Т.Эрдэнэчимэг: Тусгай хамгаалалттай газар нутагт "Хамтын менежмент"-ийг хэрэгжүүлнэ
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг
2014.06.06

Т.Эрдэнэчимэг: Тусгай хамгаалалттай газар нутагт "Хамтын менежмент"-ийг хэрэгжүүлнэ

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

- Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн найрууллаа.  Цаг үеийн ямар шаардлагын улмаас хуулийг шинэчлэх хэрэг гарав?

Монгол улс нь ховор, ховордсон амьтан, ургамалтай газар, байгалийн өвөрмөц тогтоцтой болон түүх соёлын дурсгалт газруудыг тусгай хамгаалалтад байлгаж байгалийн тэнцвэрт, онгон дагшин байдлыг хойч үедээ үлдээх төрийн бодлоготой. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт, байгалийн баялагт дөрөөлсөн эдийн засгийн чиг хандлагаас болж байгалийн нөөц жил ирэх тутам хомсдож байна. Түүнээс гадна Монгол орны байгаль тун эмзэг экосистемтэй. Үүнтэй холбоотой тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) ач холбогдол улам нэмэгдэж байна. Энэ мэт шалтгааны улмаас хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай боллоо.

Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ

ТХГН-ийн тухай хууль анх 1994 онд батлагдаж, түүнээс хойш найман удаа бага хэмжээний өөрчлөлтүүд орж байсан. Гэхдээ өнөөгийн ТХГН-ийн менежмент, санхүүжилт, удирдлагыг ард түмний ашиг сонирхол, хамгаалах түвшинд нийцүүлж өөрчлөлт хийж чадаагүй.

Одоогийн мөрдөгдөж буй хуульд хэд хэдэн дутагдал бий. Тухайлбал санхүүжилтийн асуудал. Монгол улс олон улсын өмнө хүлээсэн үүргийн дагуу ТХГН - ийнхаа хэмжээг нэмсээр нийт газар нутгийн 17,27-ийг эзэлдэг боллоо. Хүлээсэн үүрэг ёсоор 30 хувьд хүргэх учиртай. Нэмэгдэхийн хэрээр шинэ хамгаалалтын захиргаадыг байгуулна. Гэвч захиргаадад өгч буй төсвийн 95 хувь урсгал зардал болчихдог. Гэтэл ТХГН-т хамгаалалт, аялал жуулчлалын дэд бүтцийг бүрдүүлэх, биологийн төрөл зүйлийг хадгалах, шаардлагатай судалгаа шинжилгээ, хяналт мониторинг хийх мөнгө хэрэгтэй шүү дээ. Ийм ажлуудыг ТХГН-ийн захиргаад төлөвлөгөөндөө тусгадаг ч санхүүжилт байдаггүй.

Шинэ хуулийн төсөлдөө бид ТХГН өөрөө мөнгө олох санхүүжилтын олон боломжийг судалж үзээд оруулж өгсөн.

- Эдгээр боломжуудын талаар та ярихгүй юу?

Олон улсын жишгээс харахад санхүүжилтийг улсын төсвөөс өгдөг. Гэхдээ Хятадын жишээг аваад үзвэл төсвөөс гадна ТХГН-ийн захиргаа өөрөө санхүүжилт олох боломж нь хуулиараа нээлттэй байдаг. Тухайлбал нэвтрэх цэгийн хураамж гэж авдаг. Энэ хураамжийн хэмжээ 220 юань. Харин Монголд ердөө 300 төгрөг авдаг. Энэ хураамжийг өндөрсгөж орлого бүрдүүлэх боломж бий.

Зөвшөөрөлгүй мод огтлох, ан агнах зэрэг хууль бус үйлдэлд оноодог торгууль үнэхээр бага.

Түүнчлэн ТХГН-т аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл өгдөг. Гэвч тэр газрын татвараас нэг ч төгрөгийг тухайн ТХГН-ийг хамгаалах ажилд шууд утгаар зарцуулдаггүй. Улсын төсөвт төвлөрдөг. Тиймээс бид энэхүү орлогын ядаж 30 хувийг ТХГН-таа зарцуулья гэсэн заалтыг оруулсан.

Мөн зөвшөөрөлгүй мод огтлох, ан агнах зэрэг хууль бус үйлдэлд оноодог торгууль үнэхээр бага. Байгальд асар их хор хөнөөл учруулж буй этгээдүүдэд өндөр торгууль тавих хэрэгтэй.

Эко систем гэдэг бол шууд бус замаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд асар их ач тусыг авчирдаг. Тиймээс улсын төсвөөс өгдөг мөнгийг дэлхийн жишгийг дагаж нэмэгдүүлэх ёстой гэсэн санаа ч байна.

