Э.Бат-Үүл: УИХ-д нэр дэвших гээд байгаа юм биш үү
Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан
2015.04.03

Э.Бат-Үүл: УИХ-д нэр дэвших гээд байгаа юм биш үү

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан Засаг дарга Э.Бат- Үүл болон нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг шүүхэд өгөхөөр нэхэмжлэл гаргалаа. Энэ талаар холбогдох албаны хүмүүсийн байр суурийг асуулаа.

Э.Бат-Үүл:

Нийслэлийн Засаг дарга

Энэ журам хэрэгжиж эхэлснээс хойш иргэд хаа хамаагүй машинаа байрлуулахаа больсон. Үнэндээ МАН-ынхан над руу дайрч байгаад албан тушаал ахидаг уралдаан байдаг. Жишээлбэл, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат намынхаа их хурлын өмнө намайг баахан гүжирдэж бичиж байгаад тушаал ахисан. Т.Аюурсайхан бас л их хуралд нэр дэвших гээд ингээд байгаа юм биш үү. Бид өөрсдөө дураараа шийдвэр гаргадаггүй. Харамсалтай нь улстөржилтөөс болж хотын хэвийн амьдрал алдагдаж байна.

Д.Батгулга:

Нийслэлийн ИТХ-ын дарга

2005 оны хууль зүйн сайдын 94 дүгээр тогтоолоор гарсан журмаар бол тухайн тээвэрлэгч, ачиж журамлах машин бүхий аж ахуй нэгж байгууллага зах зээл нийцүүлэн өөрсдөө үнээ тогтооно. Дараа нь 2007 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар үнэ тариф тогтооно гэж тусгасан. 2014 онд гарсан журмаар үнэ тарифын хувьд ямар нэг шийдвэр гараагүй, аймаг, нийслэлийн Засаг даргад энэ эрхийг өгсөн тушаал гарсан байгаа. Гэхдээ 2005 онд энэ журам хэрэгжиж эхэлснээс хойш Цагдаагийн ерөнхий газрын даргаас үнэ тариф тогтоосон ямар нэг шийдвэр гарахгүй байж байгаад 2014 оны сүүлээр 55 мянга гэсэн тариф тогтоосон. Иймд хуулиар зохицуулагдаагүй тул үнэ тарифыг яг хэн тогтоох ёстойг дахин нягталж үзэхийг нийслэлийн Засаг даргад даалгасан.

Т.Аюурсайхан:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга

Нийслэлийн Засаг даргыг шүүхэд өгч буй үндэслэл нь Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/769 дугаар захирамж гаргаж, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох, хураан авах эрх олгосон байна. Үүнийг өөрийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж ойлгож болно.

Харин нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуулиар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ гээд зохицуулсан байхад түгжихээр журам гаргасан нь хууль бус болсон юм. Тиймээс тээврийн.хэрэгслийг ачихдаа хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаа явуулж, иргэдийг хохироохгүй байхыг шаардаж байгаа