дээ.

Ноён-Уулын булш хиргэсүүрүүд гэж ярьж бичиж болмооргүй юм. Яагаад гэвэл дандаа 10 гаруй метрийн гүнд мөнх цэвдэгт онголж бунхалсан нь манай өвөг дээдэс ноёдоо яаж хүндэлжгэмтэж муудахаас хамгаалан оршуулж байсныг гэрчилж байна. Уржнан Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2222 жил гэж концерт шоу л зохион байгуулсан.

Тэр үед баярлаж бахархаж явсан минь үнэн. Гэхдээ бид Хүннү гүрний түүх соёлын нандин өв дурсгалыг хайрлаж хамгаалах талаар бодитой ажил хийх ёстой юм. Гэтэл Ноён ууланд хадгалагдаж буй, хичнээн тонн алтаар үнэлж баршгүй түүх археологийн дурсгалт үнэт зүйлсүүдээ, өвөг дээдсийн булш онгоныг сүйтгэхдээ тулчихаад байна шүү дээ. Өнөөдөр Ноён-Уул руу дайрагчид маргааш Бурхан Халдун руу ч дайрч мэднэ.

-Гацуурт компани өмнө нь шороон ордыг нь ашигласан. Одоо үндсэн ордыг нь Сентерра гоулд компани ашиглах гэж байна. Үндсэн ордыг ашиглахын тулд ямар нэгэн байгальд сөрөг нөлөөлөл бүхий зүйлийг хэрэглэдэг болов уу?

Өмнө нь шороон ордыг ашиглах нэрээр гол горхийг нь боож, модыг нь ташраар нь огтолсныг хэд хоногийн өмнө газар дээр нь очиж ажиллахдаа харлаа. Нүд улаан, мөнгө цагаан гэгчээр байгаль орчинд халдсан байна. Тэр бол 100 гаруй га газар. Харин Сентерра гоулд одоо Ноён-Ууланд 2300 га лиценз эзэмшиж байна.

Шороон ордоос ялгаатай нь үндсэн ордыг ашиглахдаа химийн бодис заавал ашигладаг. Сентерра гоулдынхон сайн булна, хадгална л гэж байна. Тэр булсан химийн хор нь газар хөдлөлт болон үер усны нөлөөгөөр задарч алдагдвал байгаль экологид арилшгүй хөнөөл, хүн малд гай гамшиг тарина. Ийм байдал үүсэхгүй гэх баталгаа байхгүй л дээ.

-Ноён ууланд Хүннүгийн үеийн тийм ч их олдвор байдаггүй. Оросын эрдэмтэн Козлов судалгаа хийхдээ бүгдийг хамаад явчихсан. Одоо ухахад ямар нэгэн асуудал байхгүй гэж ярих нь бий. Үнэхээр олон олдвор байгаа гэдгийг нь яаж мэдэж байгаа юм?

Тийм зүйл байхгүй. Энэ бол түүхээ мэдэхгүй хүмүүсийн, эсвэл хэн нэгний зориуд гаргаж буй цуу үг. Албан ёсоор бол 200 гаруй бунхан, онгоноос ердөө 16 нь л судлагдаад байна. 100 жилийн өмнө Оросын эрдэмтэн Козловын экспедиц зургааг, Монголын Үндэсний археологич Ц.Доржсүрэн, Наваан нарын эрдэмтэд 1950-иад онд зургааг, 2006- 2011 онуудад Орос-Монголын хамтарсан экспедиц дөрвийг ухаж нээн судалж, түүхийн үнэлж баршгүй олдворуудыг олж илрүүлээд байна.

Манай өвөг дээдэс хаад ноёдоо дандаа арав гаруй метрийн гүнд мөнх цэвдэгт онголж бунхалдаг байжээ. Уулын нэр нь хүртэл Ноён-Уул. Өнөөдөр Ноён-Уул, маргааш Бурхан Халдун руу дайрахад үгүй гэх газаргүй ёс зүй өнөөдрийн манай нийгэм, төрд чөтгөр мэт шүглэчихээд байна. Эдийн засгийн хямрал нэрээр далимдуулан энэ уулыг ухаж сүйтгэх гэж байгаа нь, шартсан архичин тэнэг хүү эхийнхээ үе дамжин нандигнан хадгалж ирсэн ээмэг бөгжийг чихийг нь сэтэлж, хурууг нь булгалж авахаар дайрч байгаатай л агаар нэг болчихоод байна шүү дээ.

Якутууд мөнх цэвдэгт сайтар хадгалагдсан арслан зааны тугалыг шилэн ханатай хоргонд хийгээд, лифтээр доош буун үзэж сонирхдог жуулчдын сонирхлыг ихээр татдаг газар болгосон нь Оросын телевизээр гарч байсан. Манайд ч аливаа түүхийн дурсгалт олдвор, нөгөө батаар Динозавр зэргээ байшин дотор үзүүлэх бус байгаль дэлхий дээр нь үзүүлдэг болгох боломж бий.

-Гацууртын орд газар Хүннү гүрний түүхийн асар үнэт олдворуудаас гадна байгалийн төгс үзэсгэлэн бүрдсэн байгальтай. Хэрэв уг газрыг ашигласны дараа тэр унаган байгаль сэргэх боломж ямар байгаа вэ. Та оюутан байхдаа Ноён ууланд очиж дадлага хийж байсан гэдэг?