Түүнээс гадна шууд мөнгөн утгаар бус хамгаалалтын арга барилаа шинэчлэх зам бий. Тодруулбал хамгаалалтад авсан гэхээр л тухайн газрыг орон нутгаас таслаад авчихдаг юм шиг хүмүүс ойлгодог. Гэтэл улс бол улс шүү дээ. Заавал хамгаалалтад авна гэлтгүй тухайн ТХГН-т амьдарч буй иргэд, ААН-ийн хариуцлагыг хуульчилж, орон нутгийн иргэд өөрсдөө хариуцдаг механизмыг бид хуулийн төсөлд тусгасан. Нэг үгээр хэлбэл “Хамтын менежмент” гэсэн зүйлийг хэрэгжүүлнэ. Энэ талаар бүтэн бүлэг оруулж өгсөн. Жишээ болгож Хустайн нурууг гэрээгээр хамгаалдаг ТББ-ыг ярьж болно. Энэ бол үр дүнгээ сайн өгч байгаа ажил. Энэ байгууллага төрөөс санхүүжилт авдаггүй.

- Орон нутгийн захиргаад ТХГН-ийн үйл ажиллагаанд оролцох байдал өөрчлөгдөх үү?

Одоогоор орон нутгийн захиргаадын үүрэг асар их байгаа. Гэхдээ хийж буй ажил нь маш хангалтгүй. Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, нөөц газар, дурсгалт газар гэсэн ТХНГ-ийн дөрвөн ангилал бий. Нөөц газар, дурсгалт газар, мөн орон нутгийн ТХГН-ийн хамгаалалтыг орон нутаг хариуцдаг. Гэтэл хамгийн муу хамгаалалттай газрууд нь нөөц газар, дурсгалт газар, орон нутгийн ТХГН. Гэхдээ сайн хамгаалалттай цөөн газар бий. Энэ асуудлыг судлаад үзэхээр буруу нь хүмүүстээ биш голдуу хуулиндаа байдаг. Өөрөөр хэлбэл хуулиар орон нутагт хариуцуулсан мөртөө ямар замаар зохион байгуулах, санхүүжих шийдлийг нь тусгаж өгөөгүй. Орон нутаг зарцуулах төсөвгүй, ганцхан байдаг байгаль хамгаалагч нь энэ ажлыг хийж хүчирдэггүй. Үүнийг шийдэх арга замыг ч бид хуулийн төсөлд тусгасан.

- Хамтын менежментэд хувийн хэвшлийнхэн оролцож болох уу?

Болно. Ер нь хувийн хэвшил, иргэн, нөхөрлөл, ТББ-ууд гээд олон субъектууд тодорхой гэрээний үндсэн дээр ТХГН-ийн менежментийг хариуцаж болно. Гэхдээ энэ маань ТХГН-ийг өмчлүүлнэ гэсэн үг биш шүү дээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн бүтэц

Гэхдээ манай хуулинд нэг төвөгтэй асуудал бий. Хувийн хэвшил ТХГН-ийг аялал жуулчлал, амралт сувилалын зориулалтаар таван жилийн хугацаанд ашиглаад шаардлагатай бол хугацаагаа сунгадаг. Сунгахгүй гэвэл тухайн газрыг онгон байдалтай нь улсад эргүүлж өгөх ёстой. Гэтэл манай холбогдох хуулинд ТХГН-т хувийн хэвшлийнхний бий болгосон хувийн өмчид халдаж болохгүй гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл ТХГН-т тухайн компаний барьсан байшинг яах вэ гэдгийг нь хуулинд зааж өгөөгүй. Ингээд хугацааг нь сунгахаас өөр аргагүй болдог. Харин дэлхийн практикт, ялангуяа Хятадад ТХГН-т буй хувийн өмчийг нүүлгэж, газрыг чөлөөлөх хэрэгтэй бол төр тухайн үеийн зах зээлийн ханшаар нөхөн төлбөр өгдөг. Ийм зохицуулалтыг бид хуулийн төсөлд суулгаж өгсөн.

- Тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг өөрчилж талбайг нь багасгах тохиолдлууд байдаг. Үүнийг яаж зохицуулах вэ?

Талбайг нэмж өөрчилнө үү гэхээс хасч өөрчилнө гэсэн ойлголт цаашид байхгүй. Өмнө нь бид хилийн заагийг өөрчлөх нэрээр хасч, ТХГН-аас чөлөөлдөг байсан. Жишээ болгож Тэрэлж тосгоныг нэрлэж болно. Эцэстээ ямар ч ТХГН-ийн шинжгүй болчихсон, талхлагдаад дуусч байна. Олон улсын практикт нэмэхээс биш хасдаггүй.

- Богд хан уулын Зайсангийн амны асуудлыг яах вэ?

Нэгэнт хууль зөрчөөд олон өрх суурьшчихсан, барилга байшин барьчихсан учраас тусгай хамгаалалтаас гаргачихья гэж болохгүй. Гаргачихвал бусад нь барьцаад эхэлнэ шүү дээ. Тиймээс бид Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргахгүй гэсэн байр сууринаасаа ухрахгүй. Харин 1994 оны хууль гарч Богд хан уулыг тусгай хамгаалалтад авахаас өмнө тэнд амьдарч байсан айл өрхүүдийн асуудлыг шийдэхийн тулд хуулиндаа тусад нь Богд хан уулын хязгаарлалтын бүсийн дэглэмийг боловсруулж Засгийн газраар батлуулах зохицуулалтыг хийнэ. Гэхдээ нэмж айл бууна гэсэн ойлголт байхгүй.