Гишүүд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авахаа зарлалаа
Ноён уулын орд газрыг стратегийн орд болгож буйг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөний зарим гишүүд өнгөрсөн пүрэв гарагаас хойш нойтон өлсгөлөн зарлаад байгаа юм.
Иймд УИХ-ын зарим гишүүд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл санаачилжээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Арвин, Л.Болд, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Оюунгэрэл нар хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт өнөөдөр хүргүүлж буйгаа танилцууллаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан С.Ганбаатар, Х.Болорчулуун нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Улс гүрнүүд төр улсынхаа түүхтэй холбоотой түүхэн дурсгал, эд өлгийн зүйлүүд, хөшөө дурсгалд маш болгоомжтой ханддаг.
Өнөөдөр өвгөд дээдсийн бунхан, түүн дээр босгосон хөшөө дурсгал бидний үеийг хүртэл хадгалагдаад ирж. Хаад ноёд, алтан ургийн язгууртнуудтай холбоотой хөшөө дурсгалууд ихэвчлэн байгаа. Бид байгаа юмаа хамгаалах ёстой. Ноён уулыг хамгаалахын төлөө хатуу зогсоно” гэсэн юм.