Дорнодын дөрвөн суманд түймэр гарчээ
Хөдөө орон нутагт хаврын хуурайшилт ихтэй, хээрийн түймэр олонтаа гарч байгааг ОБЕГ-аас анхааруулж байна.
Өчигдөр л гэхэд Дорнод аймгийн дөрвөн сум, Сүхбаатар, Булган аймагт хээрийн түймэр гарсан байх юм. Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн нутаг “Шивэртийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ ОХУ-ын талаас хилийн 857-859 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ой, хээрийн түймэр орж иржээ.
Түймрийг унтараахын тулд аймгийн Онцгой байдлын хэлтсийн нэг албан хаагч, Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 10 албан хаагч, орон нутгийн 103 иргэн, нийт 126 хүн ажиллаж өчигдөр үүрээр бүрэн унтраасан байна. Мөн тус аймгийн Дашбалбар, Баянтүмэн, Чулуунхороот сумдад хээрийн түймэр гарч, онцгой байдлын албан хаагчдаас гадна сум орон нутгийн иргэдийн хүчээр унтрааж чадсан байна.
Түймрийг унтраахын тулд хүмүүс 5-11 цаг ажилласан байна.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Булган аймгийн Сэлэнгэ суманд хээрийн түймэр гарсныг онцгой байдлын албан хаагч, аврагч нар болоод сумын иргэд хамтран унтраажээ.