-Ноён-Уул бол байгалийн төгс үзэсгэлэн бүрдсэн газар. Энд Гацуурт, Сүжигт, Баавгайт, Балж, Будан гээд олон гол гарам урссан, битүү хөвч төрөл бүрийн модтой, цэцэг жимс алагласан нүд баясгаж, сэтгэл сэргээсэн ховорхон байгальтай. Ноён- Ууланд ой мод, бут сөөг, өвс ногооны хамгийн их төрөл зүйл байдаг учраас ХААИС- ийн ургамал судлалын дадлага хийдэг газар байсан.

Би оюутан байхдаа тэнд ургамлын аж ахуйн дадлага хийж байлаа. Нэгэнт Сентерра гоулд компанийг алт ухахыг зөвшөөрвөл Ноён-Уулын түүх археологийн алтаар үнэлж боломгүй нандин сайхан бүхэн устаж үгүй болно. Ноён-Уул гэж нэр түүхэнд л үлдэх байх.

-Алтыг ухахдаа ямар арга ашиглах вэ. Булш бунхан археологийн өлгийгөөс зайтай гэж дуулдах юм?

Үндсэн ордын алтыг ил болон далд аргаар олборлодог юм байна. Ноён-Ууланд алт ухахдаа ил аргаар ухах буюу доошоо 200-300 м ухаж авна гэж хэлж байгаа. Тийм гүн ухахдаа газрыг задгай шаталж тэлбэл ямар их газар, байгаль орчин, ой мод сүйтгэх нь ойлгомжтой юм. Сентерра гоулд компани Ноён-Уулын хоёр өндөр оргил болох 1722м, 1759 м-ийн хооронд 2300 га лицензийн талбай эзэмшдэг. Ердөө 303 га газарт нь алт ухна гэнэ.

Нэгэнт ухаад эхэлчихвэл цааш нөөцөө нэмэгдүүлж ухах нь ойлгомжтой шүү дээ. Гацууртын ордыг Гацууртаар нь нэрлэхгүй, Сүжигтэйн хагарал гэж нэрлэжээ. Тийм нэр өгч байгаад Сүжигтэйг ухахааар зураг харагдаж байна. Ноён-Уулын эргэн тойронд эртний бунхан, онгон олон байдгийн дийлэнх нь Сүжигтэйд байдаг юм. Түүхийн үнэт өвөөс алслагдсан гэж хэлж болохгүй.

Ноён-Уулыг бүхэлд нь ухаж сүйтгэх гэж байна. Энэ ухалт, цөлмөлт мөнх цэвдэгт нөлөөлнө Үндсэн ордыг олборлохдоо тэсэлж, дэлбэлж чулуулгийг нь авч ашиглана. Тэгэхээр тэр их доргилт, малталт археологийн үнэт зүйлс хадгалж байгаа онгон бунханд нөлөөлж устана.

-Саяхан УИХ-ын гишүүд болон эрдэмтэд Ноён- Ууланд газар дээр нь очсон гэсэн. Ямархуу дүр зураг угтав?

Тиймээ. Өнгөрөгч амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл бид, археологич Д.Эрдэнэбаатар, түүХийн ухааны доктор, төрийн соёрхолт Батсайхан, Уул уурхайн яамныхан газар дээр нь очиж ажиллаад ирлээ. Миний хувьд лицензтэй талбай нь Ноён-Уулаасаа зайдуухан бөгөөд археологийн ойгон бунхнаас хол зайтай байвал ашиглахад ч яахав гэсэн бодолтой байсан.

Гэтэл газар дээр нь яваад очиж танилцсаны дараа ийм асуудал яавч байж болохгүй гэдгийг сайтар ойлгосон. Эрдэмтэн судлаачид, ард иргэдийн санал бодлыг ч сонслоо. “Ноён-Уулаа ухуулах устгуулах шийдвэр гаргавал Монгол төрд ухааны дархлаа байхгүй болжээ гэж хэлэхээс өөр үг алга.

Арай ч тийм шийдвэр гаргахгүй байлгүй” гэж эрдэмтэн докторууд ярьцгааж байна. Нэг хэсэг нь Ноён-Уулаа хамгаалалтад авч, дэлхийн соёлын үнэт өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д санал явуулчихаад байхад дээгүүрх эрх мэдэлтнүүд ухна, сүйтгүүлнэ гэж ярьж байх юм.

-Сентерра гоулд компани өмнө нь 10 жил Бороо гоулдыг ашиглана гэж байсан ч татваргүй таван жилийнхээ хугацаанд бүх алтыг нь ухаад явсан гэх гомдол их байдаг. Хэрвээ уг орд стратегийн ордод хамрагдаж ашиглуулбал тэгэхгүй гэх баталгаа бий юу?

Энэ компани алт ухах, бага татвартай авах тал дээр гаршсан. Бороогийн 56 тонн алтыг 10 жилийн гэрээ хийгээд эхний татваргүй таван жилдээ дийлэнхийг нь ухаж гадагшаа гаргасан. Өнөөдөр Ноён-Ууланд 70 тн алт. Мөн Дорнодын Цагаан- Овоо суманд 30 тн ухахаар ТЭЗҮ бэлдээд байна. Ноён- Уулын буюу Гацууртын алтыг ухна гэснээс Цагаан-Овоогийн ордыг стратегийн ордод хамруулаад Монгол Улсад өгөх хувийг нь өгөөд ашиглаж болно шүү дээ.