Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Монгол орны нийт нутгаар хуурайшилт эрчимтэй явагдаж ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг Цаг уурын байгууллагаас мэдээлж байна.
Өнөөдрийн байдлаар 2015 он гарсаар 13 аймгийн 33 суманд 50 удаагийн ой хээрийн түймэр гараад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Гарсан түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчийг эцэслэн тогтоогоогүй байгаа хэдий ч иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарч байна.
Зарим нэг томоохон түймрээс дурьдвал, Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас баруун хойд зүгт 50 км-т хээрийн түймэр гарч улмаар Дорнод аймгийн Хөлөн-буйр, Булган, Цагаан-Овоо сумдын зарим нутаг хээрийн түймэрт өртсөн байна.
Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг /сумаас зүүн хойш 65 км-т/ “Тосон” гэдэг газарт гарсан хээрийн түймэр тархан дэлгэрч, Дорнод аймгийн Матад, Халх гол сумын зарим хэсгийг хамарсан байна.
Дээрхи түймэрт 2 аймгийн 3 сумын 4 айлын гэр, байшин сууц түймэрт өртөн зөвхөн дээр дурдсан 2 түймрийг унтраахад Онцгой байдлын 63 албан хаагч 7 техник хэрэгсэлтэйгээр, орон нутгийн 229 иргэн 28 техник хэрэгсэлтэйгээр 3 хоногийн хугацаанд ажиллаж түймрийг бүрэн унтраасан.
Иймд иргэд, малчид тариаланчид, хээрийн бүсэд зорчин явагсад автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, цогтой үнс нурамыг тагтай саванд хийх зэрэг түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.